Хүний нөлөөнд хамгийн бага өртсөн, унаган төрхөө хадгалсан говь, цөлийн экосистем хэмээн дэлхийд хүлээн зөвшөөрүүлж, ЮНЕСКО-гийн шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгүүлсэн Говийн их дархан цаазат газарт өнгөрсөн өвөл олон мянган мал отроор өвөлжүүлжээ. Дэлхийд ховордсон, олон улсын болон Монголын “Улаан ном”-д бүртгэлтэй мазаалай, хавтгай, хулан, хар сүүлт, аргаль, янгир тухайн бүсэд нутагладаг учир байгаль хамгаалагчид “Ховор амьтдаа үргээчих вий” хэмээн болгоомжилж байна. Ялангуяа говийн баавгай нутагладаг Аж богд, Тост, Нэмэх дуул, Ээж хайрхан, Захуй, Зармангийн баян бүрд, Эдрэнгийн нуруу, Цагаан богдоо малын хөлд талхлуулахгүй юм сан гэж хүсэх болжээ.
“Говийн гайхамшигт амьтад” төрийн бус байгууллагын тэргүүн, амьтан судлаач Г.Довчиндорж “Швейцар улсаас ч том газар нутагтай Алтайн өвөр говьд орших Говийн их дархан цаазат газарт гарын арван хуруунд багтах цөөн тооны баянбүрд, уст цэг бий. Гадаргын ус шүүрсэн тэр хэсэгхэн газраас Монгол орны сор болсон ховор амьтад ундаалдаг. Төв Азийн цөлийн хойт хэсэгт байх энэ газар зэрлэг амьтдын хувьд сүүлчийн “хоргодох байр” нь ч байж мэднэ. Гэтэл цаг хэцүү байна гэх шалтгаанаар тухайн бүсэд мянга мянган мал өвөлжүүллээ. Дайны хажуугаар дажин гэгчээр алт хайсан нинжа нар хөрс эргүүлж, газар сэндийчин, амар заяа үзүүлэхээ байсан. Ер нь Монгол орны зэрлэг амьтдад орон зай, идээшилдэг нутаг гэж бий гэдэгт эргэлзэж эхлэв . Бүх нутаг нь бэлчээрт зориулагдсан гэж үү. Зэрлэг амьтдын бэлчээр нутаг, амьдрах орчныг хамгаалуулах шаардлагагүй гэж үү. Хаа сайгүй “зэврүүн”, хүйтэн байх боллоо” хэмээн анхааруулсан.
Мотоциклтой залуус нэгэн мазаалайг элдэж буй дүрс бичлэг өнгөрсөн нэгдүгээр сард цахим сүлжээнд түгсэн нь олон хүнийг бухимдуулсан. Энэхүү дүрс бичлэг цаг хугацааны хувьд зөрчилтэй байж болох ч мазаалайн нутагт аюул нүүрлэсний дохио гэж судлаачид тайлж байна. Ичээндээ байх ёстой амьтан ийнхүү төмөр хүлэгт ээрүүлэн, ийш тийш сандчин гүйх нь амьдрах орчны дарамтаас үүдэлтэй хэмээн тэд үзжээ. Хахир өвлийг түгшүүр, дарамт дунд өнгөрүүлсэн мазаалайн сүрэг өдгөө харин хэрхэн хаваржиж буй бол. Ичээнээсээ гарсан уу. Хоол тэжээл нь хангалттай болов уу. Бэлчээр нутагт нь санаархагчид тэднийг тайван орхисон уу. Байгаль хамгаалагчид тусалж байна уу. Эдгээр асуултад хариулт авахаар Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны дарга Ч.Баярбатад хандлаа.
Мазаалайн хувьд хавар том сорилт. Амьдралын төлөөх тэмцэл, байгалийн шалгарал энэ үед л жинхэнэ өрнөдөг. Ичээнээсээ гарсан мазаалайнууд хоол тэжээл хайн олон арав хоног, алс газар тэнүүчлэн явахдаа турж эцэх, өлбөрч үхэх нь олонтоо.
