“Зам тээврийн осолгүй манлай нийтийн тээврийн компани” аяны дүн гарчээ. Тээврийн прокурорын газар, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Тээврийн цагдаагийн алба, нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газартай хамтран 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс жилийн хугацаатай зохион байгуулсан аянд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 23 автобус, троллейбусын компанийнхныг хамруулсан байна. Улмаар зам тээврийн осол, хэргийг тодорхой хэмжээгээр бууруулсан “Тэнүүн-Огоо” III бааз, “Мяралзаа”, “Блюбус” компаниудад “Өргөмжлөл” гардуулсан бол “Сутайн буянт”, “Автотерминал трейд”, “Трансбус Дюц” компаниудад “Талархал” үнэ бүхий зүйлийг дурсган урамшуулсан байна.
Уг аянаар нийтийн тээврийн үйлчилгээний явцад зам тээврийн осол, хэрэг гарах, түүний улмаас иргэд зорчигчид болон аж ахуйн нэгж байгууллага хохирохоос урьдчилан сэргийлэх зорилго дэвшүүлжээ. Нийтийн тээврийн компаниуд жилийн хугацаанд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, түүнд тавигдах стандарт шаардлагыг хангуулах, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлөх шалтгаан нөхцөлийг арилгуулах арга хэмжээ авах, нийтийн тээврийн үйлчилгээнд Замын хөдөлгөөний дүрмийг чанд сахиулах, жолооч нарын сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллажээ.