Монгол Улсад гэмт бүлэглэл байгуулж, мөнгө угаах, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байсан БНХАУ-ын 15 иргэнд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцэв. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны аравдугаар сарын 12-ноос эхлэн ажлын долоон өдөр хэлэлцсэний эцэст уг 14 хүнийг гэм буруутайд тооцон 9-12 жил хорих ял шийтгэсэн билээ. Өмнөд хөршийн иргэн Лью Тинхуа, Жун Хуа, Еэ Тин, Жан Хунчан, Вула, Ли Жиaсэнг, Ниу Жихэнг, Ю Жи, Жау Донлинг Пан Жин, Лю Жунвэй, Ян Гуй, Бай Жунлиан, Ли Янг, Лю Чианг гэсэн 15 хүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 26.1-4.1 дэх хэсэгт заасан “Цахим мэдээлэлд хууль бусаар халдсан”, 18.6-3 дахь хэсгийн “Мөнгө угаах”, 20.3-1 дэх хэсэг дэх “Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, түүнд элссэн”, 17.3-3.1, 17.3-3.3 дахь хэсэгт заасан бусдыг залилсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн юм. Дээрх хүмүүс 2019 оны аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг зочид буудлуудад нутаг нэгт 818 иргэнийг авчран байрлуулж, зохион байгуулан гэмт хэрэг өдүүлснийг ЭЦА, тагнуулын байгууллагынхан илрүүлснийг уншигчид санаж буй. Тэдний 783-ыг нь тухайн үед албадан гаргасан юм. Уг 818 хятад иргэн “Амар”, “Секрет гарден”, “Юнион бюлдинг”, “Санни таун”, “Кентавр”, “Ориентал” зочид буудал болон Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дахь нэгэн орон сууцыг хөлслөн сууж байсан бөгөөд дээрх нэр дурдсан 15 хүн зохион байгуулан манай улсад нэвтрүүлсэн нь тогтоогдсон юм. Тэд Камбож улсад үйлдэж байсан залилан мэхлэх гэмт хэргээ Монголд үргэлжлүүлэхээр олон хүн нэгтгэн орж ирээд цахим төхөөрөмж ашиглан “Вичат”, “Телеграмм”, QQ зэрэг захидал харилцааны сүлжээнд “Жи-Мобайл”, “Скайтел”, “Юнител”-ээс авсан утасны олон дугаараараа хуурамч хаяг нээн, “МТ4” хэмээх өөрсдөө хувиргаж боловсруулсан платформд элсүүлэн хөрөнгийн зах зээлд арилжиж буй хувьцааг худалдах, худалдан авах ажиллагаанаас ашиг олж буй мэтээр зохиомол байдал бий болгон залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн буруутайд анхан шатны шүүх тооцсон юм. Улмаар шүүгдэгч Лью Тинхуад холбогдох хэргийг тусгаарлан, нэмэлт ажиллагаа хийлгэхээр болж, бусад 14 шүүгдэгчийн хоёрт нь 12, үлдсэн хүмүүст есөн жил хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн дээрх 15 хүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан компьютер, гар утсууд зэрэг эд зүйлсийг улсын орлогод оруулахаар болсон билээ. Анхан шатны шүүхийн эл шийтгэх тогтоолыг эсэргүүцсэн 15 хүн, тэдний өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.
Бэлтгэсэн: Г.Равжаа