Дэлхийн байт харвааны холбооны Удирдах зөвлөлөөс Дэлхийн цом,Токиогийн олимп, паралимпийн наадмын тэмцээнийг дэнслэх шилдэг 14 шүүгчийн нэрийг зарлахад Монголоос Э.Саруул багтаж, улсынхаа анхдагч болсон юм. Аав, ээжийнхээ аль аль талаас спортын удамтай тэрбээр эрхзүйч, англи, франц хэлний орчуулагч мэргэжилтэй. Байт харваагаар 2007 оноос хичээллэж, шүүгчээр ажиллахдаа эх орноо төлөөлж 2013, 2019 онд Азийн АШТ, Универсиад наадам, 2015, 2021 онд Залуучуудын ДАШТ, 2016 онд Дэлхийн цом, оюутны ДАШТ, 2018 онд залуучуудын III олимпын наадамд шүүгчээр ажилласан юм.Токиогийн Юүменошима цэнгэлдэх хүрээлэнд долдугаар сарын 23-31-нд зохион байгуулах байт харвааны тэмцээнд цэц сорих Монголынхоо харваачидтай хамт Японыг зорих түүнтэй ярилцлаа.
-Таныг ойр дотнынхоо хүмүүст гэнэтийн бэлэг барих дуртай гэж сонссон. Гэрийнхээ баярын ширээн дээрх бялуунд Токиогийн олимпын логог бичүүлж, тийш зорих болсноо илэрхийлсэн гэдэг.
-Надад аав, ээжийгээ баярлуулах хамгийн сайхан санагддаг. Олимпын наадмын тэмцээнийг шүүх баярт мэдээ сонсчихоод сэтгэл их догдолсон. Баярласнаа илэрхийлж, гэрийнхэндээ гэнэтийн бэлэг барья гэж бодсон юм.Тэр өдөр эмэгтэйчүүдийн баяр тохиосон. Манайхан намайг Токиог зорих болсныг баярын ширээн дээрх бялуунаас мэдэж бөөн хөөр болсон. Тэдэнд минь миний бэлэг их таалагдсан шүү.
-Олимпын наадмын тэмцээнийг дэнслэх шилдэг шүүгчдээс та аравдугаар байрт жагссан байна билээ.
-Тийм ээ, олимпын наадмын тэмцээнийг дэнслэх шүүгчдийг сонгохдоо жендерийн тэгш байдал, тив, улсын төлөөллийг харгалздаг юм. Тухайлбал, 14 шүүгч сонгогдсон бол эрэгтэй, эмэгтэй тус бүр долоо байх ёстой. Токиог зорих шүүгчдийн бүрэлдэхүүнийг энэ удаа Британийн шүүгч Ханна Браун ахална.
-Монголын байт харваачдаас Токиог зорих эрхийг Г.Отгонболд, паралимпийнхыг Н.Мөнхбаатар нар өвөртөлсөн. Одоо багийн төрөлд олимпын эрх олгох тэмцээнтэй бил үү?
-Францын Парист эрэгтэй, эмэгтэйчүүдийн багийн эрх олгох тэмцээнийг зургадугаар сарын 18-20-нд зохион байгуулна.Тайландын Бангкок хотод 2019 онд болсон байт харвааны олимпын эрх олгох Ази тивийн АШТ-ийг шүүж байхад Монголын тамирчдаас Г.Отгонболд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд амжилттай цэц сорьж, Токиог зорих эрх авсан. Шүүгчид тэмцээнийг шүүж байхдаа олон зүйлийг хянаж, ажигладаг. Манайханд гадаадын харваачдаас ялгарах давуу тал бий. Эртнээс улбаатай дайчин, зоримог, шийдэмгий зан чанар манай харваачдаас харагдахаас гадна төрөлхийн авьяас чадвартай байдаг. Дэлхийд байт харвааны спортоор БНСУ-ын тамирчид тэргүүлж байгаа. Улс нь тамирчдаа бүх талаар дэмжиж, бэлтгэл базаах орчин нөхцөлийг нь маш сайн бүрдүүлсэнтэй холбоотойгоос гадна хүүхдүүдийг багаас нь системтэйгээр нэг стандартын дагуу бэлтгэдэг.
