Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, төрийн өмчит болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагад бүтцийн өөрчлөлт хийх тухай хэлэлцэж, холбогдох сайд нарт чиглэл өгчээ. Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар мэдээлэл хийсэн бөгөөд олон жил ашиггүй, үр дүнгүй, алдагдалтай, зардал ихтэй, хөрөнгийн удирдлагын менежмент сул ажиллаж ирсэн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг цэгцлэх эл ажлыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эхний 100 хоногтоо хийнэ хэмээн тодотголоо.
Манай улсад төрийн өмчит 107, орон нутгийн өмчит 232, нийт 339 аж ахуйн нэгж байна. Тэдгээрийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжтой, эрсдэлтэй буюу яаралтай бүтцийн өөрчлөлт хийх, анхаарал татсан, асуудалд орсон зэрэг дөрвөн хэсэгт хуваажээ. 2019 оны байдлаар 339 компанийн нийт өр төлбөр 37, ашиг нь 1.5 их наяд төгрөг байна. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” 1.1 их наяд, “Эрдэнэс Тавантолгой 440 тэрбум төгрөгийн ашигтай ажилласнаас бусад нь алдагдалтай гарсан гэсэн үг.
Иймд тэдгээрийг өмчлөлийн хувьд гурван чиглэлд хувааж, бүтцийн өөрчлөлт хийх гэнэ. Нэгдүгээрт, стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжийг олон нийтэд зарлаж, 100 хувь төрийн өмчит хэлбэрээр үйл ажиллагааг нь үргэлжлүүлнэ. Тухайлбал, УУХҮЯ, Эрчим хүчний яамны харьяанд байдаг “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, цахилгаан станцууд энэ ангилалд хамаарна. Мөн дулаан, цахилгаан түгээх, дамжуулах үүрэгтэй, холбогдох тарифыг хатуу барихад оролцдог, дэд бүтцийн компаниудыг 100 хувь төрийн эзэмшилд авахаар төлөвлөжээ. Хоёрдугаарт, олон жил үр ашиггүй, алдагдалтай ажиллаж ирсэн, үүргийг нь хувийн хэвшилд шилжүүлж болох аж ахуйн нэгжүүдийг Компанийн тухай хуулийн дагуу татан буулгах, нэгтгэх гэнэ. Ингэхдээ тухайн компаниудыг алдагдалд оруулж, дампууруулахгүй байхад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон салбарын яамд онцгой анхаарахыг даалгажээ. Гуравдугаарт, эдийн засгийн үр өгөөжтэй компаниудын хувь эзэмшлийг биржээр дамжуулан олон нийтийн хяналттай болгож, засаглалыг нь сайжруулах аж. Үүний хүрээнд ажлын чиглэл, үр өгөөжийг харгалзан, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 34 хувь хүртэлх хувьцааг хөрөнгийн биржид нээлттэй хэлбэрээр арилжих юм байна.
Мөн төрийн өмчийн компаниудыг тендерийн хууль, дүрэмд захируулж, худалдан авах ажиллагаа явуулахыг ч чиглэл болгожээ. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ТУЗ-ийн гишүүд сонгуулийн ажилд оролцож, улс төрийн аль нэг талыг баримтлах явдал гардаг тул компанийн засаглалыг нь сайжруулах ёстой гэж үзсэн байна. Түүнчлэн гүйцэтгэх удирдлагуудтай санхүү, хөрөнгө оруулалтын сахилга бат, нийгмийн чиглэлийн ач холбогдол бүхий зорилт тавьж, 1-2 жилийн хугацаанд хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулах гэнэ. Тэдгээр аж ахуйн нэгжийг бүхэлд нь “шилэн данс”-тай болгоход Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хяналт тавьж ажиллах юм байна. Үүнээс гадна Засгийн газрын энэ оны 43 дугаар тогтоолоор баталсан төсвийн ерөнхийлөн захирагч нарын харьяа байгууллага, төрийн өмчит компаниудыг хэмнэлтийн горимд шилжүүлэх ажлыг сайтар зохион байгуулахыг ТӨБЗГ-т чиглэл болгожээ. Ингэхдээ орон тооны зохистой түвшнийг тогтоож, удирдлагын бүтцийг оновчтой болгон, дарга нарыг цөөлөх чиглэл гаргажээ.
