Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Ховд аймагт томилолтоор ажилласан 2 иргэний нэг нь “Ковид-19”-ийн халдвар авсан болох нь шинжилгээгээр батлагдаад байна. Эдгээр иргэд нь Улаанбаатар хотоос ирэхдээ Ховд аймгаар дайран өнгөрч шууд Баян-Өлгий аймагт очиж ажилласан.
Харин буцах замдаа буюу энэ сарын 14-ний өдөр Ховд аймгийн БОЭТ-д ажиллаж тоног төхөөрөмж угсарсан байна. Тэнд 5 цагийн хугацаатай ажиллаад мөн өдрөө Улаанбаатар хотруу гарсан аж. Замдаа Говь-Алтай, Өвөрхангай аймгуудаар дайран өнгөрч Улаанбаатар хотод гуравдугаар сарын 16-нд ирээд 18-нд шинжилгээ өгөхөд халдвартай болох нь тогтоогджээ.
Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс Ховд аймгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Зооноз өвчин судлалын төв зэрэг мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллаж ойрын хавьтлын иргэдийг олж тогтоон 13 иргэнээс PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ. Эдгээр иргэдийг тусгаарлан ажиглаж байна. Давтан шинжилгээг ирэх 7 хоногийн Даваа гарагт мөн түүнээс хойш дахин 7 хоногийн дараа авах аж.