-Та шүүгчидтэйгээ холбоотой байдаг уу?
-Бид байнга холбоотой ажилладаг. Бусадтайгаа мэдээлэл солилцож, бас суралцана. Шүүж буй тэмцээнүүдээс заавал нэг шинэ зүйл сурч, туршлагатай шүүгчдээсээ зөвлөгөө ч авдаг. Сүүлийн үед шүүгчид цахимаар харилцаж, мэдээлэл солилцож байгаа. Бид олимпын наадмын тэмцээнийг шүүх мэдээлэл авсны дараахан цахимаар хуралдаж, санал бодлоо хуваалцсан. Шүүгчдээс Мексикийн Гарсиа Гильермина бид хоёр хамгийн залуу нь. Бид олон улсын шүүгчийн шалгалт өгч байхдаа анх танилцсан. Миний хувьд түүнтэй нас ойролцоо болохоор дотно нөхөрлөдөг юм.
-Аав нь тэшүүр, ээж тань байт харваагаар олон жил хичээллэсэн гэхээр та аль аль талаас нь спортын удамтай байх нь.
-Тэшүүр, байт харваа аль аль нь сонирхолтой спорт. Би тамирчин гэр бүлд төрж, өссөнөөрөө бахархдаг. Аавын талын ах дүүс спортод элэгтэй. Өвөө Х.Равдандорж минь буудлагын спортын урт бууны төрлөөр хичээллэсэн, анхны шигшээ багийн тамирчин, спортын мастер байсан. Авга эгч Р.Энхтуяа гар буу, Р.Энхжаргал спортын гимнастикаар хичээллэж, спортын мастер цол хүртсэн. Р.Энхжаргал эгчийн нөхөр ОУХМ, М.Баярхүү ах чөлөөт бөхийн тамирчин, дасгалжуулагч. Ээжийн минь талаас нагац ах хүндийг өргөлтийн шигшээ багийн дасгалжуулагч, олон улсын шүүгч, ОУХМ Б.Гансүх “Рио 2016” олимпын наадмын тэмцээнийг шүүх эрх авсан боловч хүнд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Би олимпын наадмын байт харвааны тэмцээнийг шүүх эрх авахдаа нагац ахыгаа их бодсон. Тэр үед сэтгэлдээ “Таны өмнөөс дүү нь Токиогийн олимпын наадмын тэмцээнийг шүүж, хүсэл мөрөөдлийг тань биелүүлнэ” гээд хэлж байлаа.
-Тамирчдын хүүхдүүдээс бие даасан байдал, сэтгэлийн хат тэвчээр, аливааг хурдан хүлээж авдаг ухаан, дуртай спортдоо цаг, зав гаргадаг давуу тал ажиглагддаг.
-Миний хүүхэд нас, оюутан ахуй үе завгүй өнгөрсөн. Би айлын том охин, нэг эрэгтэй дүүтэй. Намайг төлөвшихөд ээжийн хүмүүжүүлэх арга барил нөлөөлсөн. Эцэг, эх минь дүү бид хоёрын мэдлэг, боловсролд анхаарал хандуулдаг байв. Хичээлийнхээ хажуугаар сонирхдог секц, дугуйланд явж өөрийгөө аль болох хөгжүүлэхийг зорино. Дүү тэшүүрээр хичээллэж байгаад сагсан бөмбөг, фитнес сонирхох болсон. Би Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг эрхзүйч, англи, франц хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Франц руу суралцахаар явсан. Тэнд сурахын хажуугаар ажиллаж, амьдрах мөнгөө олдог байв. Тиймдээ ч гэрийнхнээсээ мөнгө нэхэж байсангүй. Надад хүний нутагт ажиллаж, олны арга эвийг олж амьдрах амар байгаагүй. Тэр бүхнийг даван туулахад багаасаа бие дааж өссөн минь тус болсон.
