Манай улс Дэлхийн усны өдрийг 16 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглалтыг сурталчлах зорилгоор 1993 онд санаачилсан эл өдрийг дэлхийн 140 гаруй орон жил бүрийн гуравдугаар сарын 22-нд онцлон тэмдэглэсээр өнөөдөртэй золгожээ. Манай улсын хувьд цэвэр усны нөөцөөр дэлхийд 22 дугаарт эрэмбэлэгддэг ч хуримтлуулж, нөөцөлж ашиглах чиглэлд туршлагагүй, хийж бүтээсэн ажил бага учраас усаар хомсдох өндөр магадлалтай орнуудын тоонд багтдаг. Тиймээс усны нөөцийг хамгаалах НҮБ-ын санаачилгад нэгдэж, “Бохирдол, хомсдолоос сэргийлэх нэгдсэн менежмент хэрэгжүүлж, цэвэрлэсэн болон саарал усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглана” гэсэн зорилтыг бодлого, төлөвлөгөөндөө тусгаад буй.
Жил бүрийн усны өдрийг тодорхой сэдэв, уриалгын хүрээнд тэмдэглэдэг уламжлалтай. 2015-2020 онд “Ус ба тогтвортой хөгжил”, “Ус ба ажлын байр”, Хаягдал ус-нөөц баялаг”, “Байгальд ээлтэй усны шийдэл”, “Цэвэр ус-тэгш хүртээмж”, “Ус ба уур амьсгалын өөрчлөлт” гэсэн сэдвийг дэвшүүлсэн бол энэ удаа “Усны үнэлэмж, үнэ цэн”-ийг онцлов. Ингэхдээ усны нөөцийн, дэд бүтцийн, үйлчилгээний, нийгэм-эдийн засгийн, нийгэм-соёлын үнэлэмж гэсэн таван чиглэлд олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорьжээ.
Усны салбарын эрдэмтэн, судлаачид чуулж, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэх зэрэг олон арга хэмжээ эл өдөр болдог ч цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор өнөө жил энэ уламжлал алдагдав. Харин иргэдэд зориулсан сурталчилгаа, мэдээлэл, контентуудыг цахим орчинд түгээх, урлагийн бүтээлээр дамжуулан усны зохистой хэрэглээнд уриалах чиглэлд холбогдох байгууллагынхан нэлээд ач холбогдол өгөв бололтой.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Усны газрынхан цахим хуудсаараа дамжуулан салбарын эрдэмтэн, судлаачдын байр суурийг энэ өдөр хүргэлээ. “Усны төлөөх түншлэл” ТББ-ын тэргүүн, ШУТИС-ийн доктор Д.Басандорж “Усны үнэ цэнийн асуудал Монголд хурцаар хөндөгдөж байна. Говийнхон усны үнэ цэнийг мэддэг, мэдэрдэг, Хангайнхан, төв суурин газрынхан ер ойлгодоггүй. Манайх шиг нэн ядмаг нөөцтэй орны иргэд усыг зохистой ашиглах, нөөцийг нь хамгаалах чиглэлд манлайлж, үнэ цэнийг нь ойлгож, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Сүүлийн 60 жилд үнэ нь огт өөрчлөгдөөгүй ганцхан бүтээгдэхүүн Монголд байгаа нь ус. 1960 онд л литр усыг нэг төгрөгөөр үнэлж байсан. Одоо ч ийм үнэлгээтэй хэвээр. Монголчууд чандмань эрдэнэ хэмээн шүтдэг зүйлээ үнэлдэг. Монгол Улс ирээдүйд тогтвортой, ногоон хөгжилд хүрэхээр зорьж буй бол усны үнэлэмж, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай” гэсэн бол Монгол Улсын зөвлөх инженер, доктор Д.Чандмань “Дэлхийн орнуудын Төрийн тэргүүнүүд оролцсон, НҮБ-ын 2015 оны дээд хэмжээний уулзалтаар “Тогтвортой хөгжлийн зорилтууд-2030” баримт бичгийг баталсан. Үүнд багтсан 17 зорилтын зургаа нь устай холбоотой. Ус бол тогтвортой хөгжлийн үндэс суурь, гол стратеги. Уул уурхай, мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, хангамж гээд бүх салбарын үйл ажиллагаа, хөгжил уснаас хамааралтай. Ялангуяа Монголд эдгээр салбарын усны ашиглалт хэт өндөр. Тиймээс энэхүү хязгаарлагдмал нөөцийг оновчтой, зохистой ашиглах, хуваарилах нь чухал” хэмээн ярилаа. Харин Ерөнхийлөгчийн усны бодлогын асуудал хариуцсан зөвлөх, үндэсний аюулгүй байдлын шинжээч, доктор Ц.