Тэрбээр “Говийн их дархан цаазат газрын Атас, Баруун тооройн орчмын уулархаг нутгаас бусад хэсэгт цасгүй, дулаахан өвөл боллоо. Өнгөрсөн зун ихэнх нутаг гандуу, өвс, ургамлын гарц тааруу байсан учир бид энэ хаврын биотехниийн арга хэмжээг харьцангуй эрт буюу гуравдугаар сарын 3-16-нд зохион байгуулж, нийт найман тонн тэжээлийг мазаалайн идээшилдэг бүсэд тавилаа. Тэжээлийн савны ойролцоох автомат камерын мэдээлэл болон амьтдын ул мөрийг мөшгихөд говийн баавгай тухайн үед ичээнээсээ гараагүй байв. Шар хулс, Богц цагаан дэрс, Цагаан богд гэсэн гурван газарт тус бүр хоёр тонн тэжээлийн нөөц бүрдүүлсэн. Мазаалай ичээнээсээ гарах үед бажууна (гишүүнэ), хармаг, хөмөл ургаагүй, жижиг мэрэгч, мөлхөгч, шавж ховор байдаг учир идэш тэжээлийн хомсдол үүсдэг. Тиймээс энэ эрсдэлээс өрсөж биотехникийн арга хэмжээг зохион байгуулдаг. Хориннэгэн цэгт байрлах 46 саванд тэжээл тавьдаг. Түүнчлэн Говь-Алтай аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийнхөнтэй хамтран үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээг сүүлийн жилүүдэд тогтмол зохион байгуулж байна. Хавтгай болон мазаалайн гол тархац нутагт байх булаг, шандын ихэнх нь хур тунадасаар тэжээгддэг учир ийм арга хэмжээ авахаас аргагүйд хүрсэн. Манай хамгаалалтын захиргаа Лондоны зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгтэй хамтран нэгэн гүн цооногийг нарны өргүүртэй болгож, амьтан ажиглах байрыг ашиглалтад оруулсан. Говийн их дархан цаазат газрын өмнөд хэсэг дэх Баруун тоорой, Атас, Шар хулс, Цагаан богдын нурууг хамарсан 198 000 га талбайд 36-50 мазаалай бий гэж үздэг ч судлаачид тогтсон нэг тоонд хүрч чадаагүй. Ямартай ч 1-2 настай 3-4 залуу бодгаль жил бүр автомат камерт бүртгэгдсэн байдаг” гэв.
Ховор амьтад болон малын бэлчээр давхацсан асуудалд ямархуу байр суурьтай байгааг түүнээс тодруулахад “Говийн их дархан цаазат газрын орчны бүсийн таван сумд өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 54 өрхийн 580 000 толгой малыг хязгаарлалтын бүс нутагт өвөлжүүлсэн. Орон нутгийн саналыг Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хүргүүлэн, сум, багийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулсны үндсэн дээр ийм шийдвэр гаргасан юм. Мөн байгаль хамгаалагчид малчин өрхүүдтэй гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь анхаарал тавьсан. Задгай уст цэгийн долоон км-ээс дотогш хэсэгт айлуудыг буулгахгүй, малаа бүрэн вакцинжуулж, гэрээнд тусгаснаас өөр бүсэд нэвтрүүлэхгүй байхаар тохиролцож, бэлчээрийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас энэ сарын 15 хүртэл ашиглууллаа. Сумын удирдлага, малчид гэрээг маш сайн биелүүлсэн. Цагаан богд орчмоор мал өвөлжүүлээгүй. Харин Ширээ гашуун хүрэн дэл, Бэлгэх булаг, Хуцын шанд, Эхийн гол орчмоор малчин өрхүүд нутагласан. Одоогоор малчид дархан цаазат газрыг бүрэн чөлөөлсөн. 10 орчим айл Эхийн гол орчимд бий. Энэ хэсэг бол байнгын оршин суугчтай, цөөн тооны айл хүнсний ногоо тариалдаг бүс” хэмээн ярилаа.
Манай улс Хятадын Засгийн газрын тусламжтайгаар 2018 оноос “Мазаалай баавгайд техникийн туслалцаа үзүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Цар тахлын улмаас төсөл тасалдаж, зогсоход хүрсэн гэсэн мэдээл түгээд байгааг Ч.Баярбат үгүйсгэлээ. Тэрбээр “Эл төслийг 2021 онд дуусгахаар төлөвлөсөн ч дахин нэг жилээр сунгасан. Цаг үеийн нөхцөл байдлаас болоод өмнөд хөршийн судлаачид говьд ажиллах боломжгүй болсон ч монгол мэргэжилтнүүд судалгаагаа үргэлжлүүлсээр байна. Хоёр улсын хамтарсан баг мазаалайн амьдрах орчны загварчлал боловсруулан, нөөцийг үнэлж, баянбүрд, уст цэгүүд дэх голлох идэш тэжээлийн бүлгэмдэл, биомассыг тодорхойлох зорилготой. Энэ үр дүнгээс хамаарч төслийн II шатыг хэрэгжүүлэх, эсэх нь тодорхой болно. Тус төслийнхөн Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчдыг судалгааны тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж, хээрийн гурван байр байгуулсан. Мөн газрын гадаргын тогтоц, хур тунадас, цаг уурын өөрчлөлтийн мониторинг хийх гурван автомат станцыг байгуулснаар байгаль хамгааллын арга хэмжээг оновчтой зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн” гэж дурдав.