Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын суурин төлөөлөгч Винод Ахужа, Дэлхийн байгаль хамгаалах сан (ДБХС)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Д.Батболд нарыг хүлээн авч уулзан, байгаль орчны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалах Дорнод хээрийн төслийн баримтад гарын үсэг зурж, албан ёсоор төсөл хэрэгжүүлж эхэлж буйг зарлалаа.
Даян Дэлхийн Байгаль Орчны Сан (ДДБОС)-гийн зургаан сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжих уг төслийг Монгол Улс дахь НҮБ-ын ХХААБ, ДБХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн есөн суманд хэрэгжүүлэх гэнэ. Дээрх төсөл нь хуурай, гандуу бүс нутгийн экосистемийн доройтлыг бууруулж, биологийн олон янз байдлыг хомстохоос урьдчилан сэргийлэх зорилготой аж.