Зургийг: Water sceince policy сайтаас
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оноос жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг дэлхийн усны өдөр болгон тэмдэглэж байхаар зарласан билээ. Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Мянганы сорилын сангийн “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн менежментийн зөвлөх багийн менежер Э.Номундарийн “Water science policy” сэтгүүлд нийтлүүлсэн “Улаанбаатар хотын гэр хорооллын усан хангамж ба эрүүл ахуй” сэдэвт судалгааны ажлын онцлох баримтаас хүргэе.
Тээвэрлэлт, түгээлтийн үед ус хорогддог
Хүний өдөр тутамдаа хэрэглэх усны хангамж нь хүртээмжтэй төдийгүй эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой. Харамсалтай нь манай улсын иргэдийн энэ мэт наад захын эрх нь зөрчигдөөд уджээ.
Тодруулбал, Улаанбаатар хотод 12 ундны эх үүсвэр бий. Эдгээр нь өдөрт 211,000 шоо метр усыг иргэдэд түгээдэг. Үүнээс 160,000 шоо метр нь төв цэвэрлэх байгууламжид бохир болон цуглардаг аж. Цэвэр усны нийлүүлэлт болон бохирын хэмжээ ийн ялгаатай байгаа нь түгээлттэй шууд холбоотой. Нийслэлийн нийт хүн амын 60 орчим хувь буюу 200,000 орчим өрх гэр хороололд амьдардаг гэх судалгаа бий. Тэдгээрийн нэгээс бага хувь нь төвийн шугам сүлжээ холбогдсон газраас, үлдсэн нь зөөврийн худгаас усаа авдаг. Улаанбаатарт зөөврийн ус түгээдэг 650 худаг байдаг бөгөөд үүний нэгээс нь л гэхэд 308 айлын 1232 хүн усны хэрэгцээгээ хангадаг. Гэвч нийт худаг нь хотын захын оршин суугчдын усны хэрэгцээг бүрэн хангахгүй байна. Үүнээс гадна зөөвөрлөлт болон түгээлтийн үед ус хорогддог учир цэвэр усны нийлүүлэлт, төв цэвэрлэх байгууламжид цугларах бохирын хэмжээ ялгаатай байгаатай шууд холбоотой. Нэг өдөрт түгээх усны хэмжээ багаас гадна тээвэрлэлт, түгээлтийн үед хорогдож буй нь ундны усны хүртээмжтэй байдлыг алдагдуулж, иргэдийн эрхийг зөрчиж байна.
ДЭМБ-аас хүний эрх хангагдах усны хэрэглээний доод хэмжээг 50-100 литр байх ёстой гэж заажээ. Харин манай улсын гэр хорооллын нэг иргэн өдөрт дунджаар 8-10 литр ус хэрэглэдэг аж. Эсрэгээрээ орон сууцын оршин суугчдын усны хэрэглээ өдөрт 200-400 литрт хүрдэг бөгөөд энэ нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлт болдог.
Ус авахад 30-аас илүү минут зарцуулж болохгүй
Азийн хөгжлийн банкны судалгаагаар гэр хорооллын иргэдийн ус авах дундаж хугацааг 30 минут гэж тогтоожээ. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ус зөөхөд зарцуулах хамгийн дээд хугацааг 30 минут хэмээн заасан байдаг. Хэрэв үүнээс дээш хугацааг ус зөөхөд зарцуулах юм бол хүний эрх зөрчигдөнө гэж үзэн, ажлын цагийн алдагдсан боломж хэмээн тооцдог аж. Хэрэв ус авахдаа 30 минут зарцуулах юм бол ажлын цагийн алдагдсан боломж гэж үзэн, дундаж цалингийн хэмжээгээр тооцоолбол жилд 416.5 ам.доллартой тэнцэх хэмжээний хөдөлмөрийн цагаа алдах аж.
Улаанбаатарын ус, хөрсний бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин их
Ус болон хөрсний бохирдол үүсэхэд нөлөөлж буй хамгийн гол хүчин зүйлийн нэг нь нүхэн жорлон. Манай улсад буй нийт нүхэн жорлонгийн дийлэнх нь хүйс, нас, хувийн орон зай, эрүүл ахуйн болон, ариун цэврийн шаардлага хангаагүй байна. Үйлчилгээний өндөр зардлаас болж жорлонгийнхоо бохирыг соруулах, цэвэрлүүлэх айл цөөхөн. Үүнээс болж бохир усыг гэр хорооллын гудамж, талбай, нүх, хашаандаа асгадаг учир хөрсний бохирдол үүсэж, халдварт өвчин тархах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Гүний ус, хөрсний чанарын бичил биетэн, хүнд металл, нитрат зэрэг бохирдлын судалгааны ажлуудаас үзвэл нийслэлийн гэр хорооллын хөрс, усны бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэдэн 100 дахин өндөр байна. Түүнчлэн гэр хорооллын иргэдийн оршин суух байршил ихэвчлэн эгц, налуу газарт байрладаг тул байгалийн гамшигт үзэгдэл, цаг уурын онцгой нөхцөлд илүү өртөж, хавар, зуны улиралд үерт автах нь элбэг.
