МУИС-ийн профессор Ж.Батхүүтэй шинжлэх ухааны тогтолцоо, санхүүжилтийн талаар ярилцлаа.
-Манай улсын шинжлэх ухааны салбарын тогтолцоог та хэрхэн үнэлж байна вэ?
-Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд 30 жилийн өмнө шилжсэн ч шинжлэх ухааны салбарын тогтолцоог өөрчилж, шинэчлэх нь бүү хэл улам дордуулаад байна. 1990 онд нэг намын системийг халснаар улс төрийн намууд тэгш өрсөлдөх боломж бүрдсэн. Үүнтэй адил шинжлэх ухааны салбарт ч аль нэг субъект нь давуу эрх эдлэхгүй, тэгш оролцоотой болж өөрчлөгдөх ёстой. Манай улсын шинжлэх ухааны салбарын нэг субъект нь Шинжлэх ухааны академи (ШУА). Гэтэл тус байгууллагынхан өөртөө давуу байдал, монополь эрх олгосон хууль батлуулан, Засгийн газрын тогтоол, сайдын тушаал гаргуулж, эрх мэдлээ улам дөвийлгөн, салбар дахь шударга өрсөлдөөнийг боомилсоор байна. Энэ бол ардчилал, зах зээлийн нийгэмтэй аль ч улсад байхгүй зүйл. Тиймээс нэг байгууллагад давуу эрх олгосон хууль, эрх зүйн орчныг нэн даруй өөрчилж, бүх субъектэд тэгш өрсөлдөх боломж олгох ёстой. Шинжлэх ухааны салбар нь ШУА, МУИС, АШУҮИС, ШУТИС, ХААИС, МУБИС гэх мэтчилэн төрийн өмчит байгууллагаас гадна хувийн хэвшлийн их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгаа, хөгжүүлэлтийн төв зэрэг маш олон оролцогчтой. Тэгш оролцоо гэдэг нь тэгшитгэн хуваарилах, хавтгайруулах тухай асуудал огт биш. Харин шинжлэх ухааны салбарын бүх субъект нь шударга өрсөлдөөний үндсэн дээр бодит гүйцэтгэл, чадавхдаа тохирсон дэмжлэгийг төр, засгаас авахыг л хэлж байгаа юм. Шинжлэх ухаан гэхээр л ганц ШУА-иар төсөөлдөгөө больж, тэгш, шударгаар өрсөлдөх боломж олгох нь энэ салбарт хийх реформын чанартай өөрчлөлт. Ингэснээр шинжлэх ухааны салбар жам ёсоороо хөгжинө.
-Салбарын санхүүжилт хангалтгүй нь хөгжихгүй байгаагийн шалтгаан биш үү?
-Судалгааны ажлыг санхүүжүүлэх зарчмаа ч шударга өрсөлдөөн, зах зээлийн эрэлт хэрэгцээ, улс орны өмнө тулгарч буй асуудалд нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй. Эс тэгвээс улсын төсвөөс шинжлэх ухааны салбарт зарцуулдаг мөнгө үр ашиггүй урссан хэвээр байна. Жилд ойролцоогоор 40 тэрбум төгрөгийг шинжлэх ухааны салбарт төсвөөс зарцуулдаг. Чамлахаар чанга атга гэгчээр бага ч гэсэн байгаагаа үр ашигтай, зөв зарцуулах тогтолцоо руу шилжихгүй бол улсын төсвийн хоёр байтугай 20 хувийг зориулаад ч нэмэргүй. Учир нь шинжлэх ухааны салбарын хөрөнгийн ихэнхийг судалгааны ажилд биш, Засгийн газрын тогтоолоор байгуулсан эрдэм шинжилгээний хүрээлэн, төв зэрэг уян хатан бус, “хатуу” бүтцийг санхүүжүүлэхэд зарцуулж байна. Бүтцийг нь биш, улсын өмнө тулгарч буй асуудлыг шийдэх зорилгоор судалгааны төслийн сонгон шалгаруулалт явуулан, түүнийгээ санхүүжүүлдэг нь олон улсад нэгэнт тогтсон жишиг. Засгийн газрын тогтоолоор байгуулсан хүрээлэн, төвүүдийг чадварлаг, цөөн орон тооны судлаачтай болгож, тэд нар нь тодорхой хэмжээний суурь зардалтайгаас гадна өрсөлдөөн дундаас төсөл “олж ирдэг”, түүндээ хэнийг сонгон ажиллуулахаа өөрсдөө шийддэг байх ёстой. Түүнчлэн гаднын судлаач ч түрээсийн төлбөрөө төлөөд төслөө хэрэгжүүлж болох судалгааны байгууламжийн хэлбэр лүү оруулахаас өөр аргагүй. Ер нь судалгааны төсөлд хэнийг ажиллуулахыг Засгийн газар биш, төслийн удирдагч нь өөрөө шийдэх боловсон хүчний болон санхүүгийн эрх чөлөөг олгох нь зүйтэй. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүрээлэн, төвүүдийг корпорацын хэлбэрт шилжүүлнэ гэж буй нь тун цаг үеэ олсон асуудал. Японы РИКЕН, Германы Макс Планкийн институт гэх мэтчилэн алдартай хүрээлэн, төв ийм л хэлбэрээр ажилладаг. Төрийн өмчийн их сургуулиудыг ч корпорацын хэлбэрт шилжүүлэх нь зөв. Японы төрийн өмчийн их сургуулиуд бүр 2001 онд National university corporation гэх хуулийн этгээдийн статустай болсон.
