Архангай, Баянхонгор, Төв, Завхан, Булган, Ховд, Увс аймгуудад хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас иргэд цасанд суусан, сураггүй алга болсон тохиолдол цөөнгүй гарлаа. Тодруулбал, гуравдугаар сарын 14-ний өдрийн 15.00 цагийн байдлаар нийт 548 хүн төөрсөн сураггүй болсон дуудлагаар ажиллаж, урд шөнөжин эрэн хайжээ. Улмаар 467 хүнийг эсэн мэнд олсон байна. Харамсалтай нь, сураггүй болсон иргэдээс Дундговь аймагт, таван хүн, Архангайд нэг хүүхэд энджээ.
Одоогоор сураггүй болсон 81 иргэнийг хайж байгаа гэнэ. Тэдний 68 нь Дундговь, хоёр нь Говьсүмбэр, хоёр нь Төв аймаг, тав нь Өвөрхангай, дөрөв нь Өмнөговийн иргэн.
Үүнээс гадна 58 гэр, 120 хашаа нурж, 20 байшингийн дээвэр хууларсан гэнэ. 1200 гаруй мал уруудсан байна. Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас гуравдугаар сарын 13-ны өдрийн 23.20 цагт ОХУ-аас Баруун бүсийн аймгуудад цахилгаан эрчим хүч нийлүүлдэг С-458 агаарын шугамын 216 дугаар тулгуур багана (Увс аймгийн Улаангом сумаас баруун тийш 90 орчим км) унаж, Баян-Өлгий, Увс, Ховд аймагт цахилгаан тасарсан байна. Дөргөний усан цахилгаан станцаас түр холболт хийн дээрх гурван аймгийн хэрэглэгчдэд цахилгаан түгээж буй. Унасан тулгуур баганыг босгох ажлыг Баруун бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК-ийн инженер техникийн ажилтнууд гүйцэтгэж эхэлжээ.
Мөн Зүүн бүсийн аймгуудад эрчим хүч нийлүүлдэг цахилгаан дамжуулах агаарын шугамын 207 дугаар шугамд гэмтэл гарч Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймагт түр зуур цахилгаан тасарсан. Гэмтлийг даруй арилгаж хэвийн байдалд шилжүүлсэн байна.