Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлагч, “Дэрэн” клубийн тамирчин А.Цасан-Охинтой бэлтгэлийнх нь дараа ярилцаж байхад “Эмэгтэйчүүдийн шигшээ баг гэхээр хүмүүс их гайхдаг. Магадгүй, бид талбайд эрчүүдээс илүү шартай, тэвчээртэй тоглодог болов уу” хэмээн өгүүлсэн. Зүүн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа Монголд 2019 онд зохион байгуулахад тэрбээр багаа ахлан тоглож, аваргын цом гардан, шилдэг тоглогчоор шалгарсан юм. Энэ спортод сэтгэл зүрхээ зориулсан цаг хугацаа түүнд бага биш. Олон жил уйгагүй хичээллэсэн зүтгэл нь түүнийг амжилтад хөтөлж, “Алтан бөмбөг” атгуулсан удаатай.
-Та хөлбөмбөгөөр хичээллэдэг эмэгтэйчүүдээс хамгийн содон нэртэй нь. Шигшээ багийнхан нэрийг тань анх сонсоод гайхсан байх даа.
-Хорвоод хүн болж мэндлэхэд минь үүр хаяарч, анхны цас орж байсан гэдэг. Аавын минь хайрласан энэ нэр намайг амжилтад хөтөлсөн. Хүмүүс нэрийг минь анх сонсоод их гайхаж, лавлаж асуудаг юм. Спортын хүрээллийнхэн нэрээр минь мэддэг болжээ. Би хөлбөмбөг тоглоод 13, эмэгтэйчүүдийн шигшээ багт хөл тавиад хоёр жил болж байна.
-Софт теннис тоглодог байсан охиноо хөлбөмбөг рүү урвахад гэрийнхэн тань дуртай байгаагүй гэдэг.
-Тийм ээ, би софт теннисээр хичээллэдэг байлаа. Б.Болд багш нэг өдөр “Чи хөлбөмбөг тоглож үзэх үү” гэхэд нь сонирхолдоо хөтлөгдөөд зөвшөөрчихсөн. Талбайд бөмбөг анх өшиглөсөн тэр өдөр саяхан мэт санагдаж байна. Манайхан намайг энэ спортод эргэж буцахааргүй татагдсаныг хараад “Эмэгтэй хүүхэд юу гэж хөлбөмбөг тоглох юм бэ” гээд эхэндээ таатай хүлээж аваагүй. Надад тэр үед ойр дотнын минь хүмүүс “Чи ирээдүйгүй спортоор хичээллэж яах юм, амжилт гаргахгүй. Жүдо, чөлөөт бөх, волейбол сонирхооч” гэхэд нь “Үгүй ээ, би хөлбөмбөг тоглох дуртай, өөрийнхөө хүсэл, сонирхлоор явна. Амжилт гаргах, эсэхийг цаг хугацаа харуулна” гэдэг байв. Бэлтгэл хийхээр өдөр бүр явахыг минь аав, ээж хараад сүүлдээ ойлгодог болж “Бид чиний хүсэл, сонирхлыг дэмжье. Харин хичээл, номоо орхиж болохгүй шүү” гэсэн. Гэрийнхэн минь хүлээн зөвшөөрсөн тэр өдөр тамирчин болох шийдвэр гаргаж байлаа. Түүнээс хойш саад бэрхшээлтэй тулгарах үед шантрахгүйг хичээж, зөвхөн урагшлах тухай боддог болсон. Хааяа нэг халгах үед дасгалжуулагч багш нар “Ялихгүй бэрхшээлээс болж, дуртай спортоо орхиж болохгүй, үүнээс хэцүү зүйлтэй тулгарвал чи яаж туулах юм. Тамирчин хүн сөхөрдөггүй юм шүү дээ. Амжилт тосож авах гээд хүлээж байна гэж бод. Чи залуу хүн, сурах зүйл их бий” гэж зоригжуулж, буцаан авчирдаг байв. Манайхан одоо миний хамгийн үнэнч хөгжөөн дэмжигч. Тэмцээн дөхөхөөр “Бид ямар ажил амжуулах вэ, маргааш юу хийх вэ” гэж байнга асуудаг.
