Тарваган тахал өвчний уушгины хэлбэрийг анагаасан эмч Ч.Түмэннасантай ярилцлаа. Тэрбээр 1971 оноос эхлэн халдварт өвчин, тэр дундаа тарваган тахлыг анагаах чиглэлээр ажиллажээ. Агаар дуслын замаар халдварладаг уушгины тахал өвчин шинж тэмдэг, хүндрэл зэргээрээ шинэ төрлийн коронавирустэй тун төстэй юм. Эрүүл мэндийн салбарын хөгжлийн түвшин өнөөгийнхтэй харьцуулах аргагүй байсан 1980-аад онд манай улсад уушгины тахлыг хэрхэн анагаасан талаар Ч.Түмэннасан эмч ийнхүү ярилаа.
-Манай улсад уушгины тахал анх дэгдэхэд та голомтод нь ажилласан юм билээ. Хэдэн онд, хаана гарсан юм бэ. Одоогийнх шиг хөл хорио тогтоож, арга хэмжээ авч байв уу?
-1981 онд Говь-Алтай аймгийн Чандмань сумд уушгины тахал гарсан юм. Гэтэл уг өвчний голомтод ажиллах хүн олдохгүй байж. Аймгийн Эрүүлийг хамгаалах газрын дарга надаас өмнө хэд хэдэн эмчээс асуусан ч зөвшөөрөөгүй гэсэн. Уг нь тангараг өргөсөн эмч зөвшөөрөхгүй байж болохгүй шүү дээ. Тэрбээр надтай уулзаад ихэд халгасан шинжтэй “Чандмань сумд уушгины тахал гарсан юм шиг байна. Тэнд очиж ажиллах уу” гэхэд нь би уухайн тас зөвшөөрсөн. Мэдээж тахал гарсан учраас тус сумд хөл хорьж, өвчтөнүүдийг тусгаарласан байв. Сумынханд хүргэх хүнс ачсан хоёр “ЗиЛ-130” машины нэгийнх нь бүхээгт суугаад л тэнд очсон доо.
-Хэдэн хүн өвчилсөн юм бэ. Биеийн байдал нь ямархуу байв?
-Гурван хүн өвчилсөн. 10 настай хүүхэд хонь хариулж яваад өвдсөн мөндөл барьснаас тахал туссан байгаа юм. Хүүгээс ээж нь халдвар авсан. Үүний дараа охин нь ээжээсээ халдвар авсан. Өвчтөнүүдийн биеийн байдал маш хүнд. Цусаар ханиалгаж, амьсгаа нь давчдан, цээж нь түнхэлзэж байв. Анх үзээд “Эд нар ч эдгэрэхэд бэрх юм” гэж бодсон. Тэгээд л тарваган тахалтай холбоотой номууд уншлаа. Гэтэл уушгины тахал эдгэрдэггүй өвчин гэж бичсэн байна шүү. Гэсэн ч найдвар тасрахгүй, өвчин үүсгэгчийн эсрэг хүчтэй эмчилгээ хийгээд 10 хоносон. Тэгтэл өвчтөнүүдийн биеийн байдал дээрдээд эхэлдэг юм байна. Цусаар ханиалгахаа ч болилоо. Эдгэрдэггүй өвчнийг анагаачих юм биш биз гэж бодож, урамшина биз дээ. Үнэхээр ч тэднийг 35 хоног эмчилж, эдгээгээд, гэрт нь хүргэчихээд буцаж байлаа.
-Эдгэрдэггүй өвчнийг анагаачихлаа гээд орон даяар л яригдсан байх даа?
-Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байтал хамт ажилладаг лабораторийн эмч “Яамнаас хүмүүс ирж, чи бид хоёрыг шалгах гэнэ. Эдгэрдэггүй тахлыг анагаасан хэмээн худал хэлж, буруу оношилж байна гэж үзжээ” хэмээлээ. Тэгээд нийслэлээс Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах газрын орлогч дарга Саран, тус газарт ажиллаж байсан ЗХУ-ын мэргэжилтэнтэй хамт ирсэн. Тэд нөхцөл байдлыг шалгаад, уушгины тахал болохыг нь тогтоон, нотолж, журмын дагуу зургаан хоног тусгаарлагдчихаад буцсан. Тэр бол Монголд гарсан уушгины тахлын анхны тохиолдол юм шүү дээ. Харин өвчтөнүүдийг бүрэн эдгээсний дараа “Уушгины тахлыг эмчиллээ. Эдгэрдэггүй өвчин илаарьшлаа” гэх яриа хаа сайгүй гарсан. Улмаар тухайн үеийн Эрүүлийг хамгаалах яамны сайд намайг зориуд Эрхүү рүү тарваган тахлын лабораторийн эмчийн курст явуулж байлаа. Тэнд би гурван сар суралцсан. Очоод удаагүй байхдаа “Би Монголд тарваган тахлын уушгины хэлбэрийг эмчилчихээд ирсэн хүн” гэтэл багш нар огт тоохгүй шинжтэй “Уушгины тахал эмчлэгдэх нь ховор шүү дээ” гэж билээ. Гэхдээ л яриаг минь анхааралдаа авсан байгаа юм. Хэрхэн эдгээсэн талаар дараа нь тодруулж, багш, хамт суралцсан эмч нарт туршлагаасаа хуваалцсан.
