Зураач Л.Амарсанаагийн “Khan gallery”-д дэлгэсэн “Түлэгэ” үзэсгэлэн олны сонирхлыг ихэд татсаныг санаж байна. Бүтээлүүдээс нь үндэсний өв соёл харагдаж, тэртээх зууны эх түүхийг сэтгэлдээ төсөөлөхөд хүргэдэг юм. Тиймдээ ч олны нүдэнд өвөрмөц, содон тусдаг биз. Хараад ч зарим нь үл ойлгогдохоор.Тэрбээр “Уран бүтээлч хүн үндэснийхээ өв соёлыг эрхэмлэдэг байх ёстой. Байнга эрэлд хатаж, шинийг сэдэхгүй бол амархан уйдаж, хоцрогдох гээд байдаг. Бид урлагаар дамжуулж, олонд зөв бодол төрүүлэхийг зорьдог. Зураач хүн шинэ зүйл рүү тэмүүлж амьдрах ёстой. Үүгээрээ судлаачтай төстэй. Ямар ч зүйлийг хаанаас ч судалж мэдэх шаардлагатай болдог. Үзэсгэлэн гаргасан, мөн урланд маань байгаа бүтээлүүд миний судалгааны ажлын нэг хэсэг. Дүрслэх урлаг, хөгжим хоёр салшгүй холбоотой. Хааяа сонгодог аялгуу, аяз сонсоод туурвих сайхан” хэмээсэн. Түүний бүтээлүүд цаанаа л нэг өөр. Амьтай ч юм шиг. Түлээ, мод, төмөр, үртэс, холтос бидний хувьд энгийн ахуйн хэрэглээ. Харин түүний хувьд уран бүтээл нь. Тэдгээрийг тэрбээр урлаг болгожээ.
-Та АНУ-д өнгөрсөн жил нэг хэсэг амьдарсан. Тэнд музей, үзэсгэлэн галерейд дэлгэсэн гадаадын зураачдын бүтээлийг үзсэн байх. Тэдний зургийг хараад ямар бодол төрөв?
-Өнгөрсөн оны нэгдүгээр сард АНУ-д үзэсгэлэнд оролцохоор явсан. Дараа сард нь Вашингтон хотод байдаг үндэсний болон уран зургийн орчин үеийн галерей, байгалийн түүхийн, урлагийн музейнүүдийг нь үзлээ. Аливаа улс орны түүх соёл, урлагтай танилцана гэдэг сайхан. Миний хувьд очиж буй орныхоо түүх дурсгал, урлагийн бүтээлүүд хийгээд тухайн үндэстний онцлогуудыг танин мэдэж, судлахыг хүсдэг. Америкийн түүхийн музейг үзэхэд Азийн соёлын танхим их сонирхолтой санагдсан. Тэнд Төвөдийн болон Хятад, Монголын эртний бурхдын гуулин цутгамал алтан шармал бурхад дөнгөж саяхных мэт гялалзан байхыг хараад манай Өндөр Гэгээн Занабазарын хийц хосгүй үнэт өв юм гэдгээрээ бахархаж билээ.
-Хэнийх нь зураг сэтгэлийг тань их татав. Өөрийнхөө бүтээлд шийдэл олох санаанууд байв уу?
-Орчин үеийн урлагийн музей үнэхээр сэтгэл татам. Модерн урлагийн дахин давтагдашгүй өвөрмөц, этгээд өнгө шийдэлтэй бүтээлүүд нь дэлхийн хүчирхэг гүрний галерейд байр сууриа эзлэх нь аргагүй юм гэж харж бахархсан шүү. XIX зууны сүүлч үеийн импорсионизмын үеийн бүтээлүүдийн амьд чанар, өнгөний нарийн мэдрэмж, алдарт Пикассогийн уран зургийн өнгө будгийг харж, шимтэн үзнэ гэдэг ховор завшаан. Энэ бүхнээс эрч хүч авч, урам зориг, онгодыг мэдрэх сайхан байсныг нуух юун.
-Цар тахлын хүндхэн үеийг өөртөө боломж болгон харж, гадаадаас ирээд ямар бүтээлүүд төрүүлэв?
-Цар тахлын үеийн хөл хорио уран бүтээлчдэд хоёр талтай тусаж байна. Урландаа суун төвлөрч, бүтээлийнхээ шинэ санаа олоход таатай ч чөлөөт уран бүтээлчдийн хувьд хүнд үе байлаа. Өнгөрсөн хугацаанд урлангаа тохижуулж, шинэ бүтээлийн санааны хайгуул хийж, бүтээл туурвилдаа зориуллаа. Энэ жил үзэсгэлэн дахин гаргахаар төлөвлөж байгаа. Цагийн байдлыг харзнана. Уран бүтээлдээ үндэсний хэв маягийг түлхүү шингээнэ.
