Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх асан, QMC компанийн ерөнхий захирал М.Дагватай ярилцлаа.
-Уул уурхайн түүхий эдүүдийн ханш сүүлийн үед өсөж буй. Олон улсын банк санхүүгийн зарим байгууллага түүхий эдийн үнийн тав дахь “супер мөчлөг” (com¬modity supercycle) тохиож байна хэмээн тэмдэглэсэн. Зарим шинжээч эсрэгээр, түр зуурын үнийн өсөлт гэсэн байна лээ. Таваарын үнийн “супер мөчлөг” тохиох нь гэж Та харж байна уу. Хэрэв тийм бол манай улсад эерэг нөлөө үзүүлэх нь, тийм үү?
-Зэсийн ханш сүүлийн есөн жилд байгаагүй өндөр түвшинд хүрлээ. Уул уурхайн бусад бүтээгдэхүүний үнэ ч өсөөд эхлэнгүүт “супер мөчлөг” тохиох нь гэдэг хүлээлт дэлхий даяар үүсчихээд байна. Үүнийг дагаад улс орнуудын Засгийн газар эдийн засгийн өсөлтөө таамаглаж, бизнес эрхлэгчид төлөвлөгөөгөө тал талаас нь харж байгаа нь тодорхой. Нээрээ Монгол гэж нэг улс байдаг бил үү, юу болж байгаа юм бол гээд интернэт дэх тайлан, мэдээг харж, ийш тийш холбогдож буй гадаадынхан цөөнгүй байж мэдэх л юм. Хөлбөмбөгийн ДАШТ, олимпын наадмыг аль нэг оронд зохион байгуулахад дэлхий нийтээрээ тухайн улс руу анхаарал хандуулдаг. Үүнтэй адилаар уул уурхайн “супер мөчлөг” эргэн ирэх нь зарим нэг мартагдсан улсын хувьд дэлхий дахины анхааралд буцаад өртөх алтан боломж гэмээр юм уу даа.
Супер цикл тохиох нь уул уурхайгаас бусад салбар нь хүчтэй хөгжиж амжаагүй улс орнуудын хувьд зудтай өвөл, хатуу хаврын дараа бороо хур тэгширсэн зуны дэлгэр сайхан улиралтай золгохтой л зүйрлэмээр зүйл шүү дээ. Ялангуяа өвөл, хаврын улирал нь 10 орчим жил үргэлжилчихсэн бол ямар байх вэ, тийм үү. Улсын хувьд төсвийн алдагдлаа нөхөж, тарчиг цагийг давахын тулд тавьсан гадаад өр төлбөрөө “хөнгөлж”, чадвал салж авдаг цаг. Төсвөөс илүү гарсан орлогоо баялгийн санд хуримтлуулдаг үе. Хөгжлийн дараагийн шат руугаа ахиж, эдийн засгаа солонгоруулах ажлаа хийх боломж бүрдэнэ. Засгийн газар ч, бизнес эрхлэгчид нь ч эдийн засгийн өндөр өсөлтөөр гайхуулж, олны анхааралд өртөж буй агшнаа ашиглаж, таатай нөхцөлөөр гэрээ хэлэлцээр байгуулах боломж олддог цонх үе шүү дээ. Засаглал нь чамбай, авлигыг хянадаг улс оронд бол ядуурал, нийгэм дэх тэгш бус байдал нь багасаж, ард түмний халаасан дахь мөнгөний ханш нь чангарч, хөргөгчин дэх хүнсний төрөл нь олширдог.
-Энэ удаагийн “супер мөчлөг” өмнөхөөс өөр ямар нэгэн онцлогтой байх нь уу?
-2008 оны хямралын дараах “супер мөчлөг” 2013 оныг дуустал үргэлжилж, түүний дараа дэлхий дахинд өнгөт хувьсгалууд, популист удирдагчид, их гүрнүүдийн худалдааны сөргөлдөөн гарч, эцэст нь цар тахалд нэрвэгдсэн тул сэтгэл зүйн хувьд дэлхийн хоёрдугаар дайны дараа нийтээрээ энх тайвныг хүсэж байсан шиг эдийн засгийн өсөлт, хөгжилт, сайн сайхан цагийг хүлээж байж мэдэх л юм. Үүнтэй холбоотойгоор энэ удаагийн “супер мөчлөг” өмнөхөөсөө арай өөр өнгө төрхтэй байж магадгүй гэж би таамаглаж байгаа. Ингэж бодоход хүргэж буй хүчин зүйлс ч бий.