-Тухайн үед одоогийнхыг бодвол хамгаалалтын хувцас, хэрэгсэл ховор байсан болов уу. Ямар өмсгөлтэй байсан бэ?
-Чандманьд очихдоо би хамгаалалтын хувцас ч өмсөж чаддаггүй байлаа. Анх удаа л тахлын голомтод ажиллаж буй шүү дээ. Хөшөө шиг амьтан зогсоод л тэнд ажиллаж байсан хүмүүсээр хувцсаа өмсүүлж билээ. Халдвараас хамгаалах гол зүйл бол хувцас, хэрэгсэл учраас хариуцлагатай хандах ёстой. Ялангуяа тарваган тахлын өмсгөл маш нарийн. Эхлээд чагнуур зүүнэ. Дараа нь толгойдоо алчуур зангидна. Амаржсан бүсгүй алчуураа яаж зангиддаг билээ. Яг тэгж толгой, чихээ битүү ороодог. Дараа нь комбинзон өмсөнө. Комбинзоныг цагаан даалимба, эсвэл ямбуугаар хийдэг байв. Үүний дараа мэс заслын бээлий, цагаан ямбуугаар хийсэн халад, дараа нь усны гутал, дахиад бээлий өмсөөд, амны хаалт зүүнэ. Урт маарлыг гурван давхар болгож эвхээд, дунд нь хоёр хуруу зузаан хөвөн хавчуулж амны хаалт хийдэг байв. Амны хаалт зүүсний дараа хамрын дээд талд гарсан зайг бөглөхийн тулд хоёр жижиг хөвөн чихдэг байлаа. Үүнийг зарим хүн мэдэхгүй, өнөөх хоёр хөвөнгөөр хамраа бөглөсөн тохиолдол ч бий. Тэгэхээр амьсгал давчдаад, ажиллаж чадахгүй биз дээ. Хамгийн сүүлд нь нүдний шил зүүдэг. Одоогийнхоор бол мотоцикл унахдаа зүүдэг, том хүрээтэй, нягт шил. Ингээд өмсгөл бүрэн болно. Хүний биеэс аль ч хэсэг нь ил гардаггүй.
-Хувцсаа тайлсны дараа ариутгаад, дахин ашигладаг уу?
-Халад, комбинзоноо ариутгалын уусмалд хийнэ. Тухайн үед лизолын уусмал ашигладаг байсан. Мөн өндөр агууламжтай хлораминаар ариутгаж ч болдог. Нүдний шилээ 70 градусын спиртээр халдваргүйтгэнэ. Усны гутлыг лизолын уусмалаар шүршинэ. Хувцсаа тайлсны дараа ам, хамраа зайлна. 96 градусыг 70 болгон сулруулсан спиртын уусмалаар зайлдаг. Уушгины тахлын голомтод ажилласан хүн чинь халдвар авахаас болгоомжилж, бүхнийг журам, дарааллын дагуу гүйцэтгэнэ шүү дээ.
-Уушгины тахал түүнээс хойш дахин дэгдсэн үү?
