УИХ-ын чуулганы баасан гаргийн хуралдаан эхлэхийн өмнө Б.Пүрэвдорж гишүүн хэлэлцэх асуудлын талаар саналаа хэллээ. Тэрбээр “НӨАТ-ын буцаан олгох хэмжээг таван хувь болгох, хуурамч шатахуун үйлдвэрлэхтэй тэмцэх, өндөр насны тэтгэврийг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн долоон жилийн дунджаар нь тооцон, олгох зэрэг чухал ач холбогдолтой хуулийн төслийг өргөн мэдүүлсэн ч хэлэлцэх асуудлын дараалалд оруулахгүй байна. Эдгээрийг ойрын хугацаанд хэлэлцүүлэх санал гаргая” гэсэн юм. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл уг саналыг хүлээн авах, намын бүлгийн дарга нар хэлэлцэх асуудлын тов гаргах үеэр үүнийг танилцуулахыг Г.Занданшатар дарга анхааруулав.
Хаваржилтын нөхцөл байдал, тариалалтын бэлтгэл ажлын явцын талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан чуулганы хуралдаанд танилцуулсан юм. Тэрбээр “Хаваржилт хүндрэхээс урьдчилан сэргийлж, шаардлагатай бэлтгэлийг хангасан. Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Ховд аймгийн малчдад улсын нөөцөөс 3800 тонн өвсийг үнэгүй, 1900 тонн малын тэжээлийг 50 хувийн хөнгөлттэй үнээр олгосон. Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн 45 мянга гаруй малчин өрхөд тус бүр 300 000 төгрөгийн үнэ бүхий хүчит тэжээл олгох ажил дуусах шатандаа орж байна. Малын бүх төрлийн тэжээлийг гаалийн болон НӨАТ-аас түр чөлөөлөх хууль баталсан. Ингэснээр 65 аж ахуйн нэгж ХХААХҮЯ-тай гэрээ байгуулан, 30 мянга гаруй тонн тэжээл импортлохын зэрэгцээ зах зээлийн үнийг нь тодорхой хувиар бууруулахад нөлөөллөө. Энэ сарын 12-ны мэдээллээр улсын хэмжээнд 674 мянга гаруй толгой мал хорогдсоны 50 хувийг Баянхонгор аймгийнх эзэлж байна. 23 өрх огт малгүй, 238 айлын мал 50-иас илүү хувиар хорогдсон. Саяхан болсон хүчтэй шуурганаар 12 аймгийн 51 сумын 706 хүн төөрснөөс 696-г нь эсэн мэнд олсон бол 10 иргэн амиа алдсан харамсалтай зүйл тохиолдлоо.
Мөн ОХУ-аас баруун бүсийн аймгуудад эрчим хүч нийлүүлдэг агаарын шугамын багана унаснаас цахилгаан тасарсан. Дөргөний усан цахилгаан станцаас түр холболт хийж, дээрх аймгийн хэрэглэгчдийг эрчим хүчээр хангасан бөгөөд тулгуур баганыг нь энэ сарын 16-нд босголоо. 16 аймгийн 154 сумд 531 гэр, 2244 хашаа саравч нурж, 283 байшингийн дээвэр хууларч, 2542 толгой мал хорогдсон урьдчилсан дүн гарсан байна” хэмээн танилцуулгадаа онцлов. Энэ жил улсын хэмжээнд 389.3 мянган га талбайд тариалалт хийх аж. “10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд хөдөө аж ахуйн салбарт 500 тэрбум төгрөг зарцуулна. Тодруулбал, хаврын тариалалтыг дэмжих зорилгоор иргэд, аж ахуйн нэгжүүдэд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно. Харин 200 тэрбум төгрөгийг нь малчдын амьжиргааг дэмжихэд зориулан зээлэх бол үлдсэнийг нь ноолуур бэлтгэлд зарцуулах гэнэ.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу сар бүрийн нэг, гурав дахь долоо хоногийн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийвэл зөвхөн цөөнхийн бүлгийн гишүүд асуулт тавьж, хариулт авах аж. Үүний дагуу АН-ын гишүүд асуулт тавьж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, С.Одонтуяа гишүүн “Польш Улсын санхүүжилтээр хүнсний агуулахууд барих юм байна. Үүнийг хувийн хэвшлийнхэн барих уу, төрийн өмчит компаниуд хийх үү. Гэр хорооллын айлууд хашаандаа хүнсний ногоо тарихад яамнаас дэмжлэг үзүүлдэг үү” гэж асуув. Үүнд “Польшийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 10.2 сая еврогийн санхүүжилтээр “Хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төсөл”-ийг эхлүүлсэн. 8.5 мянган тоннын багтаамжтай хүнсний агуулахыг найман аймагт барина. Үүнийг хувийн хэвшлийн байгууллагууд хариуцна. “Өрхийн тариалан” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх бодлого барьж байгаа. Товчхон хэлбэл, хүнсний ногооны тодорхой хэмжээний үр болон хальсан хүлэмжүүдийг иргэдэд хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх боломжтой” гэж хариулав.
Бэлтгэсэн: Б.Уран