ИБНАУ-д явагдаж буй НАТО-гийн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XII ээлжийн цэргийн баг үүргээ амжилттай гүйцэтгэсээр байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 30-нд ИБНАУ-ын нийслэл Кабул хотод алан хядагч террорист бүлэглэлүүдийн зүгээс Афганистаны олон нийтийг хамгаалах хүчний эсрэг чиглэсэн гурван удаагийн халдлага хийж, үүний улмаас 10 хүн амь үрэгдэж, зургаан хүн шархадсан гэнэ.
Монголчууд шархадсан зургаан цэргийн алба хаагчийг халдлага үйлдэгдсэн газраас татан гаргаж, хоёрдугаар шатны эмнэлэг рүү тээвэрлэх ажиллагааг амжилттай зохион байгуулсан аж. Тодруулбал, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийнхан цагийн байдлыг үнэлж, шархтан тээвэрлэсэн техникийг шалган нэвтрүүлж, нисдэг тэргэнд шилжүүлэн тээвэрлэх үүргийг богино хугацаанд шуурхай гүйцэтгэснээр шархадсан цэргийн алба хаагчдад цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлж чадсан юм.
Кабулын аюулгүй байдлыг хангах хүчний удирдлагаас Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багт гүн талархал илэрхийлсэн бөгөөд “Монгол цэргүүд сонор сэрэмжээ алдалгүй, цагийн байдлыг үнэлж, шуурхай ажилласанд баярлалаа. Цэргийн хүний гол зарчим чадварлаг үүрэг гүйцэтгэлтээс гадна сонор сэрэмж, бие даан шийдвэр гаргах чадвар байдаг. Энэхүү чадварыг Монгол цэргүүд гарамгай эзэмшиж чаджээ” гэсэн юм.
Мөн Афганистаны үндэсний олон нийтийн хамгаалах хүчний холбогч офицер шархадсан цэргийн алба хаагчдыг тээвэрлэх, шилжүүлэх ажиллагааны үед шуурхай ажиллаж, дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бүрэлдэхүүнд талархал илэрхийлжээ.