-Шинжлэх ухааны хөгжлийн өнөөгийн түвшин, чадавх хэр байгаа бол?
-Монголын эдийн засаг “түүхий” байгаа нь манай улсын шинжлэх ухааны хөгжлийн түвшнийг гэрчилнэ. Судалгааны ажлын гүйцэтгэлийг архивладаг зузаан тайлан, элдэв хэргэм цол зэргээр дүгнэдэггүй. Олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн, нийгэм, эдийн засгийн эргэлтэд оруулж үр өгөөжөө өгч байгаа болон хэрэгжүүлж буй судалгааны төсөл зэрэг цөөн хэдэн шалгуур үзүүлэлтээр хэмжин, эрэмбэ чансааг нь тогтоодог. Эдгээр үзүүлэлтээр бид дэлхийд нэлээд хойгуур яваагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Олон улсын хамгийн нэр хүнд бүхий шинжлэх ухааны мэдээллийн сан болох “Web of science”-д бүртгэлтэй сэтгүүлүүдэд 2019 онд монгол судлаачид хэдий хэмжээний бүтээл хэвлүүлснийг харъя. Манай улсаас 483 бүтээл хэвлүүлсний 101 нь МУИС, 92 нь ШУА, 71 нь АШУҮИС, 35 нь ШУТИС, 18 нь ХААИС, ес нь МУБИС-ийн судлаачдынх байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын судалгааны чадавхын 60 орчим хувь нь дээрх байгууллагуудад, үлдсэн 40 орчим хувь нь бусад эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуульд байгаа гэхэд нэг их хол зөрөхгүй.
-Гадаадын орнуудад манай ШУА шиг байгууллага байдаггүй юм уу?
-Манай ШУА шиг төрийн, төрийн бус, олон нийтийн байгууллагын аль нь гэдгийг мэдэхээ больтол “мутац”-д орсон, статус нь тодорхойгүй байгууллага байхгүй. Өөрсдөдөө албан тушаал, хэргэм зэрэг, цол гуншин өгөх болохоороо төр, засгаас огт хамааралгүй гэж “жүжиглэнэ”, төрийн бус байгууллагын дүрд хувирна. Харин төсөв, нэмэлт санхүүжилт авах болохоор төрийн байгууллагад хамаарчихдаг. ШУА-ийн удирдлага байгууллагынхаа статусаа тодорхой болгож, Монголын шинжлэх ухааны салбарыг өмчлөх, төлөөлөх, цензурдэх гэсэн санаархлаа зогсоох ёстой. Манайд шинжлэх ухааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь БШУЯ юм. Гэтэл бас ШУА-ийг шинжлэх ухааны төв байгууллага гэж хуульчилсныг юу гэж ойлгох вэ. Одоо бүр ШУА нь “шинжлэх ухааны төрийн дээд байгууллага” хэмээн хуульчлахаар “хөөцөлдөж” байгаа. Үүнийг нь дэмжихгүй гэдэгт найдаж сууна.
-Дээд боловсролын зэргийг ямар байгууллага олгох ёстой вэ. ШУА-иас боловсролын зэрэг олгодог нь зөв үү?
-Олон улсын жишгээр бол дээд боловсрол нь бакалавр, магистр, докторын гэсэн гурван шатлалтай. Манай улсын дээд боловсролын тогтолцоо ч үүнтэй дүйцэж байгаа. Боловсролын зэргийг их сургууль л олгодог. Харин олгосон зэрэг нь ажлын байр, цалин, урамшууллын баталгаа болох учиргүй. Шинжлэх ухааны ажлыг зохиомол зэрэг, цолоор биш, харин тухайн судлаачийн чадвар, бүтээлээр үнэлдэг нь олон улсад тогтсон жишиг. Гэтэл ШУА шинжлэх ухааны доктор, академич гэсэн аль ч улсад байдаггүй “супер” зэрэг, цол олгодог. Эдгээр цолд нь улсын төсвөөс нэмэгдэл өгдөг. Үүнийг таслан зогсоох цагнь болсон. Ер нь ардчилал, зах зээл, чөлөөт өрсөлдөөний нийгэмд аль нэг байгууллага дураараа, өөрсдийн үзэмжээр элдэв цол, хэргэм олгож, түүнд нь улсаас хөрөнгө төсөвлөдөг байж болохгүй. Хэдий хэмжээний цалин, урамшуулал, нэмэгдэл авах нь зэрэг, цол, Засгийн газрын тогтоолоор биш, тухайн хүний ур чадвар, ажлын бүтээмжээр хэмжигдэх учиртай нийгэмд бид амьдарч байна шүү дээ.
