Дорноговь аймгийн Сайншанд сум 2021.03.14-ний 16.45 цаг.
Цаг агаарын гамшигт үзэгдэл буюу хүчтэй шуурганы улмаас энэ сарын 13-14-нд шилжих шөнө Увс аймгийн нутагт байрлах 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 216 дугаар тулгуур багана хугарч, эрчим хүч доголдсон байна. Үүний улмаас Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн нутаг бүхэлдээ, Говь-Алтайн зургаан сумд цахилгаан тасарчээ. Гэмтсэн тулгуур баганыг сэргээн босгох чиглэлээр “Баруун бүсийн эрчим хүчний систем” компанийн 34, “Увс цахилгаан түгээх сүлжээ” компанийн 23, нийт 57 инженер, техникийн ажилтан газар дээр нь ажиллаж буй гэнэ. Увс аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа П.Ууганбаяраас нөхцөл байдлыг тодруулахад “08.00 цагаас эхлэн холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж, гэмтлийг засварлаж байгаа. Өнөөдөр (өчигдөр) хараахан засаж дуусахгүй. 48 цагийн дотор цахилгааныг хэвийн болгох төлөвлөгөөтэй. Энэ сарын 13-нд аймгийн нутагт нэлээд хүчтэй шуурсан. Одоогоор ихэнх нутагт цаг агаар тогтуун болсон” гэв.
Энэ сарын 13-наас баруун бүсийн аймгуудаас эхлэн нийт нутгаар цасан болон шороон шуурга шуурч, цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагджээ. Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газрынхнаас тодруулахад “Баруун аймгуудаас эхлэн цас болон шороогоор шуурлаа. Өнөөдрөөс (өчигдөр) төвийн аймгууд, маргааш зүүн аймгуудын нутгаар шуурах төлөвтэй. Баянхонгорын Баянцагаанд салхи секундэд 28 метрт хүрч шуурлаа. Мөн Булганы Могод сумд өнөөдөр 11.00 цагийн үед салхины хурд секундэд 32 метрт хүрсэн. Үүнээс гадна Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд, Завхан, Дорноговь, Өмнөговь аймагт цасан болон шороон шуурга дэгдэж, цаг агаарын аюулт, гамшигт үзэгдэл ажиглагдсан” гэж цаг уурч М.Солонго хэлэв. Түүнчлэн тус газраас салхины хурд Завханд 28, Баян-Өлгийд 32, Говь-Алтайд 33, Ховдод 30-34 м/секундэд хүрсэн хэмээсэн юм. Салхины хурд 18 м/секундээс дээш байвал байгалийн аюулт үзэгдэлд тооцдог. Харин хурд нь 24-өөс их бол цаг уурын гамшигт үзэгдэл гэж үздэг билээ.
Орон нутаг дахь нөхцөл байдлыг тодруулахад “08.00 цагаас Баян-Агт сумаас эхлэн шороон шуурга шуурч, улмаар нийт нутгийг хамарсан. 11.00-12.00 цагт маш хүчтэй шуурлаа. Одоо (өчигдөр 17.30 цагийн үед) урд талын найман сумд цасаар шуурч байна. Бусад газарт цаг агаар харьцангуй тогтуун болсон. Хохирлын хэмжээг тогтоох ажлын хэсгийнхэн сумуудад ажиллаж буй. Одоохондоо нэгдсэн дүнг хараахан гаргаагүй. Гэр, хашаа нурсан гэх дуудлагууд иргэдээс ирж байна” гэж Булган аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн юм. Тэгвэл Баянхонгор аймгийн тухайд өчигдөр 17.40 цагийн үед Баянцагаан, Баацагаан, Богд сумын нутагт салхины хүч секундэд 26-31 метр хүрч шуурч байна гэв. Ховд аймагт хүчтэй шороон шуурганы улмаас таван айлын гэр, 27 айлын хашаа нурж, хоёр автомашины цонх хагарч, нутгийн удирдлагын ордных нь дээвэр хууларсан хэмээлээ. Түүнчлэн Архангай, Баянхонгор, Төв, Завхан, Булган, Ховд, Увс аймагт цасан шуурганы улмаас иргэд сураггүй алга болсон, төөрсөн гэх дуудлага холбогдох албаныханд цөөнгүй ирсэн байна. Онцгой байдлын ерөнхий газраас “Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас 14 хүн төөрч, сураггүй болсон. Энэ сарын 14-ний 15.00 цагийн байдлаар долоон иргэнийг эсэн мэнд олж, бусдыг нь эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тухайлбал, Баянхонгорын Богд сумд хоёр, Архангайн Батцэнгэлд нэг, Төв аймгийн Сүмбэрт хоёр иргэнийг эрэн хайж байгаа” гэв.