Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар яг одоо Хан-Уул дүүргийн 11-р хорооны “Ривер гарден”, “Хан хиллс” зэрэг хотхонд ажиллаж байна. Уг хотхонуудын орц, гарц нь байнгын асуудал дагуулдаг. Тиймээс “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоны гарцыг хоёр талд нь гаргах үүргийг Хот байгуулалт хөгжлийн газар болон Газрын албаны дарга нарт өгөв. Учир нь тус хотхоны оршин суугчид зөвхөн зүүн тийшээ гарах гарцтай бөгөөд энэ нь түгжрэл үүсгэх шалтгаан болдог байна.
Үүний дагуу “Хан хилсс” хотхоноос баруун зүгт нэг км автозам барих төлөвлөлт хийж батлуулахаар болжээ. Тус газрыг чөлөөлөх ажлыг яаралтай хийж, Зайсангийн замтай нийлүүлж болох судалгаа, төлөвлөлтийг хийж эхэлсэн байна. Мөн шороон даланг зүлэгжүүлж, дугуйн зам барих боломжтой эсэх судалгаа гаргана.
Түүнчлэн “Хан хилсс” хотхоноос баруун тийш 2015-2018 оны хооронд Туул голын ногоон бүс дагуу 20 гаруй байршилд газар олгочихсон байсан талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хэллээ. Харин хотын дарга холбогдох хууль дүрмийн хүрээнд тус газруудыг чөлөөлөх асуудлыг оруулж ирэхийг үүрэг болгосон юм. Тэрбээр “Иргэдийн аюулгүй байдлыг хангах, орц гарцыг нэмэгдүүлэх, нийтийн эдэлбэр газрыг тохижуулах, газар чөлөөлөх асуудлаар мэдэгдэл хүргүүлэх ажлыг яаралтай зохион байгуул” гэлээ.