Спортын мастер Л.Ариунболд авто спорт сонирхогчдын хайртай тамирчдын нэг. Дэмжигчид нь түүнийг Д.Болдбаатар, Ш.Гомбодорж аваргатай “Мастер кросс”, “Авто ралли”-д түрүү булаалдахыг харах гэж ирдэг.Тэдний өрсөлдөөнгүй уралдаан нэг л уйтгартай, сонирхолгүй болдог гэх яриа оргүй биш. Аавынхаа “УАЗ-469”-ийг барьж, өдөржин давхидаг байсан хүүг авга ах Д.Доржпалам нь дэмжин, тамирчин болгохоор шийдсэн гэдэг. Тэрбээр Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулдаг УАШТ-д 36 дугаартай хурд сорьж, 26 удаа түрүүлэн “акулууд”-ын араас нэхэж явна. Уралдааны замд ухаан, ур чадвар, мэдрэмжээрээ үзэгчдийн сэтгэлийг огшоодог тэрбээр “УАЗ”-аас гадна суудлын автомашины тэмцээнд 12 удаа аваргаар шалгарчээ. Төмөр хөлөгтэй нөхөрлөж, оролцсон уралдаануудаасаа аваргын цом гарддаг “Хүрмэн хаш”,”Шинэ барилга” ХХК, ”Lexus servis”,“Speed авто,мото клуб”-ийн тамирчин тэрбээр өнгөрсөн жил л “Speed cup 2020” седан ангиллын Улсын аварга шалгаруулах цуврал уралдаанд амжилттай оролцож түрүүлсэн юм. “Оны шилдэг тамирчин”-аар дөрвөн удаа шалгарсан түүнийг “Залуус” буландаа урилаа.
-Монголын авто спортын тэмцээнд амжилтаараа тэргүүлж яваа гурван тамирчны нэг нь Та. Өдгөө Д.Болдбаатар, Ш.Гомбодорж аваргын араас нэхэж яваа хамгийн хүчтэй өрсөлдөгч болжээ.
-Би багаасаа автомашин, техникийн спорт сонирхсон. Намайг тавдугаар ангийн сурагч байхад авга ах минь Өсвөрийн зохион бүтээгчдийн дунд сургуульд оруулсан юм. Дараа жилээс нь авто загварын тэмцээнд өрсөлдөж, аравдугаар анги төгстөлөө түрүүлсэн. “Найрамдал” зуслангийн ойролцоо болдог авто спортын тэмцээнийг үзүүлэхээр аав минь машиндаа суулгаад авч явдаг байлаа. Бид буцахдаа машинаа ээлжилж бариад харьдаг сан. Аавыг Төв аймгийн Жаргалант сумын САА-н даргаар ажилладаг байхад би намар болтол тариан талбай эргэх, ажилчдыг нь зөөх зэргээр өдөрт хэд давхина. Хүүхэд байхаасаа машинтай нөхөрлөсөн минь хожим авто спортод хөл тавихад их нөлөөлсөн. Мото, авто спортын бооцоот тэмцээнд уралдаж эхлэнгүүт Б.Батцэнгэл ах өөрийнхөө “УАЗ”-аар уралдуулах санал тавьсан. Түүнийг авто спортынхон “Бумбарааш” хэмээн дууддаг юм. 2007 оны арваннэгдүгээр сард анх хурд сорьсон цагаасаа авто спортын УАШТ-д тасралтгүй оролцож байна.
-Авга ах тань таны сонирхлыг дэмжиж, энэ спортод сойхоор уралдааны замд хөтөлсөн гэдэг бил үү?
-Тийм ээ, авга ахыг минь Д.Доржпалам гэдэг, “Шинэ барилга” ХХК-ийн захирал. Тэрбээр авто загвараар хичээллэдэг байхдаа Чех улсад зохион байгуулсан тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртсэн. Надад ах шинэ “УАЗ-469” бэлэглэж, гэрийнхэнд хэлэлгүй уралдуулж билээ. Ахынхаа бэлэглэсэн машинаар анхны түрүүгээ авчихаад их баярласан. Тэмцээнд оролцох болсныг аав мэдсэн ч хориглоогүй. Автомашины уралдааныг дэмждэг спонсоруудын дунд зохион байгуулсан тэмцээнд аав миний “УАЗ”-аар уралдаж, III байрт шалгарч байлаа. Хэдийгээр авга ах өрсөлдөхөө больсон ч намайг ивээн тэтгэж уралдуулдаг юм.