Британийн Засгийн газар эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд 12 тэрбум фунт стерлинг зарцуулах төлөвлөгөөгөө “Аж үйлдвэрийн ногоон хувьсгал” гэж зарласан жишээн дээр тулгуурлаад ярья л даа. Нэг талаас 1760-аад онд Европ, Америк тивд өрнөсөн аж үйлдвэрийн анхдугаар хувьсгалыг эхлүүлсэн улсын амбицыг илэрхийлж байгаа нэр юм шиг санагдах ч нөгөө талаас дэлхий даяар өрнөж эхэлж буй “ногоон шилжилт”-ийн цар хүрээ, далайцыг харуулж байгаа юм. 2050 оны үед дэлхий даяараа хүрч очих гээд буй “ногоон” ирээдүй бол уул уурхайн бүтээгдэхүүнийг, түүн дотроо зэс, кобальт, никель зэрэг цөөнгүй металлыг маш ихээр “иддэг” эдийн засагт тулгуурлаж байж хүрэхийг сүүлийн 2-3 жил ойлгож, хүлээн зөвшөөрлөө. Нэг бодлын хөгжилтэй байгаа биз. Саяхан л байгаль орчин сүйтгэдэг гэж ад үзэгдэн, шоовдорлогдож байсан уул уурхай гэнэтхэн л ирээдүйг аврах салбаруудын нэг болчихоод хойморт заларч байна гэхээр. Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машин, батарейн технологи зэрэгт сүүлийн хэдэн жилд гарсан үсрэнгүй хөгжил ингэж нөлөөлж буй хэрэг.
Тэгэхээр энэ удаагийн “супер мөчлөг”-т “ногоон шилжилт” хэмээх нэг “орц” байгаа. Үүнтэй холбоотой сонирхолтой санаануудыг дэвшүүлж буй талууд ч бий. Жишээлбэл, эдийн засаг идэвхжихэд ган болон газрын тосны бүтээгдэхүүний эрэлт өсөж, үнэ нь нэмэгддэг. Энэ удаад ч ялгаагүй ийм зүйл болж байна. Газрын тосны бүтээгдэхүүний үнэ өссөнөөр түүний өрсөлдөгч гэж болох сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхлыг улам нэмэгдүүлнэ. Өмнөх “супер мөчлөг”-ийн үед газрын тосны үнэ дээшлэхэд “хар алт”-ны төслүүдэд зарцуулах хөрөнгө оруулалт дагаад өсдөг байсан. Тэгвэл энэ удаа уг бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах зоригтон хэр олон байх бол гэсэн асуулт гарч ирж байх жишээтэй. Ерөнхийдөө газрын тосны салбарынхан энэ удаагийн “супер мөчлөг”-ийн үед “сүүлчийн бүжиг”-ээ хийнэ гэж зарим хүн хэлсэн байна лээ.
“Emission trading” гэж ойлголт байдаг. Энэ нь “ногоон” компаниуд “шингээж авсан” нүүрсхүчлийн хийгээ бизнесээ “ногооруулж” амжаагүй аж ахуйн нэгжүүдэд арилждаг механизм юм л даа. Нэг тонн нүүрсхүчлийн давхар ислийн ялгаруулалтыг Европын зах зээлд арилжиж буй үнэ 2021 он гарснаас хойш 39 евро болж, түүхэн дээд түвшиндээ хүрээд байна. Дэлхийн ихэнх том корпорац нүүрсхүчлийн ялгаруулалтаа 2040-2050 онд багтаан тэглэхээр амласан бөгөөд дээрх хугацаа хүртэл энэ арилжаа идэвхтэй үргэлжилж, мод тарих, нүүрсхүчлийн давхар ислийг шингээж авах бизнес, ажлын байруудыг олноор бий болгох хандлага байна.
-Түүхий эдийн таваарын үнийн “супер мөчлөг”-ийг бид өмнө нь ашиглаж чадаагүй. Энэ удаагийнхад бас л бэлэн биш байх шиг.