-Би гурван ч удаа уушгины тахлын голомтод ажиллаж байлаа. Эхний тохиолдол нь дээр дурдсан 1981 он. Дараа нь 1986 онд Говь-Алтайн Тонхил сумд долоон хүн уушгины тахлаар өвчилсөн. Эхний хүн амьд тарваганаас амьсгалын замаар халдвар аваад, цааш тархсан. Тэгэхэд би зургаан хүнийг эдгээсэн. Харамсалтай нь, нэг нь нас барсан юм. Дараа нь 2002 онд мөн л Тонхил сумд уушгины тахал гарлаа. Нутгийн нэг хүн ан хийж яваад булчирхайн тахлаар өвчилсөн. Тахал туссан байж магадгүйгээ тэр хүн гадарласан бололтой. Өөрийгөө тусгаарлаад, гэрийнхнээ ер ойртуулахгүй байж. Гэхдээ гайгүй болчихно гэж найдсан юм уу, эмчид хандаагүй. Тахал тийм амар эдгэрэхгүй шүү дээ. Хэд хоногоос л цусаар ханиалгаад эхэлж. Өвчин нь хүндрээд, уушгины тахал болчихсон хэрэг. Ингээд 5-6 хоногийн дараа эмч дуудуулсан. Очиход бие нь нэлээд муудчихсан байлаа. Түүнийг тасралтгүй 10 хоног эмчилсэн ч биеийн байдал нь хүндэрсээр нас барсан. Задлан шинжилгээ хийтэл зүүн уушгинд нь жоохон газар л эрүүл. Ерөөсөө хоёр уушги нь нэлэнхийдээ хатгалгаатай болчихсон байлаа. Ингэж л гурван удаа уушгины тахлын голомтод ажилласан юм. Бусад нь булчирхайн, цусан үжлийн тахал байсан.
-Эдгэрдэггүй хэмээгдсэн өвчнийг анагаасан нууц нь юу вэ?
-Гоц халдварт өвчин, ялангуяа тарваган тахлын талаарх мэдээлэл манай улсад 1992 он хүртэл нууцын зэрэглэлтэй байлаа. Өөрөөр хэлбэл, Монгол тахалгүй орон гэгддэг байв. Харин 1992 онд тахалтай орон гэдгээ олон улсад анх зарласан. Ер нь дэлхий дахинд тарваган тахлаар маш олон хүн өвчилж, нас барсан. Бараг 200 сая гэдэг байх шүү. Тийм болохоор гадаадынхан, ялангуяа оросууд тахлаас их болгоомжилдог. Миний хувьд уушгины тахлыг анагаасан гол арга нь шуурхай арга хэмжээ авсан явдал гэж боддог. Тарваган тахлын шинжилгээний эцсийн хариу 72 цагийн дараа гардаг юм. Гэтэл гурав хоногийн дараах хариуг өвчтөн хүлээх үү. Энэ хугацаанд өвчин нь улам хүндэрнэ биз дээ. Тухайн үед үзэж байсан номд маань уушгины тахал эмчлэгддэггүй гэж бичсэн нь үүнтэй холбоотой гэж боддог. “Уушгины тахал эмчлэгдэх нь ховор шүү дээ” гэж орос багш нар хэлсэн нь ч тэр. Өөрөөр хэлбэл, 72 цагийн дараа эцсийн хариу гарахыг өвчтөн хүлээхгүй нас барж, эсвэл биеийн байдал нь улам хүндрээд, анагаах аргагүй болсон хэрэг. Харин миний хувьд тарваган тахлын шинж тэмдэг илэрсэн даруйд л өвчтөнийг эмчилж, тэр хугацаанд лабораторийн эмч шинжилгээ хийдэг байсан. Шинжилгээ, эмчилгээг зэрэг хийдэг гэсэн үг.
-Та хэзээнээс халдварт өвчнийг эмчилж эхэлсэн юм бэ. Ажлын гараагаа хаанаас эхлэв?
-Би 44 жил хөдөө ажилласан. 1971 онд 24 настай байхдаа Анагаах ухааны дээд сургууль төгсөөд л хөдөө очсон. Тэгэхдээ бүр “Монголын их элсний” гэх тодотголтой сумаас ажлын гараагаа эхэлж байлаа. Говь-Алтай аймгийн Хөхморьт сум л даа. Говь-Алтай, Завханы хилийн заагт оршдог уг сумын эмнэлэгт тухайн үед их эмч байгаагүй. Би анхны их эмч нь. Эмнэлэг хоёр жижиг байшинтай, гэтэл нэг нь нурчихсан байв. Намайг тэнд очиход улсаас дөрвөн гэр өгсөн юм. Ингээд гэрээ бариад л Хөхморьт сумд их эмчийн салбар байгуулсан даа.
-Та өөрийн саналаар очсон уу, эсвэл төр, засгийн шийдвэрээр хуваарилагдсан уу?
