Малчин Амгаланбаатар Завхан аймгийн Отгон сумд охинтойгоо амьдардаг бол эхнэр, хүү нь нийслэлд ажил хийдэг. Жил ирэх тусам бэлчээр доройтон, малаасаа хүртэх ашиг шим багассанаар орон нутагт нь ажлын байр байхгүй болсон учир эхнэр, хүү нь нийслэлийг зорьсон аж. Ингэж тусдаа амьдрах нь амаргүй байсан тул Амгаланбаатар охины хамт гэрээ ачин, Улаанбаатар хот руу нүүв. Нийслэл рүү орж ирмэгц л бохир агаар, замын түгжрэл тэднийг “угтаж”, хаана амьдрахаас өгсүүлээд олон бэрхшээлтэй нүүр тулах нь тэр.
НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагаас Монгол Улсын хэмжээнд 500 гаруй хүнийг хамруулан судалгаа хийгээд дөрвөн хүн тутмын нэг нь шилжилт хөдөлгөөний талаарх наад захын мэдлэггүй болохыг тогтоожээ. Мөн МУИС-ийн дэргэдэх Хүн амын сургалт, судалгааны төвөөс явуулсан “Шилжилт хөдөлгөөн ба хөдөлмөр эрхлэлт” (2500 өрхийг хамруулсан) судалгаагаар Улаанбаатар хотод шилжин ирэгсдийн 70 хувь нь хашаа, байшин түрээслэх, эсвэл танил тал, хамаатныхаа хашаанд буух буюу гэр хороололд суурьшиж буйгаа хэлсэн аж.
Сонгинохайрхан дүүргийн XXXVI хороонд нэгэн айлын хашааг түрээслэн, тэнд гэрээ барилаа. Уг газар нь уулын энгэрт буюу хазгай, худаг болон сайжруулсан түлш авах цэгээс 500 м, автобусны буудал, хорооны байрнаас нэг км орчим зайтай аж. Шилжиж ирсэн бүртгэлээ хийлгэхээр Амгаланбаатар дээрх хорооны байрыг зорьсон ч “Та түр оршин суугчаар л бүртгүүлнэ. Ингэхийн тулд хашааны эзний болон таны бичиг баримт хэрэгтэй. Бас өргөдөл бичээд цээж зургаа өгөөрэй. Түр оршин суугчаар бүртгүүлсэн тохиолдолд хүүхдийг тань сургуульд хамруулах боломжгүй. Манай харьяа сургуулийн даац гурав дахин хэтэрсэн” гэхийг сонсов. Мөн тэрбээр ажилд авах зарын дагуу холбогдоход “Түр оршин суугч бол ажилд авахгүй, тавигдах шаардлагыг хангахгүй, тогтоосон насны босгоос хэтэрсэн байна, ажлын газарт аль болох ойр оршин суудаг хүнийг л авна. Туршлагагүй тул 3-6 сар “цалингүй” ажиллуулна” гэх хариулт дуулгажээ. Ингэснээр ажилд орж чадалгүй хэдэн сарыг үдлээ. Энэ бол бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагынхны хийсэн баримтат киноны гол үйл явдал. Орон нутгаас нийслэлийг зорьж ирсэн иргэдэд тулгардаг бэрхшээлийг үүгээр харуулсан аж.
2020 онд нийслэлд орон нутгаас 39 мянган иргэн шилжиж иржээ. Сүүлийн таван жилд нийт 80 мянга гаруй шилжин суурьшигчаар Улаанбаатар хот “бүл нэмсэн” байна. Энэ нь зөвхөн бүртгүүлсэн хүмүүсийн тоо. Цаана нь шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгээгүй хэчнээн хүн байгааг таашгүй. Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн түр болон байнга оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй. Гэвч дээрхийн адил хаана амьдрах, ямар ажил эрхлэн орлого олох, хүүхдүүдээ аль сургуульд сургах, амьжиргаандаа наад зах нь хэдэн төгрөг зарцуулах, нэг, таван жилийн дараа юунд хүрэхээ тооцоолохгүй нүүдэг тохиолдол шилжин ирэгсдийн дийлэнх хувийг эзэлж буйг олон судалгаа харуулж байна. Үүнээс үүдэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалуулах, ажил хөдөлмөр эрхлэх, эмнэлгийн тусламж болон төрийн үйлчилгээ авах гээд олон эрх нь зөрчигдөх нөхцөл бүрддэгийг холбогдох байгууллагуудаас анхааруулах болов. Түүгээр ч зогсохгүй гал, үер усны аюулд өртөх, мэргэжил, боловсролын хувьд гологдох, ялгаварлан гадуурхагдах, амьжиргааны түвшин нь мэдэгдэхүйц хувиар буурах эрсдэлтэй тулгардаг байна.
НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагаас Монгол Улсын хэмжээнд 500 гаруй хүнийг хамруулан судалгаа хийгээд дөрвөн хүн тутмын нэг нь шилжилт хөдөлгөөний талаарх наад захын мэдлэггүй болохыг тогтоожээ. Мөн МУИС-ийн дэргэдэх Хүн амын сургалт, судалгааны төвөөс явуулсан “Шилжилт хөдөлгөөн ба хөдөлмөр эрхлэлт” (2500 өрхийг хамруулсан) судалгаагаар Улаанбаатар хотод шилжин ирэгсдийн 70 хувь нь хашаа, байшин түрээслэх, эсвэл танил тал, хамаатныхаа хашаанд буух буюу гэр хороололд суурьшиж буйгаа хэлсэн аж. Өөрөөр хэлбэл, эзэмших газар олддоггүй тул ингэж шийддэг гэжээ. Энэ нь 2020 онд явуулсан, удахгүй танилцуулах судалгаа юм. Түүнчлэн шилжин суурьших шийдвэр гаргахдаа найз нөхөд, танил, хамаатныхаа хүмүүсээс мэдээлэл авдгаа илэрхийлсэн байна. 2019 онд тус төвөөс судалгаа хийхэд Улаанбаатар хотод шилжин ирсэн 401 өрхийн 62.8 хувь нь ажил олдохгүй байгаа гэсэн бол 40 хувь нь орлогын эх үүсвэргүй гэж хариулсан аж. Үүнийг ажлын байраа урьдчилан судлаагүй нүүснээс үүдсэн хүндрэл гэж хэлж болно. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газрын хувьд Улаанбаатар хотод шилжин ирж байгаа иргэдийн зорилгын талаарх мэдээллийг цуглуулдаг ч үүнийгээ зөвхөн ҮАБЗ-д өгдөг журамтай гэнэ.
Хаана амьдрахаа шийдэх нь тухайн хүний эрх. Гэхдээ эрхийг нь баталгаатай эдлүүлэхийн тулд шаардлагатай судалгаа, мэдээллээр хангах ёстойг НҮБ болон холбогдох олон улсын байгууллагаас манай эрх баригчдад зөвлөж буй юм. Өөрөөр хэлбэл, төр буюу улсын бүртгэлийн байгууллагын анхан шатны нэгж дэх албан хаагч, хорооны нийгмийн ажилтан, хөдөлмөр эрхлэлт, халамжийн мэргэжилтэн нь шилжих хөдөлгөөний талаарх мэдээлэл, ойлголтыг иргэдэд өгөх үүрэгтэй аж. Жишээ дурдъя. Сонгинохайрхан дүүргийн иргэн М “Амьдралаа дээшлүүлэх зорилгоор хотод ирсэн. Би ажил хайж л байна. Хүүхдээ цэцэрлэгт зөөж, өдрийг өнгөрөөдөг. Нөхөр минь ажил хийж, сард 500 мянган төгрөгийн цалин авдаг. Амьжиргаагаа залгуулахад хүрэхтэй, үгүйтэй. Ямар ч хамаагүй ажил хиймээр байна” гэжээ. Ийм тохиолдолд тухайн иргэнийг нүүхээс нь өмнө хаана очих, хүүхдээ аль сургууль, цэцэрлэгт хамруулахаар төлөвлөсөн, ажлын байраа олсон, эсэхийг сумынх нь хөдөлмөр эрхлэлт, халамжийн мэргэжилтэн, эсвэл улсын бүртгэлийн болон нийгмийн ажилтан нь тодруулж, үүсэх хүндрэл, бэрхшээлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх ёстой аж. Нөгөө талаас шилжин ирсэн хороо, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, төвүүдэд ажил хайгчаар бүртгэж, зуучлах, ажил, мэргэжлийн чиг баримжааны талаар зөвлөгөө өгөх, сургалтад хамруулах зэргээр тухайн иргэнийг дэмжих учиртай гэнэ. Гэвч энэ чиглэлээр хийж буй ажил хангалтгүй байгааг дээрх судалгаа, жишээнээс харж болно. Нөгөөтээгүүр, Улаанбаатар хот хүн амын нягтшил ихтэй. Статистикийн мэдээллээс харахад хотын нэг ам км талбайд 327 хүн ногдож байна. Нийслэлийн 170 гаруй хорооноос 60 гаруй нь 8000, 43 нь 10 000-аас дээш хүн амтай. Тэгэхээр нийслэлд хэдийчинээ хүн шилжин ирнэ тэр хэмжээгээр эдгээр үзүүлэлт өсөж, наад захын, тухайлбал, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд хамрагдах боломж улам бүр хумигдах нь гарцаагүй.