-Өмнөх “супер мөчлөг” эхлэх үед бид бэлтгэлгүй байсан, оргил үед нь алдаатай шийдвэр гаргасан. Иймээс ч 2009-2013 онд боломжийг бүрэн ашиглаж чадаагүй. Уг нь 1997 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулиар урин дуудсан хөрөнгө оруулагчид Улаанбаатарын ресторануудад багтахгүй хахаж, дэлхийд томд тооцогдох Оюутолгойн ордын талаар амтай болгон ярьж, чухам л “дур булаам” байсан улс шүү дээ. Алтны салбарт 68 хувийн татвар ногдуулж, “Урт нэртэй” хууль зэрэг туршилт хийж, эрх зүйн орчны савлагаа үүсгэн, алт олборлолтын хэмжээг 5-6 дахин хорогдуулж, түүнийгээ засах гэж мунгинасаар байтал уг металлын үнэ оргилдоо буюу унци нь 2000 ам.долларт хүрч байсан 2011, 2012 оныг ашиглаж чадаагүй. Тавантолгойн ордод 2008 онд стратегийн хөрөнгө оруулагчийн тендер, 2010 онд дахин олон улсын тендер зарласан ч асуудлаа шийдвэрлэлгүй явсаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагааг 2011 оны эцсээр эхлүүлсэн тул тонн коксжих нүүрсний үнэ 200 ам.доллар давсан 2010-2012 онд олдсон боломжийг алдсан.
Зэсийн ханш 2010 оны дундаас 2013 оны хоёрдугаар хагас хүртэл тонн нь 7500 доллароос дээш, 2011 онд бүр 8500 “ногоон” давсан. “Оюутолгой” төсөл дээр 2009 онд арайхийн гэрээ байгуулж, ил уурхайн үйл ажиллагааг нь эхлүүлсэн ч баяжуулах үйлдвэрийг 2013 онд ашиглалтад оруулсан тул мөн л энэ завшааныг алдсан. Тэгэхээр өмнөх “супер мөчлөг”-ийн боломжуудыг бид хальт амсаад л өнгөрсөн байгаа биз. Харин 2009 оноос эхэлсэн энэ мөчлөгийг дагасан олон улсын анхаарал, хүлээлт зэрэг зүйлс хангалттай байсантай холбоотойгоор эдийн засаг өсөж байсныг санаж буй байх. 2014 он гэхэд уул уурхайн “супер мөчлөг” дууссан нь ойлгомжтой болж, дэлхий даяар энэ салбарт хөрөнгө оруулах сонирхол буурч, мөн бидний тэвчишгүй ааш аяг, тогтворгүй бодлогын улмаас манайхаас дүрвэцгээсэн дээ. Бид ч “Алтан загасны үлгэр”-ийн эмгэн эвдэрхий тэвштэйгээ хоцордог шиг л дотроо хэрэлдээд үлдсэн байдаг.
Өмнөх “супер мөчлөг” эхэлж байсан 2009 онтой өнөөдрийг харьцуулж, энэ удаад бид хэр бэлтгэлтэй сууж байгаагаа харчих хэрэгтэй. Сайн талуудыг дурдъя гэвэл бид арай хэрсүүжсэн санагддаг. Хуулийн заалтуудаа жилдээ хэд өөрчилдөг маань арай биш байна гэдэг мэдрэмж шийдвэр гаргагчдын олонход байх шиг байна. Сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн хууль шинээр батлахыг хязгаарласан тогтолцоо ч бий болчихлоо. Ямартай ч Тавантолгойдоо төмөр замтай, өмнөх мөчлөгийн үеийнх шиг жилд гурван сая тонн биш, 30 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай болсон байх юм шиг байна. Талууд хоорондоо ойлголцож чадалгүй гацчихдаггүй л юм бол “Оюутолгой” компани ажиллаж байх нь. Ахиухан орлого орж ирлээ гэхэд идэж уугаад дуусгачихгүй, хуримтлуулаад авах баялгийн сангийн тогтолцоо нь бүрдэх тал руугаа явж байна.
Гэхдээ анхаарах асуудлууд бий. Үндсэн хуулийн өөрчлөлт дагасан хууль, эрх зүйн реформ нэлээд хугацаа авах байх. Уул уурхайн салбар дагасан хэрүүл үргэлжилж байна. 2013 оноос хойш хайгуул хийх эрх шинээр олгохыг хязгаарласаар буй тул үйлдвэрлэлийг тасралтгүй явуулах нөөц бүрдүүлэхэд эрсдэл тулгарч байна. Хөрөнгө оруулагчид ч нэлээд алсран холдож. Өмнөх “супер мөчлөг”-өөс бид алгаараа утгаж аваад, асгаж цутган байж амсаж үзсэн бол энэ удаад аягаар хутгаж аваад хэд сайн балгах байх. Гэхдээ аяга маань энд, тэндгүй цуурсан, цоорсон байна даа. Уг нь томоохон саваар утгаж аваад хоцрох хэрэгтэй.
-Монгол Улс энэ мөчлөгөөс юуг шүүрч үлдэх хэрэгтэй вэ?
-Улс орнууд “супер мөчлөг”-ийг хөгжлийнхөө том зорилгод ашигладаг болсон. Тухайлбал, Саудын Араб 2030 он гэхэд Арабын ертөнцийн тэргүүлэх гүрэн, Ази-Европ-Африк тивийг холбосон зангилаа, дэлхийн топ 15 эдийн засагт багтах зорилтыг 2016 онд баталсан юм билээ. Үүний тулд газрын тосноос бусад, эрчим хүч, ложистик, уул уурхай, аж үйлдвэр гэсэн дөрвөн салбар луу эдийн засгаа солонгоруулахаар шийдсэн. Энэ удаагийн “супер мөчлөг”-ийг ашиглан уул уурхайн салбараа босгож ирэхээр хөрөнгө оруулагчдыг урьж, сайтар тодорхойлж бий болгосон тогтолцоогоо танилцуулж байна шүү дээ. Одоогоор 600 тэрбум ам.доллартой хөрөнгө оруулалтын сангаа долоон их наяд “ногоон”-той болгохыг зорьж буй гэнэ лээ.
Манай улс 2030, 2050 он хүртэлх хөгжлийн том бодлогууд боловсруулж, баталсан. Энэ хүртэлх замд хоёр, магадгүй дөрвөн ч “супер мөчлөг” тохиох биз. Уул уурхайн салбараас хэт их хамааралтай байгаагаа нэг мөчлөгийн хугацаанд өөрчилж чадахгүй нь тодорхой. Иймээс мөчлөгүүдийг хэрхэн ашиглах вэ гэдэг асуултад бид улсаараа хариулах ёстой. “Супер мөчлөг” хоорондын “цөлийг” хэрхэн туулах нь ч бас чухал санагддаг. Өмнөх “супер мөчлөг”-ийн нөлөөгөөр манай улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ дөрвөн жилийн дотор 2.3 дахин өсөж, 3600 ам.долларт хүрсэн. Тэгвэл түүнээс хойших найман жилд 23-хан хувиар нэмэгдэн, 4500 орчим ам.долларт хүрээд байна. Тэгэхээр ирж буй “супер мөчлөг”-ийн “ач”-ийг даруухнаар тооцвол дээрх дүнг 6000, өөдрөгөөр төсөөлбөл 10 000 ам.долларт хүргэх боломжтой гэж хүлээж болохоор байгаа биз. Дээр дурдсанчлан Саудын Араб гэхэд одоогийн суурь гэж болох газрын тосны салбараа 2030 он хүртэл хүчирхэг байлгаж, орлогод нь тулгуурлан эдийн засгаа солонгоруулахыг зорьж байна. Бидэнд ч уул уурхайн салбараа хүчирхэгжүүлэн, бусад салбараа босгож ирэх боломж бий.
2006 онд шинэчилсэн Ашигт малтмалын тухай хууль 15 жил “үйлчлээд” хөгжлийн алхмыг гүйцэхээ больж, шинээр боловсруулж буй эрх зүйн орчинд халаагаа энэ онд өгөх гэж байна. Шинэ эрх зүйн орчноос иргэд, улстөрчид, шийдвэр гаргагчид ерөнхийдөө таван том реформыг хүлээж байгаа. Тухайлбал, уул уурхайгаас нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах, удирдах тогтолцоонд хийх шинэчлэл. Улсад татварын орлого өгөх, ашиглах явцад болон дууссаны дараах нөлөөллийг арилгахад хүрэлцэх санхүүгийн хуримтлал үүсгэх, улмаар эзэмшигчдэдээ ашиг авчрах гэсэн гурван шаардлагыг хангасан ордыг л эргэлтэд оруулдаг, эдгээр нөхцөл хангагдахгүй бол газрыг хөнддөггүй байх тогтолцоо бүрдүүлэх гэж байна. Мөн олон улсад уул уурхайн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд илүү мэргэшиж байгаа хандлага манайд нэвтэрч, шантаажны иргэний хөдөлгөөнүүдийн орон зай хумигдан, тогтвортой хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа, хяналт илүү жин дарна.
