Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич нар орон нутгийн иргэд, малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх төсөлд өчигдөр гарын үсэг зурлаа. Эл төслийг Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд аймагт хэрэгжүүлснээр малчид, орон нутгийн иргэд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг сурахаас гадна хийсэн бүтээгдэхүүнээ борлуулан, өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх боломжтой хэмээн хоёр талын төлөөлөл үзлээ. Мөн орон нутгийн бодлого, төлөвлөлтөд бэлчээр ашиглалт, хамгаалалт, усны нөөцийн асуудлыг тусгах аж. Төслийг 2028 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд үр шимийг нь 26 мянган өрхийн 130 мянган иргэн хүртэнэ гэх судалгаа гарчээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яам, Онцгой байдлын ерөнхий газар болон дээрх аймгуудын Засаг даргын Тамгын газар хамтран эл төслийг хэрэгжүүлэх юм байна.