Боловсрол, шинжлэх ухаан, Барилга, хот байгуулалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нар орон нутгийн сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг халж, ариун цэврийн байгууламж барих болон сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөөний асуудлаар өчигдөр хэлэлцүүлэг өрнүүллээ. Өдгөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг, төрийн өмчийн 812 сургууль, цэцэрлэг модон жорлонтой гэх судалгаа гарчээ. Мөн нийслэлд ийм төрлийн жорлонтой хоёр сургууль бий гэнэ. Ариун цэврийн байгууламжийг барих асуудалд хөрс, ус, эрчим хүч, дэд бүтцийн судалгаа хийх, зөв технологийг сонгох зэрэгт салбар дундын хамтын ажиллагаа чухал учир ийнхүү гурван яамны сайд уулзалт хийсэн аж. Тэд ирэх даваа гарагт эл асуудлыг намын бүлэгтээ танилцуулж, орон нутагт ариун цэврийн байгууламж барих ажлын технологийн шийдэл, байршлын судалгааг эхлүүлэх гэнэ.