5000 ХҮНИЙГ СУРГАХАД 11.8 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛАХ НЬ
“Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төсөл”-ийг батлав. Энэ нь “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн төлөвлөгөө”-ний нэг хэсэг юм. Уг төслийн хүрээнд явуулах багц сургалт нэг сарын хугацаатай. Сүүлийн гурван сар ажилгүй байгаа ч хөдөлмөрлөх, амьдралаа өөрчлөх хүсэлтэй, 18-34 насны, эрэгтэй, эмэгтэй 1000 хүнийг сар тутам сонгон шалгаруулж, тус бүрт нэг сая төгрөгийн тэтгэлэг олгох юм. Залууст амьдралын идэвхтэй хэв маяг, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх замаар орлоготой болоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой төсөл гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл хийхдээ онцлов. Үүний хүрээнд өөрийгөө танин мэдэх, зөв дадал, хэвшил, харилцаа, хандлага, эх оронч үзэл санааг ойлгуулж, бие бялдрын зөв хүмүүжил, гэр бүлийн эерэг харилцаа, соёл төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт явуулна гэдгийг тэрбээр хэлж байлаа. Мөн хөдөлмөрт бэлтгэх, ачаалал даах чадавхтай болгох, хүн бүрийн онцлогт тохирсон мэргэжлийн зөвлөгөө өгч, хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөө гаргахад нь туслах аж.
Төслийн талаарх мэдээ, мэдээллийг бүртгэл эхлэхээс 10-аас багагүй хоногийн өмнө нийтэд зарлана. Залуучууд тухайн үед нь цахимаар болон өөрсдөө очиж бүртгүүлэх боломжтой гэнэ. Бүртгэлийг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, түүний харьяа хэлтэс хариуцах аж. Залуусыг бүртгэх, ярилцлага хийх, сонгон шалгаруулахтай холбоотой удирдамжийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга батлах юм. Сонгон шалгаруулалт, цар тахлын шинжилгээ, эрүүл мэндийн бусад үзлэгт тэнцсэн залуусыг нэгдсэн цэгээс багц сургалт хийх байранд хүргэх бөгөөд орон нутгийнханд унааны зардал олгохоор төлөвлөжээ. Салбарын сайдын хэлснээр ирэх сарын нэгнээс нийслэлээс 500 залууг сонгон шалгаруулснаар уг төслийг хэрэгжүүлж эхлэх аж. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор тавдугаар сарын дундаас зургадугаар сарын эхэн хүртэл уг сургалтыг түр зогсоох юм байна. Улмаар сонгуулийн дараачаас арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх аж. Сайд А.Ариунзаяа “Энэ бол сонгуулиар залуусын саналыг авах зорилготой хөтөлбөр биш” хэмээн тодотгосон.
2021 онд уг төсөлд шаардагдах 11.8 тэрбум төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын батлагдсан төсвийн багцаас гаргаж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан санхүүжүүлэх гэнэ. Төсөлд хамрагдсан залуусыг нэг жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажилтай болгосон аж ахуйн нэгж, ажилтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, нэг жилийн нийгмийн даатгалын шимтгэл (эрүүл мэндийн даатгалын шимтгэл орохгүй)-тэй тэнцэх нэг удаагийн нөхөн олговор олгохоор төлөвлөсөн байна. Үүнд шаардагдах хөрөнгийг 2022 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусгах юм байна. Түүнчлэн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг гүйцэтгэхээр шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ хийхдээ залуучуудыг ажилтай болгох талаар тусгаж байхыг төсвийн бүх ерөнхийлөн захирагчид даалгалаа.
ЭРДЭС БАЯЛГИЙН БИРЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХЫГ ДААЛГАВ
Үндэсний баялгийн сангийн болон Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төсөл боловсруулж, хэлэлцүүлэхийг сайд Г.Ёндон, Б.Жавхлан нарт даалгав. Энэ нь газрын доорх баялгаас хүртэх өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо болон ирээдүйд иргэн бүртээ тэгш, шударга хүртээх зорилготой. Харин эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн жишиг үнээр үнэлж, хүртэх үр ашгийг нь нэмэгдүүлэн, борлуулалт, орлогод нь хяналт тавихтай холбогдуулан Эрдэс баялгийн биржийн тухай хуультай болох зайлшгүй шаардлагатай гэж үзэж буй.
Мөн С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээг эрүүдэн шүүсэн зарим баримтыг нууцын зэрэглэлгүй болгож, холбогдох бичлэгийг хэвлэлийнхэнд үзүүлсэн юм.