Хөвсгөл аймгийн Ханх сумд өчигдөр 08.01, 08.22 цагт хоёр удаагийн газар хөдлөлт болсон тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Одон орон, геофизикийн хүрээлэнгээс энэ талаар тодруулахад “Ханх сумд гуравдугаар сарын 31-ний 08.01 цагт 5.7, 08.22 цагийн үед 4.1 магнитудийн хүчтэй газар хөдлөлт болсон. Эдгээр нь энэ оны нэгдүгээр сарын 12-ний 05.22 цагт болсон 6.5 магнитудийн хүчтэй газар хөдлөлтийн давталт юм. Нэгдүгээр сараас хойш Ханх суманд 3.5-аас дээш магнитудтай 185 удаагийн газар хөдлөлт болсон” хэмээн мэдээлсэн. Тэгвэл өчигдөр 14.42 цагт Ханх сумын Хороо багийн Хачим, 15.24 цагт Адуун гэх газар тус тус 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Хөвсгөл аймгийн Засаг дарга “Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй” хэмээн мэдээлжээ.