Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах талаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан Их Британи, Умард Ирландын Вант улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Филип Малоунтой санал солилцлоо. Уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, биологийн олон янз байдал, тэр дундаа зэрлэг амьтдыг хамгаалахад чиглэсэн төсөл, хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлж, хамтран ажиллах саналтай байгаагаа талууд илэрхийлсэн юм.
Үүнээс гадна байгаль орчны өргөн мэдлэгтэй, олон нийтэд экологийн боловсрол олгох чадвартай мэргэшсэн сэтгүүлчийг бэлтгэх талаар санал солилцож, цаашид хамтран ажиллахаар болжээ.
Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх, экологид ээлтэйгээр нийгэм, эдийн засгаа сэргээхэд чиглэсэн ажлуудыг хамтран хэрэгжүүлэх талаар ярилцсан байна.