-Шүүгч болсноор эх орондоо энэ спортыг хөгжүүлэхэд нэмэр болох байх, тийм үү?
-Миний хувьд шүүгч болсон минь учиртай. Аливаа орон олон улсын шүүгчтэй байж өндөр зэрэглэлийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхтэй болдог. Тиймээс Монголын байт харвааны холбооны спортод олон улсын шүүгч хамгийн хэрэгтэй байлаа. Ээж минь дэмжиж, урам хайрлаж ирсэн болохоор богино хугацаанд амжилттай ахисан гэж боддог. Хүүхэд байхдаа ээжийгээ дагаж байт харвааны талбайд очдог байсан маань хожим олон улсын шүүгч болоход их нөлөөлсөн. Ээж нэг өдөр “Миний охин шүүгч болж болно шүү дээ. Олон улсын шүүгч болоход давуу тал их байдаг юм. Үзээд алдвал яасан юм бэ” гэж санал тавилаа. Ээжийн санал, зөвлөгөө таалагдаж, шүүгч болохоор шийдсэн. Ээж минь Монголд байт харвааг хөгжүүлэхийн төлөө тамирчин байхаасаа зүтгэж, чамлахааргүй хувь нэмэр оруулсан. Одоо ч гэсэн холбооныхоо ерөнхий менежерээр ажиллаж байна. Үүнээс гадна СЭЗДС-д байт харвааны багшаар ажиллаж, энэ спортын талаарх судалгааны ажлаа үргэлжлүүлэн докторантурт сурч байгаа.
-Францад сурч байхдаа байт харваагаар сонирхож нэг хэсэг хичээллэсэн юм билээ. Тэндээс олж харсан, сурсан зүйлээ өвөртлөөд Монголдоо хөл тавьсан уу?
-Тэгсэн. Тэнд байхад цаг хугацаа маш хурдан өнгөрсөн. Миний хувьд сурч, ажиллах цаг алт шиг санагддаг байлаа. Өөрийгөө хөгжүүлэхийн төлөө бүх боломж, нөөцөө ашигласан. Хийхээр зорьсон зүйлээ сар, өдөр, хоног, цагаар төлөвлөнө. Ингэх нь олон ажлыг зэрэг амжуулахад чухал байдгийг сайн ойлгосон юм. Тиймээс гар хумхилгүй хөдөлмөрлөсөн. Өглөө хичээлдээ явж, өдөр нь хувийн ажлаа амжуулж, орой нь ажиллана. Сургуулийнхаа ойролцоо спортын дугуйлангуудаас гольф, байт харвааг сонгож хичээллэсэн. Байт харваагаар сонирхож хичээллэгсдийн дасгалжуулагчаар Оливер хэмээх хүн ажилладаг байв. Тэрбээр бидэнд энэ спортын давуу талыг харуулж, гайхамшгийг нь мэдрүүлсэн. Энэ спорт сэтгэл зүй, мэдрэмжид тулгуурдаг. Тамирчид тэмцээний үед сэтгэл зүйгээ хянаж, удирдахаас гадна анхаарлаа сайн төвлөрүүлдэг. Энэ утгаар яривал буудлага, байт харваагаар хичээллэх нь бясалгал хийхээс дутуугүй санагддаг. Тамирчид нь өрсөлдөгчөөсөө илүү өөртэйгөө өрсөлдөж амжилт гаргана. Тиймээс тайван, хүлээцтэй, сэтгэлийн догдлол багатай, бэлтгэл хийж байхдаа ажлын ачаалал, стресс бухимдлаа тайлж тайвширдаг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Дайчин чанар, тэсвэрийн талбар” олон улсын стандартад нийцсэн талбайтай болсон нь эх орондоо олон улсын тэмцээн зохион байгуулах, тамирчид жилийн дөрвөн улиралд бэлтгэл базаах боломж бүрдсэн нь том дэвшил байлаа.