-Туршлагатай тамирчидтай өрсөлдсөн эхний жилүүдэд түрүүлнэ гэдэг хэцүү санагддаг байв уу?
-Олон жил уралдсан тамирчдын дундаас цойлно гэдэг хэцүү. Би тэмцээнд түрүүлж яваад техникийн саатлаас болж дундаас нь хэд хэд орхисон. Хойшид амжилттай уралдахын тулд машинаа сайн бэлддэг болсон. Миний уралдах төмөр хөлгийг “Lexus servis”-ийн найзууд минь зэхдэг. Тэд над шиг уралдах хоббитой, суудлын автомашины уралдааны жийп ангилалд өрсөлддөг юм. Найзуудаас минь Ц.Элбэгсайхан, Ч.Лхагваням нар түрүүлж, аварга болсон удаатай. Би тэмцээнд оролцохоосоо өмнө хоёр аваргын уралдааных нь бичлэгийг үзэж, судалдаг байлаа. Д.Болдбаатар ах гараанаас тайван гардаг бол Ш.Гомбодорж аварга хурдтай урагшилдаг. Ш.Гомбодорж аварга жил гаруй уралдсангүй. Түүнийг гүйцэхэд надад хоёр түрүү дутуу байгаа. Энэ спортод дурлаж, хөл тавьсан тамирчид зодог тайлтлаа уралддаг. Би ч бас тэдний нэг. Надад уралдах сайхан санагддаг шүү.
-Түрүүлэхийн тулд ухаан зарцуулдаг нь тэмцээний явцаас анзаарагддаг л даа.
-Уралдаанд мэдрэмж хамгийн чухал. Тэмцээний түрүүг зөвхөн эр зориг, автомашины хурдаар авдаггүй юм. Тиймээс тамирчид өөрийнхөө бүх зүйлийг хянаж, ухаан зарж, тооцоолон уралддаг. Авто спортын ертөнц адал явдлаар дүүрэн ч айдсаа давж уралдах эр зориг, овсгоо самбаа, тэвчээр, хатуужилтай байхыг шаарддаг юм. Тэмцээнд гараа их чухал. Гараанаас хоцорч хөдөлбөл өмнөх тамирчнаа гүйцэхэд хэцүү. Түрүүлэхийн тулд өөрийнхөө боловсруулсан тактикаа хэрэглэнэ. Спорт өрсөлдөөн дунд хөгждөг шүү дээ. Намайг энэ зэрэгт хүртэл хөгжүүлж, өөрчилж чадсан тамирчин бол хоёр аварга. Тамирчин хүн өрсөлдөгчдөө сайн судлахгүйгээр урагшлахгүй. Миний хувьд 26 түрүүний ард гарах амархан байгаагүй. Аваргуудын уралдах техникийг харж, багагүй судалж байж амжилт гаргасан. Тэд уралдаанд сул талаа бараг харуулдаггүй. Тиймээс уралдааны замд өөрийнхөө алдааг түрүүлж олж харахыг хичээдэг. Би өвлийн тэмцээнд сайн уралддаг. Халтиргаа гулгаатай байх тусам сэтгэл сэргэдэг юм.
-Авто спорт өндөр өртөгтэй. Эдийн засгийн боломжгүйгээс болоод уралдахаа больсон тамирчин олон байдаг юм билээ.
-Олон тамирчин ийм шалтгаанаар тэмцээнүүдийг өнжиж, эвсэл бүр мөсөн орхидог. Миний оролцох тэмцээний бүх зардлыг авга ах минь гаргадаг болохоор санаа зовох зүйлгүй уралдаж байна. Тамирчид тэмцээний тов ойртох тусам сэтгэл нь догдолж, уралдахыг тэсэн ядан хүлээдэг. Цар тахлын улмаас авто спортын тэмцээн болоогүй тул өнгөрсөн хугацаанд “УАЗ”, суудлын автомашиныхаа бүх хэрэгслийг шинэчилсэн.
-Та суудлын автомашины тэмцээнд “Subaru”-гаар олон жил уралдаж байгаа. Амжилт хэр гаргав?