-Хөхморьт сумд ажиллах бодол надад байгаагүй юм. Говь-Алтайн Баян-Уул сумд байсан Сум дундын эмнэлэг л ажиллах битүүхэн бодолтой явлаа. Гэтэл Хөхморьтын сум, нэгдлийн дарга 1971 онд анагаахын сургууль төгсөх нутгийн хүүхдүүдийг судалж, намайг ажиллуулахаар сонгосон байгаа юм. Би Дарви сумд төрсөн л дөө. Өнөөх сум, нэгдлийн дарга намайг Хөхморьтод ажиллуулахаар сонгочихоод, Дарвид очиж аав, ээжтэй минь хүртэл уулзаад, “Манайх их эмчийн салбар байгуулахын тулд хүүг тань ажиллуулах санаатай ирлээ” гэж хэлсэн байсан. Сургуулиа төгсөөд нутагтаа иртэл аймгийн Намын хорооны хурлаар хэлэлцээд, намайг шууд л Хөхморьт сумд их эмчээр томилсон. Амаргүй санагдсан ч төрийн шийдвэрийг эсэргүүцэх бодол байгаагүй. “Хөхморьт их халуун сум гэдэг юм билээ. Яана даа. Тэндхийн хүмүүс хар царайтай, цав цагаан шүдтэй байдаг” гэхчлэн янз бүрийн юм л бодож суусан. Сум, нэгдлийн дарга намайг авхуулахаар унаа, бага эмч Буриад гэдэг хүнийг явуулсан байв. Тэгээд л хуваарь авсан өдрийнхөө орой шууд Хөхморьт руу явсан. Ямартай ч үүрэг авсан хүний хувиар ажлаа маш сайн гүйцэтгэнэ дээ л гэж бодсон. Тэнд би долоон жил ажилласан.
-Ажиллах нөхцөл нь амаргүй байв уу?
-Хөхморьтын эмнэлэгт машин байгаагүй. Угаасаа ч машин явахад хэцүү сум л даа. Газар нутгийнх нь гуравны хоёр нь элс шүү дээ. Өндөр өндөр элсэн уулстай. Тэгэхээр гарцаагүй л морь унаж байгаа юм. Сум, нэгдлийн дарга айхавтар хүн байж. Хөдөө өссөн, морь, тэмээ сайн унадаг хүүхэд л манай сумд ажиллаж чадна гэж намайг сонгосон юм билээ. Тэнд ажиллах хугацаандаа би мэргэжил дээшлүүлэх курсүүдэд суралцаж, халдвартын эмч болсон. Хөхморьтод таван жил болчихоод аймгийн эмнэлэгт халдварын эмчээр ажиллахаар төлөвлөөд, Эрүүлийг хамгаалах газрын даргад өргөдлөө өглөө. Тэрбээр хүсэлтийг минь нааштай хүлээн авч, шилжүүлэхээр боллоо шүү. Гэтэл нэг өдөр дуудсанаа “Сумын хөдөлмөрчдөөс 20 орчим хүн өргөдөл бичиж, Түмэннасан эмчийг шилжүүлмээргүй байна, үргэлжлүүлэн ажиллуулж өгөөч гэсэн хүсэлт гаргалаа. Энэ хүнийг орлож чадахаар эмчтэй болсны дараа л явуулъя гэлээ” хэмээсэн. Тэгээд л ажиллах хугацааг минь хоёр жилээр сунгасан. Ингээд би долоон жил ажиллачихаад аймгийн эмнэлэг рүү шилжиж, халдвартын эмч болсон.
-Говь-Алтайд тухайн үед тарваган тахал их гардаг байв уу?
-Эрхүүд сургалтад хамрагдчихаад, 1982 оны хоёрдугаар сард Монголдоо буцаж ирэхэд Эрүүлийг хамгаалах яамны сайд Д.Ням-Осор “Ч.Түмэннасанг аймгийн Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах станцдаа ажиллуулж өгнө үү” гэсэн бичиг өгөөд, Говь-Алтай руу явуулсан. Товчхондоо, уг байгууллагыг тахлын станц гэдэг байв. Тахлын станцад ажиллах мэргэжлийн хүн ховор, эсвэл эмч нар тэнд очих дургүй байсан уу. Ямартай ч намайг очиход ганцхан лабораторийн эмч л байв. Чандманьд уушгины тахал гарахад надтай хамт ажилласан лабораторийн эмч л дээ. Уг станцад ажиллаад нэг жил гаруй болж байтал намайг аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчээр томилох шийдвэрийг Намын хорооноос гэнэт гаргасан. Нэгдсэн эмнэлгийн дарга байсан Гүнсэн гэдэг хүн аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргатай уулзаад “Би ажлаасаа гарч, танайд оръё. Миний оронд халдвартын эмч Түмэннасанг томилъё” гэж хөөцөлдсөн байгаа юм. Ингээд Гүнсэн дарга аймгийн Намын хороонд зааварлагч, би Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч болсон. Тэнд би гурван жил ажилласан. Энэ хугацаандаа ч тахлыг эмчлэхэд оролцож явлаа. Жишээ нь, ерөнхий эмч болоод удаагүй байтал Говь-Алтайн Тонхил, Ховдын Цэцэг сумын заагт булчирхайн тахал дэгдлээ. Гэтэл тэнд очих эмч олдохгүй асуудал үүсэж, хамт ажиллаж байсан лабораторийн эмч маань намайг дуудуулсан. Тэнд 21 хоног ажиллаад, өвчтөнүүдийг эдгээж билээ.
