Энэ хавар нийт 29.3 сая хээлтэгч малыг онд оруулжээ. Улмаар 24 сая эх мал буюу хээлтэгчийн 81 хувийг төллүүлэх төлөвлөгөөтэй байсан. Одоогоор 5.2 сая эх мал буюу хээлтэгч малын 22 хувь нь төллөөд байгаа гэнэ. Төрлөөр авч үзвэл, ингэ 14.8 мянга, гүү 23.8 мянга, үнээ 102 мянга, эм хонь 2.8 сая, эм ямаа 2.3 сая байна.
Улсын хэмжээнд 5.2 сая төл хүлээн авч, 5.1 сая төл бойжиж буй бөгөөд хаваржилтын нөхцөл байдал хэвийн, тогтвортой байгаа учир төл бойжилт 98 хувьтай байна. Мал төллөлтийн хувиар Ховд аймаг хамгийн өндөр буюу 63, Баян-Өлгий аймаг 56, Увс аймаг 53 хувьтай гарчээ. Өнгөрсөн сард болсон байгалийн гамшигт үзэгдлээс болж Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймагт хүндрэл учирч мал төллөлт оройтжээ.