-Гадаад хэлний өндөр мэдлэгтэй байх нь шүүгчдэд давуу тал болдог. Англи, франц хэлний орчуулагч мэргэжил эзэмшсэн тань олонтой холбох гүүр болсон байна?
-Шүүгчид гадаад хэлийг сайн эзэмшсэн байх шаардлагатай. Олимпын наадмын тэмцээний албан ёсны хоёр хэл нь франц, англи. Тиймээс энэ хоёр хэлийг эзэмшсэн нь миний давуу тал болдог. Надад гадаад хэлээр ярилцахад бэрхшээл гардаггүй.
-Байт харваагаар хичээллэж байгаагаа гэрийнхнээсээ нууж, Францын Бое хотод болсон олимпын эрх олгох тэмцээнд тамирчдаа оролцуулахаар ирсэн ээждээ хэлж ихэд гайхшируулсан гэдэг.
-Тийм ээ, байт харвааны дугуйланд явж байгаагаа гэрийнхэндээ хэлээгүй юм. Тэгсэн нэг өдөр ээж Бое хотод зохион байгуулсан Бээжингийн олимпын наадмын эрх олгох тэмцээнд оролцохоор тамирчидтайгаа ирлээ. Ээжид энэ тухай хэлж, байтаар харваж харуулахад гайхаж “Хүүе, миний охин сурч, ажиллахын хажуугаар ямар зав гаргаж хичээллэв” гэж билээ. Гэрээсээ хол байсан надад ээжтэйгээ уулзах л хамгийн сайхан байлаа. Монголын баг тамирчдыг тус хотод ирэхэд Францын талтай холбоо тогтоож, 14 хоногийн хугацаатай, бүх зардлыг Францын талаас гаргуулж, хамтарсан бэлтгэл зохион байгуулсан. Тэр тэмцээнд Монголын тамирчид амжилттай оролцож, ОУХМ Б.Урантунгалаг эгч ОХУ-ын алдартай тамирчин Наталья Валееваг халз харваанд ялж байв. Би Францад байхдаа аливаа асуудлыг амьдралын ухаанаар даван туулж, урагшилдаг ард түмнийх нь аргаас суралцсан.
-Таныг алхам алхмаар урагшлахад ээжийн тань зөвлөгөө их хэрэг болж дээ?
-Шүүгчид тэмцээнийг шүүх бүртээ туршлага хуримтуулдаг. Энэ нь дүрэмтэй танилцаж, ном уншихаас илүү хэрэг болдог. Би ч гэсэн тэмцээн шүүхдээ өөрт хэрэг болох бүх зүйлийг сурдаг. Туршлага хуримтлуулах нь нэг том хичээл үзсэнтэй тэнцдэг юм. Намайг олон улсын шүүгч болоход ээж “Өөртөө итгэлтэй, зоригтой байгаарай, чи чадна” гэж урам хайрлаж билээ. Ээжийн хэлдэг энэ үг сэтгэл сэргээж, эрч хүч өгдөг. Би Азийн АШТ-ийг анх шүүж, олон улсын шүүгч болох гараагаа эхлүүлсэн.
-Шүүгчид финалын тэмцээнийг шүүх амаргүй гэж ярьдаг. Тэр хэрээрээ анхааралтай хянамгай байхыг шаарддаг болохоор тэр биз.
-Шүүгчийн буруу шүүлтээс болж тамирчин хохирч болохгүй. Тиймээс үүрэг, хариуцлагатай байхыг шаарддаг. Бидний баримталдаг зарчим, дүрэм өндөр. Олон улсад тэмцээнийг шууд дамжуулдаг тул шударга, алдаагүй, зөв шүүх ёстой. Финалын шатанд бай, шугам, онооны гурван шүүгч ажилладаг юм. Шугамын шүүгч тамирчдыг талбайд гарахаас эхлээд тэмцээний бүх үйл явцыг хянаж удирдана. Тэмцээн эхлэхийн өмнө харваачдын техник хэрэгсэлд үзлэг хийдэг. Шүүгч хариуцаж байгаа тамирчныхаа хажууханд зогсож онооны явцыг ажиглана. Эргэлзээтэй сум буусан тохиолдолд томруулдаг шил, багаж ашиглаж, байг нягтлан шалгаж, хэдэн оноо авсныг тодруулдаг юм.