Ерөнхий эмчийн ажлаа өгөөд, буцаад тахлын станцдаа очсон түүх сонин. Намайг Эрхүү рүү сургалтад явуулж, аймгийн Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах станцад ажиллуулахаар болсон Д.Ням-Осор сайд манай аймагт ажиллахаар ирэхдээ надтай уулзаад, Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч болсон гэхэд бараг зэмлэсэн. Би ч сандарч “Дээд газрын л шийдвэр” гэтэл “Говь-Алтай бол Монголын хамгийн их тахал гардаг газар. Тиймээс би чамайг зориуд курст сургаж, тахлын станцад ажилла гэсэн. Гэтэл аймагт ерөнхий эмч мундсан юм шиг ингэж суудаг” хэмээж билээ. Тэгээд л сайд аймгийн Намын хорооны дарга нартай уулзаад, би буцаад тахлын станцдаа очсон. Түүнээс хойш халдвартын эмчээр ажилласаар 2014 онд Улаанбаатарт ирсэн. Гоц халдварт өвчний эмч нар уг нь 50 настайдаа тэтгэвэр тогтоолгох ёстой. Миний хувьд 60 хүрч байж гавьяаныхаа амралтыг авсан. Оронд минь ажиллах хүн олдохгүй явсаар 60 хүрсэн л дээ.
-Коронавирусийн эсрэг тэмцэх багт ажиллах хүсэлтэйгээ та холбогдох албаныханд удаа дараа тавьсан гэсэн. Хариу өгсөн үү?
-2014 онд нийслэлд ирсний дараа ажил хиймээр санагдаад, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүтэй уулзаж, “Танай эмнэлэгт ажиллая” гэсэн. Гэтэл “Та хэдэн настай билээ” гэж асуусан. Тэгэхэд би 70 хүрч байсан юм. Насаа хэлтэл “Манайх настай хүн авахгүй” гэсэн. Монголд тахал их гардаг учраас мэдлэг, туршлагаараа тус эмнэлгийнхэнд тус болъё гэж бодсон хэрэг. Гэхдээ бүтээгүй. Тиймээс “Дархан детект” гэдэг хувийн эмнэлэгт таван жил ажилласан. Ер нь дэлхий дахинд коронавирус дэгдсэн үеэс л ажиллах сан гэж бодож, дотор загатнаад л явлаа. Нэг удаа зурагтаар эмч, сувилагч нар хамгаалалтын хувцас өмсөж, тайлж байгааг үзтэл маш учир дутагдалтай санагдсан. Тайлах дараалал нь буруу. Гутлаа тайлаад шаахай өмсчихнө. Тэгсэн хэрнээ гутлаараа гишгэсэн газраар шаахайтай явах жишээтэй. Үнэхээр эвгүй байна даа л гэж харсан. Улмаар халдвар эмнэлэг дотроос гараад эхэлсэн шүү дээ. Эмч, сувилагч, лаборант гээд цөөнгүй хүн өвчилсөн. Ийм асуудал гарах бүрт л зөвлөгөө бичээд албаны хүмүүст явуулдаг юм. Бас коронавирусийн голомтод ажиллах хүсэлтэйгээ ч илэрхийлсэн. ХӨСҮТ-ийн Д.Нямхүү захирал, ЭМЯ-ны Д.Нарангэрэл, салбарын сайдаар ажиллаж байсан Д.Сарангэрэл, Т.Мөнхсайханд ч бичиг явуулсан. Тэд харсан, эсэхийг мэдэхгүй. Ямартай ч хариу өгөөгүй л байна.