Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр сүүлийн жилүүдэд ихээхэн доройтож, экологийн тэнцвэр нь алдагдаж буй хээрийн бүсийн ач холбогдол, үнэ цэнийг сурталчлах зорилготой уралдааныг Дэлхийн байгаль хамгаалах сан, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байна. “Хээр ба зээр” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд дээрх гурван аймгийнхан оролцох бөгөөд X-XII ангийн сурагчид, насанд хүрэгчид гэсэн хоёр ангилалд шилдгүүдийг тодруулах аж.
Хээр талд янзагаа хөхүүлж буй зээр чихээ байдгаараа сортойлгож, нүдээ бүлтэлзүүлжээ. Түүний эргэн тойронд таван хошуу мал идээшилж, машин техник сүлжилдэн, төмөр замын өргөст тор сэртийж, түймрийн гал дүрэлзэх аж. Ийм зохиомж, дүрслэл бүхий зургийг өөр өөрийнхөөрөө тайлж уншин, гол санаа, агуулгыг нь эсээндээ шингээх даалгаврыг зохион байгуулагчид оролцогчдод өгсөн юм.