-Эргэлзээтэй сум гэж юуг хэлдэг юм бэ, уншигчид спортын зарим нэг хэллэгийг мэдэхийг хүсэх болов уу?
-Хоёр тооны заагт, эсвэл яг ямар тоон дээр буусныг тодорхой хэлэх боломжгүй сумыг эргэлзээтэй гэдэг юм. Шүүгчид багийн харвааны үед шар, улаан карт ашигладаг. Тамирчин тэмцээний дүрэм зөрчих, эсвэл харвааны талбайн шугам руу түрүүлж орвол шар карт өргөж сануулна. Мөн тэмцээний үед төхөөрөмжид гэмтэл гарвал очиж шалгана. Байт харваа зэвсэгт спортын төрөлд багтдаг. Тамирчид зэвсэгтэй харьцдаг тул тэдний болоод үзэгчдийн аюулгүй байдлыг хамгийн түрүүнд хангах нь чухал. Тиймээс тамирчдын харвах талбайн байршил, үзэгчдийн суудал, байны ар талын хамгаалалтыг сайн материалаар хийсэн, эсэхийг шалгана. Харваачдын харвасан сум байг нэвтэлж гарах тохиолдол байдаг тул арынх нь хаалт, хамгаалалт сайн байх ёстой. Харвах аюултай техник хүртэл бий. Тухайн тамирчин нумаа бага зэрэг дээш өргөж, хүч аваад сумаа татахыг нь хүртэл шүүгчид хянаж харна. Тамирчин сандарснаасаа болоод харвах өнцөг, аюулгүйн төвшнөөс өндөрт сумаа харвахад бай руу бус өөр зүг явах тохиолдол гардаг. Тиймээс шүүгчид тэмцээний эхний өдрөөс тамирчдын харвааны техникийг ээлжээр явж шалгадаг юм. Спортын талбар дахь хөшигний ард олон нарийн зүйл өрнөдгийг үзэгчид тэр бүр мэдэхгүй. Хөгжөөн дэмжигчид бол өөрийн тамирчдын харвахыг харж, тэмцээний уур амсгалаас сэтгэлийн таашаал аваад л гардаг. Шүүгчид баримтлах, дагаж мөрдөх журамтайгаа сайтар танилцаж, дүрмийн өөрчлөлтүүдээс хоцрохгүйг хичээдэг нь үүнтэй холбоотой.
-Спортын ертөнц амаргүй замтай. Тамирчин байтугай шүүгчдэд ч гэсэн үлдэх, эсвэл болих уу гэсэн сонголттой бишгүй тулгардаг байх.
-Гэр бүлийн дэмжлэг ажил, амжилт, сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг. Тэмцээн шүүхээр явахад миний найдвар болж ар талыг маань хариуцаж үлддэг аав, ээж нартаа болон ханьдаа баярладаг. Тэмцээнээс гадна шүүгчийн зэргийн түвшингийн шалгалт өгөхөөр байнга явах хэрэг гарна. Энэ үед ажлын газрын хамт олон бүхий л талаар дэмждэг. Амжилтаа ахиулсан миний алхам бүхэн манайхны дэм, тустай холбоотой. Ойлгож, итгэл даадаг гэр бүлтэй байх нь эмэгтэй хүнд их чухал. Миний амжилтын ард манайхан сум мэт бат найдвартай зогсдог юм.
Энэ ташрамд, аав, ээж нар, хань, Монголын байт харвааны холбооны удирдлага, хамт олон, тамирчдад, ажлын хамт олон, намайг дэмждэг найз нөхдөдөө талархаж явдгаа, мөн Токиог хамтдаа зорих шүүгч бүсгүйчүүдээрээ бахархаж байгаагаа уламжилъя.