Монгол Улсын Засгийн газраас 2018 онд “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Ингэхдээ иргэдийн эрх зүйн боловсрол, чадавхыг дээшлүүлэх, эрх зүйн анхан шатны үйлчилгээг иргэдэд ойртуулж хуулиар олгогдсон эрх, боломжийг үр дүнтэй ашиглах, хуулийн үйлчилгээг сайжруулах том зорилго тээсэн. “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний зөвлөл”-ийн дөрөвдүгээр хуралдаан өчигдөр болов. Уг хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Үндэсний зөвлөлийн дарга Х.Нямбаатар цахимаар оролцсон. Тэрбээр хуралдааныг нээж “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталснаас хойш хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд заасан олон зорилтот ажлыг хэрэгжүүлж ирсэн" хэмээн тод томруун хэлнэ лээ. Цаашлаад улс орон даяар "Ковид-19" цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн энэ үед энэхүү хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэгч Эрүүл мэндийн яам болон цагдаагийн байгууллагын зүгээс нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх маш олон ажилд санаачилга гарган идэвхтэй ажилласныг дурдах нь зүйтэй" хэмээн дурдсан.
Уг нь хөтөлбөрийг батлаад багагүй хугацаа өнгөрсөн. Өнгөрсөн жилүүдэд эрх зүйн мэдлэггүйгээсээ болоод иргэд алдах нь олонтоо байсныг хуульчид хэлдэг. Хорих ангийн нийгмийн ажилтан сэтгэлзүйч нар ч үүнийг баталдаг. Ойрмогхон Сүхбаатарын талбайд хэд хэдэн жагсаал, цуглаан болсон. Зарим иргэн Төрийн ордныг тойрон гороолон эсэргүүцлээ илэрхийлснийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Та мэдэж байгаа. Заримтай нь сайд өөрөө уулзсан ч биз. Бүгд л хууль болохгүй байна, хүний эрх зөрчиж байна, хуулиа сурталчилсангүй гэх агуулгатай зүйл ярьж байсан. Тиймээс бүх нийтийн эрх зүйн боловсрол дээшилсэн гэж хэлэхэд эрт байна, сайд аа. Үүний тулд “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг үр дүнтэй хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Монголын Хуульчдын холбооноос "Про боно" өдөрлөгийг жилдээ нэг зохион байгуулж, иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэгүй өгдөг. Бусдаар бол салбарын яамнаас зохион байгуулж, иргэдэд хууль сурталчлаад, гэгээрүүлээд дорвитой үр дүнд хүрсэн ажил алга.
Тийм атлаа Х.Нямбаатар сайд "Хууль зүй, дотоод хэргийн яамнаас төлбөрийн чадваргүй иргэнд үзүүлэх хууль зүйн туслалцааг зөвхөн сэжигтэн, яллагдагч гэж хязгаарлахгүйгээр төлбөрийн чадваргүй хохирогч нарт үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа" хэмээн цахим хурлын үеэр хэлсэн. Угтаа иргэдийг алдсаны дараа бус, алдахаас нь өмнө ухаж ойлгуулмаар сайд аа.
Өнгөрсөн жилүүдэд дорвитой хийсэн ажилгүй хэрнээ дээрх Үндэсний зөвлөлийнхөн “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг 2021-2022 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний төслийг баталчихна билээ. Өмнөх жилүүдэд нь тийм ч сайн үр дүн гаргаагүй хөтөлбөрөө ирэх өдрүүдэд ч хэрэгжүүлсэн нэр зүүж, үргүй зардал гаргах хэрэг байна уу Хууль зүй, дотоод хэргийн яамныхаан.