“Баянгол хүүхэд хэрэглэгч” нэгдсэн арга хэмжээний удирдамжийн хүрээнд тус дүүргийн 14 хорооны, 58 тоглоомын талбайд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар:
- Тоглоомын талбайд үүсэж болзошгүй эрсдэлүүдийг тооцон үнэлгээ хийгээгүй, тэдгээрт тохирсон аюулгүй ажиллагааны заавар боловсруулж, зааварчилгаа өгч, иргэд олон нийтэд зориулсан аюул ослоос урьдчилан сэргийлэх санамжуудыг байршуулаагүй.
- Тоглоом тус бүрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа байхгүй.
- Нийт талбайн 20-оос багагүй хувь ногоон байгууламжгүй.
- Хязгаарлах бүсийн хилээс тээврийн хэрэгслийн зам хүртэлх зай зургаан метрээс ихгүй байршилд хурд сааруулагч, хүүхэд гэнэт гүйх тэмдэг, тэмдэглэгээ бүхий анхааруулах тэмдгийг харагдах орчинд байрлуулаагүй.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан стандартын шаардлага хангасан орчинг бүрдүүлээгүй.
- Харуул хамгаалалтын цэгээс 10 метрийн радиуст байрлаагүй.
- Хягалтын камер байхгүй, тоглоомын талбайн ашиглалт, арчилгаа, үйлчилгээг тухайн хүүхдийн тоглоомын талбай байрлаж буй газар эзэмшигч хариуцдаггүй.
- Ашиглалт арчилгаа, үйлчилгээг хариуцагч нь тоглоомын талбайд тавигдах норматив шаардлагыг хангуулах үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчил илэрсэн гэнэ.
Дээрх зөрчил нь сууц өмчлөгчдийн хороо, тоглоомын талбайн эзэмшигч, иргэдийн уялдаагүй ажлын балгаас үүдэлтэй хэмээн дүгнэжээ. Учир нь Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор баталсан “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын дагуу дээрх байгууллагууд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхийн тулд хамтран ажиллах ёстой байжээ.