Сосорбарам “Ус бол хязгаарлагдмал нөөцтэй баялаг. Хэдий замбараагүй хэрэглэнэ тэр хэрээр багасаж, хорогдож байдаг. Энэ жамаар дэлхийн усны нөөц шавхагдаж, олон орон хомсдолд ороод буй. Урд хөрш энэ аюулд хэдийн хүрсэн” гээд монголчууд хандлагаа өөрчилж, усны хэрэглээгээ хязгаарлахгүй бол тэдний зовлонг амсахад ойрхон байгааг хэллээ. ХААИС-ийн зөвлөх профессор, доктор Ш.Баранчулуун “Мал аж ахуйн салбарт усны зохистой хэрэглээг нутагшуулахын тулд шинээр худаг гаргах, хөв, цөөрөм байгуулах ажлыг жил бүр хийдэг. Зөвхөн үүнд зориулж улсын төсөв, олон улсын төсөл, хөтөлбөрөөс өчнөөн сая төгрөг зарцуулсаар ирсэн. Гэтэл мал аж ахуйн салбарынхан ус ашигласны төлбөрт нэг ч төгрөг төвлөрүүлдэггүй. Үнэгүй ашигладаг. Энэ нь усны үнэлэмжийг үлэмж бууруулдаг. Усыг үнэ цэнтэй байлгая, үнэлэмжтэй болгоё гэвэл иргэдийн сэтгэлгээг өөрчилж, төлбөрийг зохистой түвшинд авах хэрэгтэй” гэв.
2000 өрх, аж ахуйн нэгжийг тоолууржуулжээ
Дэлхийн усны өдрийг угтан Ховд аймгийн ИТХ-ын дэргэдэх Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, БОАЖГ хамтран “Дусал ус, шижир алт” тоолууржуулах аян зарласан. Усны зохистой хэрэглээг дэмжих зорилготой эл аяны хүрээнд холбогдон байгууллагынхан 2000 гаруй өрх, аж ахуйн нэгжийг тоолууржуулсныг байгаль орчны мэргэжилтнүүд өчигдөр танилцууллаа. Өдгөө төвийн шугамаас алслагдсан айлуудыг аянд хамруулахаар ажиллаж буй гэнэ. Говь-Алтай аймаг үүнтэй ижил аяныг зохион байгуулсны дүнд нийт аж ахуйн нэгжийнхээ 97 хувийг тоолууртай болгожээ. Тодруулбал, тус аймагт 214 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдгаас 207 нь тоолууртай аж.
Уран бүтээлчид усны асуудлаар “дуугарав”
Уран бүтээлчид усны үнэ цэн, үнэлэмжийн асуудлаар дуу хоолойгоо олон нийтэд хүргэхээр нэгдэв. 2021 оны Дэлхийн усны өдрийн онцлог нь энэ байв. БОАЖЯ, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд болон Монголын байгалийн уран бүтээлчдийн холбооны цахим хуудсанд онлайнаар зохион байгуулсан “Хуурай үер” үзэсгэлэнд 10-аад уран бүтээлч нэгдсэн. Тэд усыг хайрлаж, зохистой хэрэглээгүйгээс үүдэлтэй хуурай үер нүүрлэвэл бид юу хийж чадах вэ гэсэн гол агуулгаар дамжуулан усны үнэ цэнийг иргэдэд ойлгуулахыг зорьсон юм. Тэгвэл гэрэл зурагчид ч усны үнэ цэнийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэн, цахим давлагаа өрнүүлээд байна. Усны газраас зарласан “Усны үнэлэмж, үнэ цэн” сонирхогчдын гэрэл зургийн уралдаанд иргэд идэвхтэй оролцож, 50 гаруй бүтээл ирүүлснийг тус газрынхан хэлэв. Шилдэг бүтээлийг үзэгчдийн санал асуулгаар тодруулах гэнэ. “Хүний хандлагыг өөрчлөхөд багагүй хичээл зүтгэл, цаг хугацаа шаардлагатай. Харин энэ бүхнийг товчлох боломжийг урлаг, урлагийн бүтээл олгодог” хэмээн оролцогчид онцлов.