-Боловсролын зэрэг, албан тушаал хоёрыг манайд холиод байна гэх шүүмжлэл сонссон.
-Зэрэг нь тухайн албан тушаалд тавигдах шаардлага төдий зүйл. Профессор бол их сургуульд ажилладаг хүний албан тушаалын зэрэглэл бол докторын зэрэгтэй байх нь үүнд тавигдах шаардлага юм. Дээд боловсролын тухай хуульд ч ингэж тусгасан, профессор цол гэсэн үг байхгүй. Хэнийг профессорын албан тушаалд авч ажиллуулах, хэдий хэмжээний цалин, урамшуулал өгөх нь тухайн ажил олгогч буюу их сургуулийн удирдлагын мэдэх асуудал. Гэтэл олон улсын жишигт ч, манай хуульд хүртэл байхгүй “профессор цол”, “академич цол”-ыг бий болгочихсон. Ер нь элдэв зэрэг, цол, түүнд нь нэмэгдэл олгодог Засгийн газрын тогтоол, шийдвэрийг хүчингүй болгож, албан тушаалын зэрэглэл, тухайн хүний ур чадвар, ажлын бүтээмжтэй уялдуулан ажил олгогч нь өөрөө шийддэг зарчим руу шилжүүлэх хэрэгтэй. Ингэсэн цагт элдэв зэрэг, цол авах гэж энд тэнд гүйж, “хор найруулах” биш, хариуцсан ажилдаа төвлөрч, бодит амжилт гарган, ур чадвараа дээшлүүлэхийн төлөө л зүтгэнэ. Нийгэм, хамт олны дунд ч зөв, бүтээлч уур амьсгал бүрэлдэн бий болно. Түүнчлэн сайдын тушаалаар байгуулдаг Докторын ажил хамгаалуулах зөвлөлийг татан буулгах хэрэгтэй. Олон улсын жишгээр бол докторын зэрэг олгох эрхийг их сургуулиуд нь хариуцдаг. Харин докторын зэрэг хамгаалахад тавигдах шаардлагыг сайдын тушаалаар батлах нь зөв. Хэрэв тэр шаардлагыг хангаагүй хүнд докторын зэрэг олгосон бол тухайн их сургуулийн докторын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, удирдагч багшийнх нь эрхийг хязгаарлах зэргээр буух эзэнтэй, буцах хаягтай байж, хариуцлагажуулах нь зүйд нийцнэ. Ер нь хариуцлага хүлээдэггүй, эзэн биегүй янз бүрийн комисс, зөвлөл байгуулах нь ардчилал, зах зээлийн нийгэмд байдаггүй үзэгдэл юм. Ингэсэн цагт хүн бүр докторын зэрэг хамгаалах гэж зүтгэх биш, зөвхөн сониуч зан, сонирхол, сэтгэлдээ хөтлөгдөн судалгаа хийдэг хүмүүс л эрдмийн зэрэг хамгаалдаг болно.
-Академик эрх чөлөө гэж юу юм бэ?
-Шинжлэх ухаан бол өвөрмөц салбар. Бүх судлаач нэг ижил хэв загвараар сэтгэх албагүй. Энэ хорвоо дээр амьдарч байгаа хүн бүр давтагдашгүй шинж чанартай. Товчоор хэлбэл, шинэ, содон санаа, өвөрмөц сэтгэлгээтэй судлаачдыг төрүүлэх, дэмжих орчныг л академик эрх чөлөө гэж байгаа юм. Үүнд аливаа байгууллагын эрдмийн зөвлөл, их, бага чуулган “сайн дураараа” хөндлөнгөөс оролцож, өөртөө зохиомол эрх мэдэл авах гэж оролдох шаардлагагүй. Түүнчлэн ажлын цагаа хийдүүлэх нь академик эрх чөлөө биш юм. Ямар шинэ санаа агуулсан төсөл санаачлах нь тухайн судлаачийн эрх. Харин судалгааны төслийг зарлах, сонгон шалгаруулах, хэрэгжүүлэх явцад нь хяналт тавих, үр дүнг нь хүлээж авах, эсэх нь тухайн төслийг зарласан байгууллагын шийдэх зүйл. Шинжлэх ухааны салбар бол хэн нэгний өмч бус, чадахуйн зарчим үйлчлэх ёстой шударга өрсөлдөөний талбар.