Ус зөөхөд зарцуулах хугацаа хүүхдийн боловсрол эзэмших цагаас хороож байна
Гэр хорооллын иргэдийн дунд хийсэн хэд хэдэн судалгаагаар усан хангамж ахуйн хэрэгцээнд хангалттай, хэрэглээндээ сэтгэл хангалуун байна гэх дүгнэлт гарчээ. Энэ нь иргэд илүү сайжруулсан усан хангамжийн талаарх мэдлэг дутмаг буйг илтгэж байна. Усан хангамжийн суурь үйлчилгээний хүртээмжгүй байдалтай холбоотой нийгэм, эдийн засгийн үр дагавар, эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөө нь төдийлөн нүдэнд ил харагдахгүй боловч урт хугацаандаа маш их хор хөнөөл үзүүлдэг. Тодруулбал, хүүхдүүд ихэвчлэн усаа зөөдөг бөгөөд энэ нь урт хугацааны туршид хүүхдийн боловсрол эзэмших цагаас нэлээд хэсгийг нь хороодог аж. Мөн өвлийн улиралд ус зөөх нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг бөгөөд одоогоор энэ талаар хийгдсэн нарийн судалгаа алга.
Усыг эрүүл ахуй, байгаль орчин, үйлдвэрлэл, цахилгаан эрчим хүч бүтээх эх үүсвэр хэмээн харах ёстой
Монгол Улсын Засгийн газраас 2015 онд ухаалаг худаг суурилуулах ажлыг санаачлан, хэрэгжүүлсэн билээ. Эл ажлын хүрээнд ус түгээх шугамд холбогдсон 142 худгийг ухаалаг болгосон бөгөөд тэдгээр нь 24 цагаар ажиллах горимтой, камер, усны тоолуур, төлбөрийн гүйлгээний картыг унших мэдрэгчтэй дэлгэцээр тоноглогдсон байв. Гэвч эдгээр нь усны тэгш хуваарилалт, хүүхдийн ус зөөх ачааллыг бууруулах зэрэг тулгамдсан асуудлыг шийдэж чадаагүй юм.
Одоогоор манай улсын төсөв болон олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлж буй гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөрүүд нь төвлөрсөн холболттой, томоохон орон сууц барихад чиглэж байна. Бид монгол гэрийг байгаль орчин эдийн засагт муугаар нөлөөлж буй шалтгаан гэхээс илүү бидний уламжлал, өв соёл хэмээн харах ёстой. Тиймээс орчин үеийн техник технологи, инженерчлэлийн шийдлээр гэрийг усан хангамжтай болгож, эрүүл ахуйн нөхцөлийг дэлхийн стандартад нийцүүлэн боловсруулах талаар судлах хэрэгтэй. Усны асуудлыг хүн амын ахуйн хэрэглээнээс гадна эрүүл ахуй, байгаль орчин, үйлдвэрлэл, цахилгаан эрчим хүч бүтээх эх үүсвэр болгон, цогц байдлаар асуудлыг шийдэх хэрэгтэй.
Усны хүртээмжтэй холбоотойгоор ачаалал, бэрхшээлийг даван туулах хариу арга хэмжээ болгон хувийн худгийг ихээр барьж байна. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаныхны мэдээлснээр 2018 оны байдлаар нийслэлд 8700 бүртгэлтэй хувийн худаг байна гэх судалгаа гарчээ. Худаг барих ажлын өртөг багаас гадна худагтай хашааны зах зээлийн үнэлгээ өндөр байдаг тул хувийн худаг гаргах явдал нэмэгдсээр байгаа аж. Хэдийгээр хувийн худаг нь Улаанбаатар хотын хотжилтын салшгүй хэсэг боловч усны тарифын тогтвортой байдал болон газрын доорх усны нийт хүчин чадалд нөлөөлөх судалгааны ажил хийгээгүй, албан ёсны тайланд тусгагдаагүй хэвээр байна.
Усны тогтвортой менежмент гэдэг нь нийгэм эдийн засгийн нөхцөл байдалд тохирсон, бүгдэд эрх тэгш хүртээмжтэй, урт хугацааны бодлоготой, оролцоонд суурилсан байхыг хэлдэг. Олон нийтийн оролцоо гэдэг нь усны хэрэглэгчид бид шийдвэр гаргагчдад шаардлага тавих, дуу хоолойгоо илэрхийлэх боломжтой механизм юм. Энэ нь нийгмийн үнэт зүйлийг эрхэмлэх, дадал, сул талыг хүлээн зөвшөөрөх, засаж залруулах, хойч үедээ өвлүүлж үлдээх санах ойтой хөгжлийг буй болгох нөхцөлийг бүрдүүлэх боломжтой.