Хаврын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-өөс Богд хан ууланд алхаж байгаа иргэдэд зөвлөмж, зөвлөгөө өгөх, урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэх арга хэмжээг зохион байгууллаа. Иргэдэд зөвлөмж бүхий гарын авлагыг тараан, 100 метр тутамд ой, хээрийн түймэр болон болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх анхааруулга бүхий 50 ширхэг самбарыг байршуулжээ. Богд хан ууланд нийт 28 ам байдаг бөгөөд нийслэлийн иргэд Зайсангийн амыг ихээр зорьдог аж. Тухайлбал, ажлын өдөр 1500, амралтын өдрүүдэд 2000-3000 хүн явган алхалт хийдэг гэнэ.