-“УАЗ”-аас гадна суудлын автомашины тэмцээнд “Subaru Imprezasti” загвараар уралдаж, 12 түрүүллээ. Миний уралддаг загвар цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн байдаг. 2014 оноос өнөөг хүртэл уралдаж байна. Тэмцээнд оролцох болгонд аз, амжилт дагуулдаг болохоор хайртай. Бусад автомашиныг бодвол “Subaru” хөнгөн, тухтай. Аюулгүй байдлыг тооцоолж уралдахад ч амар. Уралдаан эхлэхээс өмнө олонд Обо нэрээр алдаршсан “Obo Customs” клубын тэргүүн Д.Оюунбаатар ахыг зорьдог. Тэрбээр өнгө гаргаж будах, сэв арилгах, зөв оношлох гээд сэтгэлд хүртэл үйлчилдэг юм.
-Танд 36 дугаар олон түрүү “бэлэглэлээ”, бэлгэдэж сонгосон уу?
-Намайг тэмцээнд оролцож эхлэхэд найз минь 48 дугаарыг анх санал болгосон. Нэг хэсэг уралдаж байтал Сэлэнгэ аймгийн харьяат, ОУХМ Ц.Жаргалсайхан ах гадаадаас ирж, энэ дугаараа авсан. 48 дугаартай уралддаг байхдаа байр эзлээгүй. Харин 2010 оноос хойш 36 дугаартай уралдахад надад олон түрүү “бэлэглэлээ”. Шагналын тавцанд аваргын цом гардаж зогсохдоо амжилт дагуулдаг энэ дугаараараа, мөн намайг дэмжихээр ирсэн фэнүүдээ хараад бахархдаг. Авто спортын үзэгчдэд насны хязгаар байдаггүй. Найман настай хүүхдээс 80 настай буурал ч ирдэг. Тэд спортын бусад төрлийн хөгжөөн дэмжигчдээс арай өөр. Уралдааныг огшиж, бүр хөөрч үздэг юм.
-Уралдах уу, болих уу гэсэн сонголттой нүүр тулгарсан удаа олон л байсан уу?
-Би уралдах дуртай, болих тухай бодож байгаагүй. Харин бартаат замын уралдаанд олон цаг, олон хоног уралдахаар хөдөө хээр утасны сүлжээ барихгүй газарт техник саатаж, эвдрэхэд хэцүү санагддаг. Уралдаанд оролцдог тамирчдаас бэртэл, гэмтэл аваагүй хүн ховор. Би ч бас уралдахдаа машинтайгаа нэг бус удаа онхолдож, хөнгөн бэртэл авч байлаа. Тайван явах замд хэт их хурдалж, алдаа гарсан удаа ч цөөнгүй. Тиймээс уралдах автомашинаа сайн бэлдэж, өөрийнхөө аюулгүй байдлыг хангахын тулд хамгаалалтын хувцас, хэрэгслээ заавал шалгаж өмсдөг. Авто спортын тэмцээнд эрсдэж болзошгүй тул сэтгэлийн хөөрлөөр уралдаж болохгүй. Тэмцээнээс тэмцээнд өөрийгөө сорьж, цаашид үргэлжлүүлэх, эсэхээ сайтар бодох хэрэгтэй. Эдийн засаг, санхүүгийн дэмжлэггүй бол амжилтад хүрэх амаргүй. Техникээ сайн бэлдээгүй тамирчид уралдааныг өнжиж, дараагийнхад нь оролцохоор хүлээдэг тохиолдол бий. Намайг тамирчин болоход уралдахыг анх зааж, чиглүүлсэн хүн бол багш минь. Багш намайг “Морин даваа”-нд болдог “Мастер кросс”-т өөрийнхөө “УАЗ”-аар уралдуулах гэтэл надад нэг л итгэл төрөхгүй байлаа. Багшдаа “Би ерөөсөө больё” гээд буутал “Чи уралд” гэж загнаад хүчээр уралдуулчихсан. Түүний дайчин зан намайг зоригжуулж, амжилт гаргахад эрч хүч хайрласан юм шүү дээ.
-Хамгийн сүүлд ямар тэмцээнд түрүүлэв?
