Гаднаа тоглож байсан хоёр настай охин сураггүй алга болсныг тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид, эрэлч нохойн тусламжтай эсэн мэнд олж эцэг, эхэд нь хүлээлгэн өгсөн. Энэ цагийн эгэл баатрууд болох Ховд аймаг дахь цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Ц.Жарантай, Нохой хөтлөгч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т.Бямбатулга нартай товчхон ярилцлаа.
Эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Ц.Жарантай. Тэрээр 2015 оноос хойш цагдаагийн албанд хүчин зүтгэж байна
-Охиныг эрэн хайх ажил хэдэн цаг үргэлжилсэн бэ?
-Ховд аймаг дахь Цагдаагийн газрын утсанд энэ оны гуравдугаар сарын 5-ны 20.35 цагт “Хоёр нас долоон сартай Э.Энгүүн охин гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон, хайгаад олдохгүй байна” гэх дуудлага ирсэн. Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хошууч Н.Бямбажаваар ахлуулсан 21 алба хаагч, таван сонсогч, Онцгой байдлын газар болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Буянт сумын Засаг даргын Тамгын газар, нутгийн иргэд зэрэг 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй эрлийн ажлын хэсэг тухайн нутаг дэвсгэрт эрлийн ажиллагааг 22.03 цагт зохион байгуулж эхэлсэн. 00.00 цагийн үед алга болсон байж болзошгүй газраас үнэр авхуулж, нохой хөтлөгч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бямбатулга бид хоёрт албаны “Дрон” дуудлагатай нохойгоор мөр хөөлгөх чиглэл өгсөн. Албаны нохой мөр хөөж явсан чиглэлд самналтыг зохион байгуулахад хүүхэд анх алга болсон гэх газраас таван км орчим зайд хөдөө, хээр осгосон байдалтай байсныг маргааш нь 03.50 цагт олсон.
-Яагаад эрэлч нохойг ашиглах болсон бэ?
-Хүүхэд алга болсон гэх газар нь аймгийн төвөөс 18 орчим км зайтай, уулархаг хад чулуу ихтэй газар. Тухайн айлаас 400 метр орчим зайд саахалт гурван айл байдаг. Хамгийн сүүлд харсан гэх иргэний мэдээлснээр таван настай ах нь дүүгээ дагуулчихсан малд явсан аавынхаа чиглэлд явж байсан, алга болсон хүүхэд нимгэн хувцастай гэх нөхцөл байдал тогтоогдож осгох эрсдэл өндөр байсан учир хурдан шуурхай олж илрүүлэхийн тулд нохойг ашигласан. Монгол хүний эрхэм анд болох нохой цагдаагийн алба хаагч болоод 77 жил болжээ. Ер нь манайхан нохойны тусламжтай олон хэрэг илрүүлдэг.
-Охиныг олоход биеийн байдал ямар байсан бэ?
-Биднийг очиход охин харганы нөмөрт осгосон байдалтай хэвтэж байсан. Бид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн. Одоо бол охины биеийн байдал хэвийн байгаа. Охиныг осгож амь насаа алдахаас өмнө олж ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өгсөндөө бид бүхэн баярлаж сууна.
Нохой хөтлөгч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т.Бямбатулга: "Дрон" бид хоёрын илрүүлсэн анхны хэрэг
Өөрийнхөө талаар танилцуулахгүй юу? Нохой хөтлөгчөөр ажиллаад хэдэн жил болж байна вэ?
-Би 2014 оноос цагдаагийн байгууллагад ажиллаж эхэлсэн. Долоо дахь жилдээ ажиллаж байна. Нохой хөтлөгчөөр бол өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн Ховд аймгийн Эрүүгийн цагдаагийн тасагт “Дрон” дуудлагат нохойн хөтлөгчөөр ажиллаж эхэлсэн. “Дрон” маань бас 2020 оны зургадугаар сард манай тасагт ирсэн.
-Эрэлч нохойтойгоо хамт ямар ямар хэрэг илрүүлж байв?