-Таны урлан үнэхээр сонирхолтой юм. Хоёр жилийн өмнө гаргасан “Түлэгэ” үзэсгэлэнг тань үзсэн. Бүтээлдээ нүүдэлчдийн амьдралын ахуй соёлыг түлхүү тусгасан нь тун содон байсан. Тэр үеийн бүтээлүүд урланд чинь одоо ч харагдана?
-Хүн төрөлхтөн анх үүссэн цагаасаа гал хэмээх гайхамшигтай зүйлтэй танилцан, ахуйдаа өргөн ашиглаж ирсэн. Тэр тусмаа нүүдэлчин ахуй, соёлтой монгол түмэнд галаа хүндэлж, тахисаар ирсэн сайхан уламжлал бий. Үүнийг бэлгэдэж модыг урлаг болгон ашиглаж өөрийнхөө дотоод ертөнцийг харуулахыг зорьсон юм. Нүүдэлчин монголчуудын амьдралд түлээ, мод, аргал ямар чухал болохыг өгүүлж, бүтээлд минь тодорхой өгөгдөл болж орсноороо онцлог. Бүтээлдээ судалгаа хийж эхлэнгүүт нүүдэлчдийн амьдрал руу орохоос өөр аргагүй болсон. Нүүдлийн иргэншил түүх, өв соёл, урлагийг тэр чигээр нь хадгалж яваа шүү дээ.
-Бүтээлүүдийг тань хараад байхад хоёр сарын дотор урласан зүйл биш бололтой. Судалгаа их хийсэн нь анзаарагдлаа. Сэтгэлд чинь арван жилийн өмнө төрсөн санаанууд амилсан байж болох л юм.
-Уран бүтээлч хүн тодорхой хэмжээнд судалж, байнга шинийг эрэлхийж, санаагаа баяжуулдаг. Сүүлийн 20 гаруй жил бодсон санаа, дотоод ертөнц дэх онцлогийг үндэсний урлагтай хослуулж, өвөрмөц зүйлээр гаргахыг хичээлээ. Бүтээлүүд минь дахин давтагдашгүй. Би олон жил бодож, бүтээсэн. Надад үзэсгэлэнгийнхээ бүтээлүүдийг санааг олох маш чухал. Сэтгэл тавгүйтэн гүн бодолд дарагдан, шаналж суусан өдөр ч цөөнгүй. Тэгсэн нэг өдөр зүүдэллээ. Зургадугаар сарын 29-ний шөнө зүүдэнд “Түлээ” гэдэг үг, бас тийм дүр төрхтэй үзэсгэлэн зурсхийн орж ирэв. Мод, аргал, хомоол ашиглаж бүтээл урлах санаа. Баярлаад бушуухан тэмдэглэж авсан. Тэр зүүд миний хувьд том дэвшил байсан даа.
-Зураач, сийлбэрчидтэй ярилцаж, урланд нь зочилсон нь бишгүй. Гэхдээ үүн шиг өвөрмөц урлан ховор байлаа.
-Урлаг энгийн зүйлээс эхэлдэг. Өөрийнхөө ертөнц, дотоод сэтгэлээ илэрхийлж гаргахыг хичээдэг. Аргал, түлээ, мод бидэнд энгийн санагдах ч өнөө цагт асар их үнэт зүйл болжээ. Бид байгаль дэлхийгээ хэрхэн бохирдуулж, ургамал, модыг нь хайр гамгүй сүйтгэж байгаа билээ. Гэтэл энэ бүхэн эх дэлхий, байгаль хүмүүний амьдралыг тэтгэгч гол зүйл юм. Хөдөөд аргал байдаг ч бид үнэртэж чадахгүй болсон байна. Хүмүүс замын түгжрэлд бухимдаж, утаан дунд бачууран амьдардаг. Миний урлангийн бүтээлд мод, аргал, хомоол, хоргол, холтос, үртэс, нүүрс бий. Нүүрс оролцуулсан нь учиртай. Өнөөгийн агаарын бохирдлыг эсэргүүцэн, өөрийн дуу хоолойг бүтээлээрээ харуулахыг хүссэн. Хүмүүс суурин газарт өв соёлоосоо алслагдаж, галаа бадраан, тахихаа ч мэдэхгүй суугаа нь даанч тоогүй. Амьдралын энгийн зүйлд үнэ цэн байдаг гэдгийг илэрхийлж хүмүүст хүргэсэн нь тэр. Монголчууд нүүрс түлж, амьдарч буй хот, хүрээлэн буй байгаль орчин, эрүүл мэндээ хордуулах шаардлагагүй. Бидэнд хэрэглэж болох хоргүй эко түлш бий. Тэр нь аргал, хотын бид даанч ашиглаж чадахгүй юм.
