Орхон аймагт нэг иргэнээс халдвар илэрлээ. Энэ талаар Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Өнөөдөр өглөө 11:30 минутад Бүсийн оношилгоо эмчилгээний төвд сэжигтэй тохиолдол илэрсэн учир яаралтай хариу арга хэмжээний болон тандалт судалгааны багаа ажиллуулан түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад сул эерэг гарсан. Дараа нь PCR шинжилгээг аваад 16:00 цагийн үед хариу нь гарсан. Тус хүнээс коронавирусийн халдвар авсан нь батлагдсан.
Тухайн иргэнийг Халдвартын тасагт тусгаарласан бөгөөд ойрын хавьтлуудаас нь түргэвчилсэн тест болон PCR шинжилгээ авч байна. Энэ хүн "Энэрэл" төвд ажилладаг. Батлагдсан тохиолдлын хувьд "Баян" худалдааны төв, Эрдэнэт хивс, "Энэрэл" төв, 20 дугаар сургуулиар орж гарсан маршрутай байгаа ба одоогийн байдлаар ойрын болон дам хавьтлын 100 гаруй хүнээс PCR шинжилгээ аваад байна. Мөн тухайн тохиолдлын голомт нь тодорхойгүй байгаа тул Орхон аймаг улбар шар түвшний хязгаарлалт авахаар шийдвэрлэсэн" гэлээ.