Улаанбаатар-Дарханы чиглэлийн зам засвар, шинэчлэлийн ажил ирэх даваа гаргаас эхэлнэ. ЗТХЯ-ны автозамын мэргэжилтнүүд, сайдын зөвлөхөөс бүрдсэн ажлын хэсгийн баг өчигдөр газар дээр нь очиж замын бүтээн байгуулалт хийх газруудыг чөлөөлсөн, эсэхтэй танилцлаа. Одоогийн байдлаар замын газар чөлөөлөлт 100 хувь хийж, дөрвөн урсгалтай автозам барих бүх боломж бүрджээ. Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замыг Азийн хөгжлийн банкны 83 сая ам.долларын санхүүжилтээр засварласан бол уг замыг дөрвөн эгнээ болгох ажлыг Европын Сэргээн босголтын хөгжлийн банкны 120 сая ам.долларын санхүүжилтээр хийх юм. Энэ ажлын тендерийг Европын Сэргээн босголтын хөгжлийн банкнаас өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлээр зарлаж, энд БНХАУ-ын дөрөв, дотоодын нэг компани шалгарчээ. Дарханы замыг дөрвөн эгнээ болгож тавих эхний ээлжийн таван компаниас гадаадын гүйцэтгэгч нар энэ оны эхээр Монголд ирсэн. Улмаар барилгын материалаа бэлдэх, кэмп байгуулах, геодезийн хэмжилтүүд хийх, материалын орд газрыг нээх зэрэг бэлтгэл ажлыг ханган талбай дээр гараад байна.