-Бид хоёулаа энэ албанд ороод удаагүй байна. Охиныг олсон нь бид хоёрын анхны илрүүлэлт. Цаашид олон хэрэг дээр хамтран, олон хэрэг илрүүлэх болно.
-Нохойтой ажиллахын онцлог, давуу тал нь юу юм болоо?
-Онцлог гэхээсээ илүү маш олон давуу талтай. Жишээ нь нэг хэргийн холбогдогчийг мөн эсэхийг нотлохын тулд маш олон хүн ажиллаж мөн хугацаа, хөрөнгө мөнгө ихээр зарцуулан шинжилгээ хийдэг. Энэ бүх дамжлагыг хөнгөвчлөөд эдийн засгаа хэмнэхийн тулд, нөгөө талаас хурдан шуурхай ажиллахын тулд нохойг илүү түлхүү ашигладаг. Мөн нохойгоо маш сайн ойлгож, сайн ажиглах хэрэгтэй, үнэр аваад явж байхдаа салхи шуургатай үед үнэрээс гарч байна уу? үгүй юу? гээд үйлдэл бүрийг маш сайн ажиглах хэрэгтэй.
-Дрон дуудлагат нохой нь ямар үүлдрийн нохой вэ? Бусад үүлдрийн нохойноос юугаараа давуу байдаг вэ?
-Тус нохой нь Герман улсын немц овчарк. Бусад үүлдрийн нохойноос сургалтын тогтоц сайтай, аливаа юмыг сурахдаа хурдан, тэвчээртэй мөн маш тайван төрлийн нохой. Нохой бүр өөр өөрийн гэсэн онцлог шинж чанар болон давуу талтай байдаг. Овчарк нохойг харахад биеэр жижиг боловч үнэрлэх эрхтэн сайн хөгжсөн байдаг. Энгийн нохойтой харьцуулахад эзэн нь дайрах команд өгөөгүй л бол ямар ч нөхцөлд хэн рүү ч дайрахгүй. Нохой тэр дундаа овчарк үүлдрийн нохой хүнд хамгийн үнэнч, ой тогтоолт болон нэг хийж сурсан үйлдлээ марталгүй сурдаг. Мөн цэрэг, дайны зориулалтаар өргөн хэмжээгээр ашиглаж ирсэн.
-Нохой хөтлөгч, нохой хоёр бие биедээ хурдан хугацаанд дасчихдаг уу?
-Хагас жил гэдэг багагүй хугацаа. Бараг л эхнэр, нөхөр хоёрын харилцаанаас ч илүү бие биедээ итгэлцэл үүсгэчихдэг. Өглөө ажилдаа ирэхэд нохой маань бүр саначихсан байдаг. Яг л хүүхэд шиг баярлаж, тойрч гүйгээд л үнэхээр өхөөрдөм. Бид хамтдаа суралцаж, хамтдаа хөгжиж, хамтдаа олон хэрэг, зөрчлийг илрүүлнэ гэж боддог. Дронтойгоо байхад ямар ч ажлыг саадгүй, амархан хийчих юм шиг санагддагдаа.
-Албаны нохойг хэр хугацаанд бэлтгэдэг вэ? “Дрон”-ыг хэрхэн сургав?
-Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохой сургалтын хэлтэс гэж байдаг. "Дрон" маань тэр хэлтсээс авчирсан нохой. Хэлтсийн мэргэшсэн багш нар нохой хөтлөгч, нохой хоёрыг хамтад нь зургаан сарын турш бэлтгэж, сургадаг юм. Хүн бүр өөр өөрийн ааш араншин, онцлогтой шиг нохой ч бас тийм. Биднийг нэг хүн шиг, нэг биет шиг уусгаж нэгтгэхийг мэргэшсэн багш нар маань заадаг. Ер нь нохойг анх сонгон шалгаруулж авахдаа албанд тэнцэх байдал, ачаалал даах чадвар, сэргэлэн цовоо байдал болон цус хэрхэн сэлбэсэн зэрэг чанарыг хардаг.