“Ковид-19” өчигдрийн байдлаар нийслэлээс гадна 10 аймагт тархаад байна. Ялангуяа хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 1-нд нээснээс хойш халдвар эрчимтэй тархаж, “ногоон” бүсэд тооцогдож байсан Хөвсгөл, Төв, Завхан, Увс аймагт анхны тохиолдол бүртгэгдлээ. Түүнчлэн өмнө нь халдвар бүртгэгдсэн ч голомтуудыг хяналтдаа авч, эрүүл бүс болсон Дархан-Уул, Архангай аймагт дахин коронавирус дэгдэв. Ингэснээр орон нутагт халдвар авсан хүний тоо 382-т хүрлээ. Тухайлбал, өчигдөр Дархан-Уулд долоон тохиолдол бүртгэгдэж, шинэ төрлийн коронавирусийн халдвар дахин тархлаа. “Ковид-19” өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дотоодод тархахад тус аймагт халдвар илэрч, нийт 45 иргэн өвчилсөн. Түүнээс хойш халдвар нэмж илрэхгүй байсаар өнгөрсөн нэгдүгээр сарын 5-нд уг аймаг “ногоон” бүс болсноо зарласан билээ.
Үүнээс гадна Увс аймагт коронавирусийн анхны тохиолдлыг өчигдөр бүртгэж, хоёр иргэн халдвар авсан нь нотлогдлоо. Дархан-Уул, Увс аймагт бүртгэсэн тохиолдлуудын халдвар авсан эх уурхай буюу голомт нь нэг гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдэв. Өвөрхангай аймгийн Хужирт сум дахь “Сэмжид Хужирт” сувилалд халдварын томоохон голомт үүсэж, 12 аймагт халдвар тархаж болзошгүй гэнэ. Тус сувилалд энэ сарын 1-нээс хойш амарч, эмчилгээ хийлгэсэн иргэд 12 аймаг руу зорчсон нь тодорхой болсон бөгөөд одоогоор Дархан-Уул, Увс аймагт халдвар илэрлээ. Түүнчлэн Өвөрхангай аймагт гэхэд энэ сарын 1-нээс хойш тус сувилалд амраад, гэртээ харьсан 50 иргэнийг олж тогтоон, түргэвчилсэн шинжилгээнд хамруулахад 14-ийнх нь хариу эерэг гарсан байна. Иргэдийн оношийг баталгаажуулахын тулд лабораторийн шинжилгээ хийлгэж эхэлсэн аж. Уг асуудалтай холбоотойгоор аймгийн Онцгой комиссоос Бат-Өлзий, Хархорин, Арвайхээр, Хужирт гэсэн дөрвөн сумд энэ сарын 30 хүртэл хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ.
Мөн Завханы Тосонцэнгэл сумд “Сэмжид Хужирт” сувилалд амраад ирсэн нэг иргэнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулахад хариу нь эерэг гарсныг аймгийн ЗДТГ-аас өчигдөр мэдээлэв. Тиймээс Тосонцэнгэл сумд түр хөл хорио тогтоож, хариу нь эерэг гарсан нэг иргэн болон ойрын хавьтлынх нь 16 хүнээс сорьц авч, оношийг баталгаажуулахаар ХӨСҮТ рүү явуулжээ. Шинжилгээний хариу гарах хүртэл хөл хориог үргэлжлүүлэх гэнэ.
Ташрамд дурдахад, Завхан аймгийн Шилүүстэй сумд зургаан иргэн “Ковид-19”-өөр өвчилж, эмчлүүлж байсан. Тэд бүгд эдгэрч, эмнэлгээс гарчээ. ХӨСҮТ-ийн баг Шилүүстэйд очиж, өвчтөнүүдийг сумын эмнэлэгт эмчилсэн аж. ХӨСҮТ-өөс “Халдвар авсан иргэд эдгэрснээр манай эмч нарын баг өнөөдөр (өчигдөр) нийслэлд ирлээ” гэж мэдээлсэн юм. Аль аль аймагт хэдэн хүн “Ковид-19”-өөр өвчилснийг зурагт үзүүллээ.
Бэлтгэсэн: М.Оч