-Шигшээ багт хөл тавихдаа ямар бодолтой ирж байв. Өөртэйгөө хамт тоглох үеийнхээ охидыг хараад баярласан уу?
-Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийг 2019 онд байгуулахад би ирсэн. Олон багийн тоглогч нийлэхэд эхэндээ эвгүй санагдсан ч удалгүй нэг хүн шиг болсон юм. Багийнхантайгаа бүх зүйлийг шинээр эхлүүлсэн тэр өдрийг ер мартдаггүй. Бид “Эх орныхоо нэрийг заавал гаргана” гэж хүсэл, зорилгоо нэгтгэснээс хойш олон саадыг туулж, ард нь гарчээ.
-2019 онд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудыг Монголд анх удаа зохион байгуулсан. Тэмцээний талаар сонирхуулж яриач.
-Шигшээ баг бүрдсэний дараах бидний анхны томоохон тоглолт байсан болохоор догдлохоос илүү түгшсэн. Толгойд минь хожигдож болохгүй гэсэн ганцхан бодол эргэлдэж байлаа. Бид тэмцээний өмнөх орой сэтгэлээ аль болох хямраахгүйг хичээж, өөдрөг зүйл ярьж хоносон. Өглөө нь Төрийн дууллаа сонсчихоод тоглолтын талбай руу хөдөлсөн дөө.
-Манай эмэгтэйчүүдийн шигшээгийнхэн Умард Марианы багтай тоглож, анхны тэмцээнээ хожлоор эхлүүлж байсныг санаж байна.
-Би тэр тэмцээнд багаа ахалсан юм. Биднийг дэмжихээр олон хүн ирснийг хараад эхэндээ сүрдэж, эмээсэн. Манай тамирчдад тэр үед нутгийн дэвжээ, цаг агаар их дэм болсон шүү. Дулаан уур амьсгалтай орны тамирчид манай орчинд дасаж, тоглох амар байгаагүй. Бид ч нөхцөл байдал, цаг хугацааны давуу талыг ашиглаж, хожихыг л бодсон. Талбайд гарах гэтэл нэг л айдас төрөөд болдоггүй. Өөртөө “Би багаа ахлан тоглох гэж байж сандарч буйгаа тамирчдадаа харуулж болохгүй. Намайг ийм байдалтай тогловол манайхан амжилт гаргахгүй. Биднийг хөгжөөн дэмжихээр ирсэн олны урмыг хугалж болохгүй шүү дээ” гэж хэлээд гарсан. Өмнөх тоглолтод манай эрэгтэйчүүдийн шигшээ баг эсрэг талаа хожсон нь биднийг зоригжуулсан л даа. Манайхан Умард Марианы багтай тоглохдоо эхний үед учраа олохгүй сандарсан ч, тоглолтын явцад арга барилыг нь мэдэж, тактик боловсруулан бүх зүйлээ шавхсан шүү. Талбайд шүүгчийн сүүлчийн шүгэл дуугарч, бүгдээрээ онооны тавцан руу харахад Монгол гэсэн бичиг гартал хөгжөөн дэмжигчид баярлаж, суудлаасаа хашхираад л боссон. Эсрэг багаа 3:2-оор хожиж, түүхэн ялалт байгуулсан бидний өмнө Төрийн дуулал эгшиглэхэд өөрийн эрхгүй огшиж, баярын нулимс унагаж билээ. Тамирчин хүн ялалт байгуулчихаад шагналын тавцанд тэргүүнээ өргөж бардам зогсдогийг тэр үед их мэдэрсэн.
-Багш нар тань хожил руу хөтлөхийн тулд ямар зөвлөгөө өгсөн бэ?
-Эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан дасгалжуулагч Ц.Ганболд, Ш.Баянжаргал багш нарын удирдлагад бэлтгэл хийж тэмцээнд оролцсон. Багш нар минь “Хожихын төлөө бүгдээрээ хичээ. Тоглолтын явцад айлын алдаан дээр ажиллахыг бодоорой. Эсрэг багтаа сул талаа харуулахгүй, сөрөг довтолгоо хий” гэж зөвлөсөн. Бид эсрэг багийнхнаасаа олон давуу тал олж харсан юм. Тоглолт өндөрлөсний дараа бичлэгээ үзээд гурван сар бэлтгэл хийсэн бидэнд туршлага дутсаныг анзаарсан. Тэдэн шиг олон жил бэлтгэл хийж, тоглосон бол бид үүнээс ч илүү амжилт гаргах байлаа. Эсрэг багийнхны хамгаалалт, довтолгоо, бөмбөг шилжүүлэлт, хурд, техник сайн байхаас гадна нэгнээ мэдэрч тоглох мэдрэмж өндөр байв. Насны хувьд биднээс дүү болохоор маш хурдтай тоглож давуу талаа харуулсан.
-Харин та охидоо хэрхэн зоригжуулж, анхаарлыг нь тоглолт руу хандуулав?
-Манайхан анх удаа тоглосон болохоор үзэгчдийн хашхирах чимээнд анхаарал нь сарниж, тоглолтоо гаргаж чадахгүй байлаа. Багийн ахлагчийн хувьд охиддоо “Тоглолтын талбайд хэн ч ирээгүй гэж бодоод биеэ барилгүй тогло. Хөгжөөн дэмжигчдийн хашхиралдахыг битгий сонс, тоглолтдоо анхаарлаа хандуул” гэж хэлэхэд сандрахаа больж, боломж, нөөцөө гаргасан. Умард Марианы арлуудын багийн тоглогчид хоёр гоол оруулж, тоглолтын эхний хагас 2:0-ийн харьцаатай өндөрлөв. Тоглолтын хоёрдугаар хагаст манай багийнхан гурван гоол оруулснаар хожлыг өөрийн талд эргүүлж чадсан юм. Бид тэднийг 3:2, дараа нь Гуамын багийг 1:0-ээр ялж, Макаогийн багтай 0:0-ээр тэнцэж, хэсгээ тэргүүлсэн. Гуамын баг тун сайн тоглосон ч бид хожихгүй л бол хэсгээсээ гарахааргүй байлаа. Тэдний довтлогоог сайн хамгаалж, сөрөг довтолсоор хожсон. Манайхан Зүүн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний I шатны аварга баг болж, би шилдэг тоглогчоор шалгарч байлаа.
-Манайхны тоглолтыг шүүгчид жаахан дарсан гээд байдаг юм билээ.
-Монголд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад гадаадын шүүгчид шүүсэн. Адилхан ана мана үзэлцэж байхад эсрэг багт оноо өгөх жишээтэй. Шударга бус шүүхээр нь манайхан бухимдаж, шатах гээд байдаг. Тэр дундаа би түргэн зантай. Надад нөхөд минь “Та битгий уурла. Толгойгоо өргө, өөр зүйл бодоод тоглолтдоо ор” гэлээ. Биднийг бухимдангуут Ш.Баянжаргал багш “Та нар хожигдоогүй шүү. Эсрэг багийнхан нэг бөмбөг оруулах юу юм бэ. Энэ бол ялагдал биш. Сүүлчийн шүгэл дуугарахад хожлоо гэж бод. Дахиад нэг үе байна. Шүүгчээс юундаа айсан юм. Түүнийг тоглогчдын нэг гэж бод. Урвайж бус, ур чадвараа гарга” гэж билээ. Шүүгчийн буруу шүүлтээс болж багийн тоглогчдод олон сар бэлтгэл хийсэн цаг хугацаа, хөдөлмөр, итгэл найдвар, амжилт нь ямар ч үр дүнгүй санагддаг тал бий. Манай багийг Гуамын хөлбөмбөгчидтэй тоглоход Энэтхэгийн шүүгч шүүсэн. Тэрбээр алдаагүй, зөв, шударга дэнсэлсэн. Багш багийнхаа тамирчдын зан чанарыг мэддэг болохоор хэнд нь урам хайрлаж урагшлуулах, хэнийх нь хор шарыг хөдөлгөж хурцлахаа сайн мэддэг юм.
