“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-г 20 хоногийн босгон дээрээ баталсан байсан Засгийн газар үүний хүрээнд зарим хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэхээ танилцууллаа. Тодруулбал, ажлын байрыг дэмжих хоёр их наяд, хөдөө аж ахуйд зориулах 500 тэрбум төгрөгийг хэрхэн, яаж зарцуулах задаргаа ил болов.
Эдийн засгаа сэргээхийн зэрэгцээ иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах нь уг төлөвлөгөөний нэг тал. Тэгвэл иргэдээ вакцинжуулснаас хойш 28 мянган хүнд эхний тунг хийгээд байна. Үндсэндээ нийслэлийн 20 мянга орчим эмч, эмнэлгийн ажилтан болон бусад салбарынхан үүнд багтаж байгаа юм. Юутай ч Улсын онцгой комисс 14 хоног тандалт, судалгаа хийсний эцэст дархлаажуулалтыг эрчимжүүлж, өдөрт 15-20 мянган хүнийг хамруулахаар шийдвэрлээд буй. Өнөөдрөөс худалдаа, үйлчилгээний салбарынхан, маргааш боловсролын байгууллагын багш, ажилтан, албан хаагчдыг вакцинжуулах гэж байна. Вакцины нөөцийн хувьд хөтөлбөрийн хүрээнд зургадугаар сар хүртэл “АстраЗенека”-г 112 мянган тунг хүлээн авахаар тогтсон бөгөөд эхний 14 400-г энэ сарын 15-ны дотор татан авах төлөвлөгөө бий. Үүний сацуу аж ахуйн нэгжүүд вакцин авчран хадгалж, нөөцлөх бүрэн боломжтой гэдгээ илэрхийлсэн бөгөөд Засгийн газар дэмжихээ уламжлав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын энэ мэт их ажлаас гадна ҮАБЗ-ийн гишүүний хувиар хийх том “тэмцлийг” эхлүүлэв бололтой. С.Зоригийг хөнөөсөн, цаашлаад олны анхаарал татсан олон хэргийг хэрхэн шийдвэрлэсэн, хууль, шүүхийнхний шударга бус үйл ажиллагааг ил болгохын тулд ҮАБЗ-ийн гишүүний эрхийн хүрээнд өөрөөс шалтгаалах бүхнийг хийхээ тэрбээр мэдэгдсэн. Түүний энэ мэт үйлдэл шударга ёсны төлөөх тэмцэл үү, Ерөнхийлөгчийн сонгууль угтсан, Х.Баттулгыг намнах гэсэн төлөвлөгөөт ажиллагаа юу гэдгийг ирэх өдрүүд илүү тодруулах биз ээ.