-Хүнд өссөн орчин их нөлөөлдөг. Бүтээлүүдийг тань хараад таныг хөдөө өссөн болов уу гэж бодлоо.
-Миний аав Ховд аймгийн Чандмань сумын харьяат. Би Улаанбаатар хотын унаган иргэн. Миний хүүхэд нас Дэнжийн мянгын гэр хороололд өнгөрсөн. Гэртээ гал түлж, халуун илчинд нь чанасан цай, хоол идэж өслөө. Хүүхэд насны амьдралаас үүдэлтэй бүхэн надад урлагийн бүтээл болох санаа төрүүлдэг. Компьютер, интернэт, гар утас, зурагт зэрэг амьд бус зүйлийг амьд болгоод буй өнөөгийн залуус өвөг дээдсийнхээ өвлүүлж үлдээсэн ахуй, өв соёл руу эргэн харж, гайхамшигтай зүйлээс нь мэдрээсэй. Хүн хаана ч төрж, өсөж болно.Гэхдээ монгол хүнд заяасан сайхан чанар бий. Тэр чанар намайг үндэсний уламжлал, түүх соёлтой холбох гүүр болсон. Хүүхэд байхдаа зуны амралт эхлэхээр өвөөгийндөө очиж амарна. Ховдод очоод Алтайн сүрлэг уулсын дунд хурга, ишиг хариулаад гүйдэг байв. Хөдөөгийн орчин, нүүдэлчдийн ахуй, соёлтой ойр өссөнөө урлагаар дамжуулж өөрийнхөө ертөнцийг хайхад дөхөм болж байлаа. Бид хэдий суурин газар амьдарч, уран бүтээлээ хийж байгаа ч өв соёлынхоо гайхамшигтай нандин зүйлүүдийг мартаж хэрхэвч болохгүй. Тэр сайхан өв соёлыг урлагаар дамжуулж хойч үедээ хадгалж өвлүүлэх нь зүйтэй.
-Бүтээлүүдээ сураар зангидаж өлгөсөн нь ямар учиртай юм бэ?
-Монголчуудын соёл гайхамшигтай. Уяа, зангилаа нь мултарч тайлагдаггүй, хөвөрч, сулардаггүй. Би бүх бүтээлээ сураар өлгөдөг. Монгол хүний ухаан уяа, зангилаанаас харагддаг. Тиймээс бүтээл өлгөсөн сурны зангилаанууд давтагдахгүй. Нэг нь хоёр, нөгөө нь гурван тонолт, нэг таталттай. Энэ мэтчилэн урлаж буй бүтээлдээ сэтгэл гаргаж, уяа зангилаанд хүртэл анхаарал хандуулдаг. Сур нүүдэлчдийн ачаа барааг бэхэлж багладаг хэрэглээний хамгийн чухал зүйл.
-Олон жил эдэлж, хэрэглэсэн хуучин авдар дотор юу байгааг харах сонирхол төрлөө л дөө.
-Монгол хүн нандин чамин зүйлсээ авдартаа хийж хадгалдаг уламжлал одоо ч бий. Айл гэрийн хойморт байдаг хүндтэй эд бол авдар. Авдар дотор аргал байгааг тэр үед үзэсгэлэн үзсэн хүмүүс хараад их гайхсан. Нүүдлийн соёл, ахуй аажмаар холдож байна. Биднээс алгуурлан холдож буй зүйлс эргээд олдохгүй үнэт зүйл боллоо.
-Мод, аргал, золтос, үртэсийг урлагийн бүтээл болгох үнэхээр санаанд буумгүй. Хатсан аргал хаанаас авчирсан бэ. Бүтээлдээ зориулж хатаасан уу?
