Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, “2023 онд Улаанбаатар хот шинэ төв цэвэрлэх байгууламжтай болно. Цаашид хүн амын төвлөрөл, суурьшлаас хамааран 16 аймагт цэвэрлэх байгууламж барьж буй. Тодруулбал, Францын Засгийн газрын санхүүжилтээр Эрдэнэт хотод цэвэрлэх байгууламж барьсан. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Дархан-Уул аймагт барьж буй цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 70 хувьтай үргэлжилж байна. Эл байгууллага манай улсын 11 аймагт цэвэрлэх байгууламж барихаар болсон. Мөн Польшийн Засгийн газрын санхүүжилтээр ирэх хоёр жилийн хугацаанд таван аймагт шинэ цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөөд байна. Ингэснээр манай улсын 16 аймаг цэвэрлэх байгууламжтай болох юм. Хүн амын өсөлтийг тооцож, хүчин чадал өндөртэй цэвэрлэх байгууламж барьж буй” гэлээ.