Нэгдсэн үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран хөдөөгийн хүн амыг нийгмийн хамгааллын тогтолцоонд хамруулах сайн туршлагыг түгээх, танилцуулга өнөөдөр болжээ. Мөн өдөр “Хөдөөгийн хүн амын нийгмийн хамгааллын хүртээмжийг нэмэгдүүлэх нь” сэдвийн хүрээнд боловсруулсан тайлангийн нээлтийг цахимаар зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа оролцсон байна. Тэрбээр Монгол Улсын нийгмийн хамгааллын үйлчилгээг хөдөөгийн хүн амд хүргэж байгаа сайн туршлага, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого стратегийг танилцуулсан юм. Тухайлбал, орон нутгийн иргэд болох малчид, газар тариалан эрхлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нийгмийн даатгал, халамжийн үйлчилгээг цогцоор нь авах боломжийг бүрдүүлэн Нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлсэн гэлээ. Мөн хөдөөгийн хүн амын орлогын тогтворгүй байдлыг харгалзан сайн дурын нийгмийн даатгалын гэрээнд шимтгэлээ сар, улирал, хагас жил, жилээр сонголттой төлөх боломжийг бий болгох, мөн сайн дурын даатгалын гэрээ цахимаар байгуулах, сунгах, шимтгэлээ нийгмийн даатгалын болон банкны апп, интернэт банк, мобайл банк, Qpay систем ашиглан төлөх үйлчилгээг бий болгосон нь сайн туршлагад тооцогдож буйг онцолжээ. Дээрх цахим хэлэлцүүлэгт НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Женев, Бангкок дахь төвүүд, Ази, Номхон далайн бүсийн орнуудын нийгмийн хамгаалал, хөдөө аж ахуйн корпорац, олон улсын байгууллагуудын холбогдох төлөөллүүд оролцож харилцан санал солилцов.