-Дундаж наслалтын зөрүүг арилгах төлөвлөгөөг ирэх онд хэрэгжүүлнэ–
Монгол Улсад эрчүүдийн дундаж наслалт 1992 онд 60.7, эмэгтэйчүүдийнх 64.9 байв. Энэ нь эрчүүд эмэгтэйчүүдээс 4.2 жилээр богино насалдаг гэсэн үг. Харин өдгөө энэ зөрүү 9.7-д хүрч, бараг арван жил болжээ. Өөрөөр хэлбэл, эрчүүд өдгөө дунджаар 66.1, эмэгтэйчүүд 75.8 жил насалж буйг Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харж болно. Жишээ дурдахад, бидний олонх нь өвөөгүй өссөн гэхэд хилсдэхгүй. Эрчүүд эмэгтэйчүүдээс богино насалдаг тул ач, зээгээ ч үзэж чадалгүй тэнгэрт дэвшсэн нь олон. Энэ “үзэгдэл” байдаг л зүйл мэт болж, бэлэвсэн хоцорсон ээжүүд, эмэгтэйчүүд амьдралынхаа ачааг ганцаараа үүрч явна. 26 жилийн өмнө эрчүүд, эмэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүү тийм ч их байсангүй. Харин өдгөө 10 орчим жилийн зөрүү гарсан нь эрчүүдийн эрүүл мэнд, амьдралын чанарт гойд анхаарах цаг болсныг харуулж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс 1.5 дахин их. Нас барсан 10 хүн тутмын зургаа нь эрэгтэй, дөрөв нь эмэгтэй байгаа юм. Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9.7 жил байгаа нь дэлхийн дунджаас хоёр дахин их үзүүлэлт аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2016 оны статистикт дурдсанаар манай улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү хамгийн өндөр улсуудаас 12, Ази, Номхон далайн бүсийн орнуудаас хоёрдугаарт жагссан нь аюулын харанга дэлдсэнийг илтгэнэ.
Бодит байдал ийм байхад монголчуудын дундаж наслалт нэмэгдэж байгаа гэх нэрээр өндөр насны тэтгэвэр авах хугацааг жилээс жилд гурван сараар хойшлуулж буй. Гэтэл эрчүүд эмэгтэйчүүдээс арван жилээр богино насалж байгаа хэрнээ тэднээс таван жилээр хожуу тэтгэвэрт гарахаар байгаа юм. Тодруулбал, 2019 онд тэтгэвэрт гарсан хүмүүс 20 жил найман сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол эрэгтэй нь 60 нас есөн сар, эмэгтэй нь 55 нас есөн сар хүрч байж гавьяаны амралтаа авах эрхтэй болсон. Ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж эл тоо бага зэрэг өөрчлөгддөг. Тухайлбал, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл буюу газар доор, хортой халуун, хүнд нөхцөлд ажиллаж буй эрэгтэйчүүд 50-55 насандаа тэтгэвэрт гарах боломжтой. Харамсалтай нь, газрын гүнд 20-иос доошгүй жил хүнд, хортой нөхцөлд өдөр шөнөгүй ажиллана гэдэг мэдээж амаргүй даваа. Мөн мэс заслын эрэгтэй эмч нар ч гавьяаны амралтдаа гарч, үлдсэн амьдралаа сэтгэл амар өнгөрүүлсэн нь тун цөөн, тэтгэврийн хэдтэйгээ золгохоосоо өмнө хорвоогоос буцчихдаг хэмээн ХСҮТ-ийн нэгэн эмч халагласан юм. Жишээ авч үзье. 1987 онд төрсөн залуу 66 нас гурван сар хүрч байж тэтгэврийн бараа харах нь. Тэр болтол амьд байвал шүү дээ. Гэтэл Жендерийн үндэсний хорооны суурь судалгааны тайланд эрчүүд дунджаар 66 жил, түүнээс богино насалж буйг онцолжээ. Хэдэн арван жил нойр, хоолгүй зүтгэж, улсад шимтгэл төлснийхөө үр шимийг хүртэж чадахгүй олонх нь хорвоогоос буцаж буй нь шударга бус биш гэж үү. Ингэж зүтгэсний үр шимийг хожим үр хүүхэд нь хүртэж, тэтгэврийг нь өвлөдөг зохицуулалт ч манайд байхгүй.
Жендерийн үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 129 дүгээр тогтоолоор баталсан “Жендерийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн 3.2.6-д заасны дагуу эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгэм, соёл, эдийн засгийн идэвх болон оролцоо, тулгамдаж байгаа асуудлын талаар суурь судалгаа явуулахаар төлөвлөсөн. Үүний дагуу өнгөрсөн онд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, шинжлэх ухааны арга, аргачлалаар суурь судалгаа хийсэн юм. Ерөнхий сайдын 2019 оны 60 дугаар захирамжийн дагуу найман сарын хугацаанд уг судалгааг хийж гүйцэтгэлээ. Судалгаанд суурилж хоёр жил буюу маш богино хугацаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүг арилгах төлөвлөгөө боловсруулсан. Эл төлөвлөгөөг 2021 онд хэрэгжүүлнэ. Энэ талаар өнгөрсөн аравдугаар сард танилцуулах байсан ч коронавирусийн улмаас цуцлагдсан. Гэхдээ ажлын төлөвлөгөө, авах ёстой арга хэмжээний мэдээллийг бүх аймагт хүргүүлээд байгаа. Хэрэгжүүлэх ажлыг нь бид хангана” гэв.
Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүү их байгаа хамгийн том шалтгаан нь эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, зуурдаар (эрхэлж буй ажлын эрсдэл, эрүүл зөв амьдрах хандлага, дадлаас улбаатай өвчлөл, осол, гэмтэл, уламжлалт зан үйл) амиа алдах нь өндөр байна гэж судалгаанд дурджээ. Залуус эрүүл мэндийн үзлэгт тэр бүр хамрагддаггүй, цэрэгт татах үеэр эмчид үзүүлдэг хэнэггүй байдал нь эрчүүдийг богино наслахад нөлөөлж буйг хэн хүнгүй мэддэг. Тодруулбал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт төдийлөн хамрагддаггүй, эрт үед нь өвчнөө оношлуулж, эмчлүүлэхгүй хүндрүүлдэг гээд тэдний дутагдлыг дурдаад байвал цөөнгүй. Амиа хорлосон, зам, тээврийн осолд өртсөн, гэмт хэргийн хохирогч болсон, архи, мансууруулах бодист хордож амиа алдсан хүмүүсийн олонх нь эрэгтэй. Бага балчраас нь эрэгтэй хүүхдээр хүнд хүчир ажил хийлгэснээс гэмтэж бэртэх, энэ нь яваандаа хууч өвчин үүсгэх шалтгаан болдог байна.
Монголчуудын хувьд эрэгтэй хүүхдээ гаргуунд нь гаргадаг хуучинсаг үзэл одоо ч байсаар. Хөвгүүд өвдөх нь бүү хэл, уйлах ч эрхгүй өссөөр нас биед хүрдэг нь нууц биш. Энэ бүх хүчин зүйлийн улмаас л эрчүүд эмэгтэйчүүдээс эрт хорвоог орхиж буй. Тиймээс эрчүүдийн зуурдын нас баралтыг бууруулах, дундаж наслалтыг нэмэгдүүлэхийн тулд шууд болон шууд бус арга хэмжээ яаралтай авах хэрэгтэйг мэргэжлийн байгууллагынхан хэлж байна. Тэдний дундаж наслалтыг нэмэх гол арга зам нь эрүүл аж төрөх дадлыг ухуулан таниулах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, өвчний эрт үед эмнэлэгт үзүүлэх боломж бүрдүүлэх гэнэ. Насны бүлэг, боловсролын түвшин дээшлэх тусам эрүүл мэндийн үзлэгт хамрагдах хэрэгтэй гэж судалгаанд оролцогчдын олонх хариулсныг дурдах нь зүйтэй.
Гэвч эрчүүдэд зориулсан кабинет байдаггүй, хэнд үзүүлэхээ ч мэддэггүйг бүлгийн ярилцлагын үед зарим хүн өгүүлсэн гэнэ. Мөн эрчүүд хүчтэй байж гэр орноо авч явах ёстой гэсэн түгээмэл хандлагаас болж нэрэлхүү, хэнэггүй зан гаргадгаасаа эрүүл мэндээ хойш тавьдаг байна. Эрэгтэйчүүдийн асуудалд Засгийн газраас анхаарал хандуулж эхэлсэн бөгөөд хөвгүүдийн хүмүүжил, эрүүл мэндэд багаас нь онцгой анхаарах хэрэгтэйг сануулсан билээ. Эцэг, эхчүүдээс гадна цэцэрлэг, сургуулийн багш нарын үүрэг хариуцлага үүнд чухал нөлөөтэй. Ялангуяа хөвгүүд эрүүл мэндийн боловсролтой, эмнэлэгт очихоос айдаг бус, элдэв хорт муу зуршилгүй өсөж хүмүүжихэд ээжүүдийн оролцоо асар их. Хэрэв бид хуучинсаг үзэл, амьдралын хэв маягаа өөрчлөхгүй, эрчүүдийг бүх л хар бор ажилд “дайчилж”, хорт бодисоос хол явуулах арга ухаанд сургахгүй бол эрэгтэй дүүгүй, ахгүй, аавгүй, нөхөргүй, өвөөгүй үлдсэн эмэгтэйчүүд олшрох нь. Үндэсний хэмжээнд аюул дагуулж мэдэх дундаж наслалтын “цагийн зүү” хурдтайгаар 10 руу дөхсөөр байна. Цаашид дорвитой арга хэмжээ авахгүй бол эх орноо хамгаалах цэрэг эрсгүй, хоймор нь ханхайсан айл өрх олон болох вий.