-Дорноговь аймгийн Замын-Үүдэд болсон “Мастер кросс”-т оролцож, 26 дахь түрүүгээ авлаа. Би кросст уралдах илүү дуртай. Олны нүдэн дээр шударга өрсөлддөг болохоор сонирхолтой. Үзэгчид ч гэсэн дэмждэг тамирчдаа уралдаанд авьяас, ур чадвараа хэрхэн гаргаж байгааг харах боломжтой. Гараанаас гарсан тамирчин болгон миний өрсөлдөгч. Тиймээс ухаан зарж, түрүүлэхийг хичээдэг. Түрүүлэх, шагналын тавцанд медаль зүүх, фэнүүдээсээ урмын үг сонсох тэр мэдрэмжийг үгээр хэлэхийн аргагүй. Түрүүлчихээд дэмжигчидтэйгээ баяраа хуваалцах мөч хамгийн сайхан.
-Та өмнөд, хойд хөршид болсон олон улсын тэмцээнд оролцож байсан. Гадаадын тамирчдаас сурах зүйл их байдаг уу?
-ӨМӨЗО-ы Хөх хотод 2012 онд зохион байгуулсан олон улсын тэмцээнд “УАЗ”-аар уралдаж, II байрт шалгарч байлаа. Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард ОХУ-ын Эрхүүд болсон суудлын автомашины тэмцээнд оролцохдоо нуурын мөсөн дээр хадаастай дугуйтай анх удаа уралдаж, IV байр эзэлсэн. Оросуудтай уралдахдаа техникээ хэрхэн бэлддэгээс нь харж суралцсан юм. Мөсөн дээрх автомашины уралдаан манайд сайн хөгжөөгүй. Орост техник өндөр хөгжсөн болохоор тамирчид нь ч тэмцээнд давуу талаа ашигладаг нь анзаарагдсан.
-Хөвгүүд тань авто спортоор хичээллэдэг үү?
-Манай хүүхдүүд авто спортын уралдаан сонирхдог болсон. Зусланд гарсан үед мотоцикл унаж өнждөг юм. Хэчнээн сайн техниктэй байсан ч ур чадваргүй бол амжилт гаргахгүй. Тиймээс хөвгүүдээ тэмцээнд оролцуулж үзээд авьяас, мэдрэмжтэй байвал уралдуулах бодол бий.
-Авто спортын тэмцээнд сүүлийн үед залуу тамирчдаас хэн сайн уралдаж байна вэ?
-Орон нутгийн тамирчдаас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Мөнгөн шонхор” клубийн тамирчин, 33 дугаартай М.Энхболд, Өмнөговь аймгийн тамирчин, 92 дугаартай Э.Баярмөнх, үе тэнгийнхнээс минь гэвэл 50 дугаартай Э.Бат-Найрамдал, 35 дугаартай Х.Улам-Өрнөх нар байна. Авто спортод амжилт гаргахад тухайн тамирчны тууштай зан чанар, техникт сонирхолтой, уралдах хоббитой байх их нөлөөлдөг. Амжилт гаргая гэвэл өөрөөсөө ур чадвараар илүү өрсөлдөгчдийнхөө уралдах техникийг судлах хэрэгтэй. Спортын ямар ч уралдаан, тэмцээнд түрүүлэхэд туршлага, ур чадвараас гадна өөрийнх нь хичээл зүтгэл, зориг чухал. Авто спортоор хичээллэх сонирхолтой, мөн уралдаж байгаа залууст “Уралдана гэж догдлохоос илүү автомашинаа сайтар зэх. Тэмцээний замд юу ч тохиолдохыг таашгүй тул эрсдэл гаргахгүй байхыг бодож, аюулгүй байдлаа хангаарай. Өөрийнхөө бие сэтгэл зүйг сайтар бэлдэж, өмнө гаргасан алдаа дутагдлаа хойшид давтахгүйг хичээх нь чухал. Туршлагаасаа хуваалцахад автомашинаа олон удаа тестлэн, шалгаж үзсэний дараа л эвдрэл, гэмтэлгүй болдог. Ахмад, аварга тамирчдын уралдааныг уйгагүй судал. Хэрвээ мэдэхгүй, чадахгүй зүйл гарвал асууж зөвлөгөө ав. Хэдий өрсөлдөгчид ч гэлээ замд саатсан, гэмтэж бэртсэн нэгэндээ туслах сэтгэлтэй байж урагшилдаг юм шүү” гэж хэлье. Энэ ташрамд, намайг дэмждэг авга ах, мөн багш, найз нөхөд, гэрийнхэндээ талархаж явдгаа уламжилъя.