Шилжилт хөдөлгөөн нь зөвхөн нэг иргэний гэрээ ачаад нүүх төдий ойлголт бус, хот төлөвлөлт, дэд бүтэц, хүний, хүүхдийн эрх, нийгэм, эдийн засгийн хөгжлөөс эхлээд хөдөө, орон нутгийг “эзэнтэй” байлгаж, хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний зохицуулалт шаарддаг. “Нүүх үү, суух уу, судалъя” аяны хүрээнд зохион байгуулсан гэрэл зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүд ч үүнийг тодорхой өгүүлсэн байна. Зуднаар олон тооны мал нь хорогдсон, орон нутаг нь эзгүйрсэн, гэрээ ачаад нүүж байгаа, хашаандаа үер болон халианд автсан дүр төрх, өвлийн хүйтэнд гэр хорооллын захаас охиноо хөтлөөд сургуульд нь хүргэж өгч буй, уулын энгэрт, хогон дунд хүүхдүүд тоглож, оршуулгын дэргэд аж төрж, бохир агаар “бүрхсэн” зэрэг олон янзын өнгийг гэрэл зурагчид тольджээ.
ХНХЯ, УБЕГ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран шилжих хөдөлгөөний чиглэлээр зөв бодлого хэрэгжүүлэх, нөгөөтээгүүр, иргэдийг энэ талаарх мэдээллээр хангах ажлыг эхлүүлж буй аж. Дээрх аян нь үүний эхлэл бөгөөд нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар иргэдэд уриалж, үг хэлсэн байна. Тэрбээр “Хаана орлоготой амьдарч болох вэ, тийшээ л хүмүүс чиглэнэ. Иргэдэд буруу өгөх учиргүй. Харин амьдрах газраа сонгох сонголтыг бий болгох буюу өрсөлдөх чадвар сайтай хотуудыг хөгжүүлэх ажлыг төр бодлогоор хийх ёстой” гэжээ. Энэ нь түүний ажлаа хүлээж авсны дараахан илэрхийлсэн байр сууринаас хол зөрж байна. Тухайн үед тэрбээр “Миний сонссоноор 247 мянган иргэн хөдөө, орон нутгаас Улаанбаатарт ирж, 35-45 хоногийн хугацаанд таксины үйлчилгээнд явчихаад буцдаг гэсэн. Үүнээс болж гэмт хэрэг, хулгай дээрэм гарч, замын түгжрэл үүсэж байна. Мөн гудамжинд нус, цэрээ хаяж буйг нь дүрсжүүлсэн байгаа. Тэднийг Улаанбаатар хот руу оруулахгүй байх хэрэгтэй. Хот чинь даацгүй байна шүү дээ” хэмээн орон нутгийн иргэдийг ялгаварлан гадуурхаж, амьдрах газраа чөлөөтэй сонгох эрхэд нь халдаж байсан билээ. Орон нутагт ажлын байр хомс учир иргэд нийслэлийг зорьдгийг ойлгосон уу, ямартай ч ажлаа хүлээж аваад таван сар шахам хугацаа өнгөрсний дараа Засаг дарга Д.Сумъяабазар иргэдийн хот руу чиглэсэн хөдөлгөөн, тэдний “амьдрал”-ыг харах өнцгөө өөрчилсөн нь сайн хэрэг.
Статистик мэдээллээс харахад Сэлэнгэ, Өмнөговь, Дархан-Уул, Орхонд шилжин очигсдын тоо бусад аймгийнхаас харьцангуй өндөр байгаа юм. Хүн ам олонтой, дэд бүтэц нь тодорхой хэмжээнд хөгжсөн аймгуудын төвийг хотын статустай болгон, хөгжүүлбэл шилжин ирэгсдийн тоо тийшээ чиглэж магадгүй нь. 2017-2020 онд орон нутгаас нийслэлд шилжин ирэхийг хязгаарласан ч эсрэгээрээ бүртгэлгүй суурьшигчдын тоо өссөн удаатай. Үүнийг хориглох, хязгаарлах замаар шийдэх нь үр дүнгүй гэдгийг харуулав. Эцэст нь хэлэхэд, “Очиж байтал аяндаа болно доо” гэх хандлагаас зайлсхийж, судалгаатай, мэдээлэлтэйгээр нүүдэл хийснээр учирч болох олон эрсдэлээс өөрийгөө, гэр бүлээ хамгаалах боломжтой. Гэхдээ Д.Сумъяабазар даргын хэлснээр өрсөлдөх чадвар сайтай хотуудыг хөгжүүлэх нь “харанхуй нүүдэлчид”-эд чиглэсэн зөв бодлого байж мэднэ.