-Багийн хожил, хожигдол өөрөөс тань шалтгаалах болохоор ахлагч байх хааяа хэцүү санагддаг уу?
-Багийн ахлагч байх амаргүй. Нөхдөө нэг зорилгын доор байлгахын тулд өөрийгөө маш их дайчилна. Хүн бүрийн зан чанар адилгүй, нэг гэр бүл шиг болоход тодорхой хугацаа шаарддаг. Тамирчидтайгаа арай гэж ойлголцож байтал зарим нь ар гэрийн байдлаас болоод үлдэх үү, явах уу гэсэн сонголттой тулгардаг. Тэр бүхнийг зохицуулахын тулд гэрийнхэнтэй нь ярилцахаас өгсүүлээд нөхдийнхөө эрүүл мэнд, нойр, хоол, сэтгэл зүй, бэлтгэл сургуулилалт, амралт гээд олон зүйлд санаа тавих хэрэгтэй болно. Багийн гишүүдийн уур амьсгал ямар байх нь ахлагчаас ихээхэн шалтгаалдаг. Одоо бол охидынхоо үйл хөдлөл, харцыг хараад сэтгэл зүй нь ямар байгааг мэддэг болсон. Гэр бүлд нь ямар нэгэн асуудал тулгарвал багийнхантай ярилцаж, чадахаараа туслахыг хичээдэг. Миний хувьд өөрийн ажлаас гадна хамт олныхоо бүх зүйлийг амжуулах гэж нуруун дээрээ олон ачаа үүрдэг тал бий. Гэхдээ энэ бүхнийг хэцүү гэж хэзээ ч шантарч байгаагүй. Аль болох арга эвийг нь олж, нөхөдтэйгөө хамт урагшлахыг боддог. Би багтаа хагас хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж, төвийн байрлалд багаа найруулан тоглодог юм. Хагас хамгаалагчаас тоглолтын техник маш их шаарддаг. Эсрэг багаас ирэх довтолгооны бөмбөгийг хамгаална, дамжуулна гээд надаас шалтгаалах олон зүйл бий. Хожихын тулд айлынхны шарыг нь малтаж, бухимдуулах “хор” найруулдаг хүн дээ. Олон жил тоглосон гээд туршлагадаа найдаж болохгүй. 13 жил хөлбөмбөг тоглосон надад одоо ч гартаа оруулж чадаагүй зүйл бий.
-Өнгөрсөн жилийн лигийн тоглолтуудад охид тань өөр, өөр багт тоглож, тантай өрсөлдөж байгаа харагдсан.
-Тийм ээ. Эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид өнгөрсөн жилийн зун болсон лигийн тоглолтуудад өөр, өөр багт тоглосон. Монголд одоо тааруухан тоглодог баг бараг байхгүй. Тиймээс баг болгонд тоглосон хөлбөмбөгчид нэгнийхээ тоглох арга барилыг мэднэ. Шигшээ багт тоглодог нөхөд минь өөр багт тоглохоор миний өрсөлдөгч болдог. Эсрэг багаа хожихын тулд би ч бас тактик боловсруулна. Бид энгийн үед сайхан нөхөрлөдөг ч тоглолтын талбайд бол хүчтэй өрсөлдөгч.
-Та өмнөд хөршид багш дасгалжуулагч мэргэжлээр суралцсан байх аа?
-Тэгсэн. ӨМӨЗО-ы Хөх хотод хөлбөмбөгийн сургуульд суралцаж төгссөн. Тэндээс олон зүйл сурсан. Надад бодож, зорьсон зүйл их бий. Эхнээсээ биелж байна. Алхам алхмаар урагшлахад зорьсон зүйлийнхээ ард гарна гэж боддог. Миний дуртай спорт хөлбөмбөг болохоор зодог тайлах гэж яарахгүй.