ХЭҮК ( Хүний эрхийн үндэсний комисс) хоёр сарын өмнө Төв аймгийн Батсүмбэр сум дахь Ахмад настны үндэсний төвд ажиллаж, үйлчлүүлэгчдийн эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн. Улмаар хүний эрхийн зөрчил байгааг тогтоож, хууль бус үйлдлийг таслан зогсоож, алдаа гаргасан албан тушаалтанд холбогдох хуульд заасны дагуу хариуцлага тооцох талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад шаардлага, зөвлөмж хүргүүлсэн. Шаардлагад асаргаанд байгаа ахмадуудын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах, ахмад настны ангилалд хамаарахгүй асруулагчдыг тусдаа байрлуулах, асран хамгаалалтыг тогтоолгох, асруулагчдын өрөөнд зөвшөөрөгдөөгүй тавилга, хэрэгсэл ашиглахыг хориглох, ахмадын тэтгэвэр, тэтгэмжийг бэлнээр бус картаар олгодог болгох, хөгшдийн халдашгүй чөлөөтэй байх, хувийн нууцтай байх эрх, эрх чөлөөг хангах, ажлын байрны дарамтыг таслан зогсоох зэргийг тусгасан байсан.
Үүний дагуу ХНХЯ тодорхой ажлууд хийсэн байна. Тодорхой хэлбэл, ХНХЯ-наас ажлын хэсэг байгуулан тус асрамжийн газарт менежментийн баг ажиллуулжээ. Нэн тэргүүнд ЭМЯ-тай хамтран Батсүмбэр сумын Ахмад настны үндэсний төвийн ахмадуудаа вакцинжуулсан гэнэ. Мөн салбарынх нь сайд нь Ахмадын асрамжийн газарт тулгарч буй хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж, ахмадуудтай уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, 153 ахмадыг эмчийн үзлэгт хамруулжээ. Улмаар ХЭҮК-ын шаардлага, зөвлөмжийг хэрхэн биелүүлснээ тус комиссын гишүүн Б.Энхболдод газар дээр нь тайлагнасан байна. Тус ажлын хэсэг энэ он дуустал хууль эрх зүй, дотоод хяналт, ажилчдын сургалт зэрэг бусад бүх асуудалд анхаарч ажиллах гэнэ. Мөн Асрамжийн төвд байгаа ахмадуудын мэдээллийг www.ehalamj.mn системд холбож, Төрийн банк, Хаан банктай хамтран асруулагчдийн тэтгэвэр, тэтгэмж, шилжүүлэг зэрэг бүгдийг нь 100 хувь цахимжуулж, ахмадуудад карт олгожээ. Ингэснээр бэлэн мөнгөний харилцаанаас зайлсхийх, хяналт, шалгалт сайжирна. Ковидын энэ үед Ахмадууд маань гэр бүлээсээ эргэлт авах, уулзах боломжгүй байгаа учраас цахим уулзалтын өрөөтэй болгосон байна. Түүнчлэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хандаж асрамжийн төвийн эмч, асрагчдыг төрөлжүүлэх, хүн тус бүрд эмчийн нарийвчилсан дүгнэлтийг хийлгэхээр болжээ. Одоо сэтгэцийн эрүүл мэндийн өөрчлөлттэй хүмүүсийг эрүүл ахмадуудтай хамт байлгаж байгаа нь аль алиных нь эрх зөрчигдөж байгааг өөрчилж, шинэ зохион байгуулалт хийхээр төлөвлөснөө танилцуулжээ. Цаашдаа тусгай байгууламж байгуулаад, төрөлжүүлээд явах аж.