Гуравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 25 хувь нь цастай байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Цасны дундаж зузаан нь зургаан см, цасан дахь усны нөөц 1.62 шоо.км байна. Жишээлбэл, Увс нуур, Тэс гол, Үенч, Бодонч, Шишхэд, Идэр голын сав газруудын 50-70 хувь нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.2 шоо.км байна. Түүнчлэн Хар нуур, Ховд гол, Завхан, Улз, Ховсгөл нуур, Эг зэрэг голуудын савын 15-20 хувь нь цастай, цасны усны нөөц нь дунджаар 0.15 шоо.км байна. Урин дулаан цаг ирж байгаатай холбогдон дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг албаныхан анхаарууллаа. Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай. Тиймээс холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.