Өндөр уулын эзэн хэмээн нэрлэгдэх цоохор ирвэсийн тооллогыг БОАЖЯ, Дэлхийн байгаль хамгаалах сан (ДБХС)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан, Олон улсын ирвэс хамгаалах сан зэрэг арав гаруй байгууллага хамтран дөрвөн жил хийжээ.
Цоохор ирвэс нь дэлхийн 12 орны уулархаг газраар нутагладаг бөгөөд манайх нийт ирвэсээ тооллогод хамруулсан дэлхийн анхны улс гэнэ.
Энэ талаар ДБХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтэн Н.Энхбаяраас тодруулахад “Дэлхийн 12 оронд цоохор ирвэс амьдардаг бөгөөд тэдгээрийг улсынхаа хэмжээнд тоолж, бүртгэлжүүлсэн орон байхгүй. Бүс нутаг, тархан амьдардаг уулынх нь хэмжээнд л тоолж байсан удаатай. Дөрвөн жилийн судалгаа, хамтын ажиллагааны хүрээнд Монгол нийт цоохор ирвэсээ бүртгэлжүүлсэн дэлхийн анхны улс болсныг маргааш зарлах гэж байна. Манай улсын цоохор ирвэсийн тоо толгой дэлхийн олон орны байгаль, ан амьтан, экологийн салбарынхны анхаарлыг татаж буй. Тиймээс Монгол орны цоохор ирвэсийн тоо толгойг дэлхий дахинаа маргааш зарлана” гэв.