-Хэдэн жилийн өмнө судалгааны ажлаар аавынхаа төрсөн нутагт зун очиж амарсан юм. Хөдөө алжаал тайлах зуураа үзэсгэлэндээ зориулж авдар, аргал авчирсан. Хатсан хөх аргал баруун аймгийнхны гол түлш нь. Хөдөөгийн айлаас суунаглах аргалын утааны үнэр сайхан, тэр үнэрийг юутай ч зүйрлэмгүй. Өвөг дээдсийн минь уламжлуулж ирсэн өв соёл биднийг олон таагүй зүйлээс аварч ирсэн тул нандигнан хамгаалах ёстой. Суурин амьдралд өссөн хүүхдүүд аргал мэдэхгүй байна. Аргалын утааг хараагүй болохоор үнэрийг нь мэдэхгүй. Монголчуудын хойч үедээ үлдээсэн амьдралын нарийн ухаан бүү мартагдаасай. Үеийн үед үнэт зүйлээрээ үлдээсэй. Тиймээс авдарт аргал тээн ирж, хадгалсны учир нь энэ. Баруун аймгийнхан тэмээн жингээр голдуу нүүдэллэдэг. Авдартаа бүх зүйлээ хийж баглаад ачаалдаг. Хэт их хөгжил нүүдэлчдийн амьдралыг хотынх, хөдөөнийх гэсэн сэтгэлгээгээр зааглаж байна. Энэ нь хөдөөд өөр амьдралтай хүмүүс байдаг мэтээр бодогдуулан тодорхой хүрээнд хязгаарладаг тал бий. Хүмүүс аж амьдралын энгийн зүйлээс урлагийг олж хараг. Уран бүтээлч хүний гол ажил бол аливаа зүйлээс өвөрмөц содонг олж харах ухаан, мэдрэмж юм. Зарим зургаа модны үртэс, будагтай хольсон. Уран бүтээлчид байхгүй зүйлийг байлгаж болохоор сэтгэдэг этгээд ертөнцтэй. Сэтгэлд гал байхад усан дээр ч гал түлж болох шүү дээ.
-Та үндэснийхээ хэл, бичигт хүндэтгэлтэй ханддаг бололтой, бүтээлүүдийнхээ нэрийг монгол бичгээр бичсэн байх юм?
-Монгол бичиг мэддэг болсон нь өвөөгөөс минь улбаатай. Намайг хүүхэд байхад өвөөгийн нандигнадаг өврийн дэвтэр авдарт нь байдаг байв. Нэг удаа тэр дэвтэр дээрх монгол бичгийг хараад гайхаж биширсэн. Өмнө нь огт харж байгаагүй босоо бичиг миний хувьд содон зүйл байлаа. Уншиж мэдэхгүй тул хурдан сурах сан гэж хүссэн. Ааваасаа “Энэ ямар бичиг вэ гэж асуухад өвөө нь бичиж тэмдэглэх чухал зүйлээ өврийхөө дэвтэрт монгол бичгээр бичдэг юм” гэж билээ. Тэр үеэс бие даан үзэж, ном уншин, уйгагүй бичиж сурсан. Монгол хэл, бичиг үндэсний хамгийн сайхан өв соёл. Сайхан хэл, бичгийн өв соёлыг үлдээсэн өвөг дээдсээрээ бахархаад баршгүй. Би одоо ч өөрийгөө хөгжүүлж суралцдаг. Сурсан эрдмээ уран бүтээлдээ шингээдэг нь миний давуу тал.
-Олон уран бүтээлийн ард гарсан таныг гэр бүл тань сайн ойлгож, сэтгэл тайван ажлыг тань хийлгэдэг байх.
-Тийм ээ. Гэр бүл минь надад уран бүтээл туурвих урам зориг төрүүлдэг. Тэднийхээ халуун уур амьсгалаас аз жаргалыг мэдэрч, эрч хүч авдаг юм. Намайг ар гэрийн олон ажлаас чөлөөлж, уран бүтээл туурвих цаг, зав олгодог ханьдаа баярладаг. Би өнөр өтгөн айлын өрхийн тэргүүн. Хүний амьдралын хамгийн дулаан зүйл бол гал, гэр бүл. Тэр гэр дотор амьдрал өрнөж, гал, голомт бадардаг. Үүний төлөө би өөрийн замаар замнаж, сэтгэлгээгээрээ хөглөгдөж яваа. Хүүхдүүдээ төрөх болгонд миний уран бүтээлүүдэд ямар нэгэн байдлаар шинэ өөрчлөлт ордог. Тэр бүхэн миний аз жаргалтай амьдрах амьдралын минь эх үндэс. Уран бүтээлч хүний дотоод ертөнц энгийн хүнийхээс тэс өөр.Заримдаа баярлаж, гутарч гунина. Тэр болгонд хүүхдүүдийнхээ инээд хөөрөөс өөрийгөө сэргээж, дараагийнхаа бүтээлийн санааг олдог.