Дэлхий ертөнц тэр чигээрээ “ногоон шилжилт” хийгээд эхэлсэн нь Монгол Улсын хувьд эрдэс, түүн дотроо зэс, зай хураагуурын түүхий эдээр хангах өрсөлдөөнд нэлээд амбицтай тоглож, түүгээрээ дамжуулан эдийн засаг, технологиор тэргүүлэгч гүрнүүдтэй гүн гүнзгий интеграцад орох боломж олгож байна. Гадаад харилцааг эдийн засагжуулна гэж өмнө нь зорьж, мэр сэр ажил хийж байсан бол энэ удаад ашигт малтмал ба гадаад харилцааг хооронд нь уясан бодлогын реформ хийх зайлшгүй шаардлага бидэнд тулгарч байгаа. Энэ амбицад бидний өнгөрсөн 15 жил ашиглаж ирсэн “стратегийн орд” гэх концепц жижигдэх тул “критикал минерал” концепц руу шилжих реформыг хийх зайлшгүй шаардлагатай. Критикал минерал, критикал металл концепцод суурилсан бодлого бүхий улсуудын хийж эхэлж буй “тоглолт”-ыг судлаад үзэхээр ямар нэг ордод суурилсан бодлогоос хамаагүй өргөн талбар дээр, хамаагүй олон улс оронтой интеграцад орж, түүнийгээ бусад бодлоготойгоо уялдуулж буй нь харагдаж байна.
-Критикал минерал, критикал металл концепц гэж юуг хэлж байна вэ?
-Өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын хувьд геополитикийн асуудал, улс хоорондын худалдааны бодлогын зөрчилдөөн, бусад шалтгааны улмаас нөөц нь элбэг бус зарим эрдэс, металлын нийлүүлэлт тасалдаж, эдийн засагт нь сөргөөр нөлөөлөх эрсдэлийг удирдах бодлогынхоо хүрээнд “амин чухал” буюу критикал минералын жагсаалт гаргаж, тогтмол шинэчилж байдаг. Манай улсын хувьд уул уурхайн түүхий эд нийлүүлэгч талдаа “тоглодог” эдийн засагтай байгаа тул өнөөг хүртэл бидэнд критикал минерал гэдэг ойлголт тийм ч ач холбогдолтой байсангүй л дээ. Гэтэл дэлхий нийтээрээ ногоон эдийн засаг руу эргэлт буцалтгүй шилжих нь тодорхой болоод ирэнгүүт зай хураагуурын түүхий эд болон зэс зэрэг цөөнгүй металл, эрдэс бодисын хувьд үйлдвэрлэл өндөр хөгжсөн хэдхэн улсын хувьд л критикал байхаа больж, аж үйлдвэрийн хувьсгал гарснаар газрын тос дэлхий дахинд ямар үүрэгтэй болсон шиг хэмжээнд очих гэж байна. Уг бүтээгдэхүүнийг нийлүүлэгч улсууд ОПЕК (Газрын тос экспортлогч орнуудын байгууллага)-оор дамжуулан дэлхийн эдийн засаг, геополитикт нөлөөлөхүйц бодлого явуулаад байдаг биз дээ. Дэлхийн зэсийн нөөц ба олборлолтод тодорхой жин дарах бололцоотой гэгдэж буй манай улсын хувьд критикал минералын бодлогыг энэ өнцгөөс харах цаг ирж байна. Зай хураагуурын бусад түүхий эдийн хувьд эрж хайгаад илрүүлж олох өндөр потенциалтай улс гэдгээ шинжлэх ухааны үндэслэлтэй зарлачихад л тоглолтод оролцоод эхэлнэ.
-Стратегийн орд гэсэн ойлголт байхгүй болно гэж ойлголоо. Энэ нь ямар ач холбогдолтой вэ?
-“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэх концепц 2006 онд Ашигт малтмалын тухай хуульд орж ирсэн. Хэрхэн томьёолсныг нь одоо эргээд харахад тухайн цаг үеийн нөхцөл ямарваа нэгэн ордын түвшинд л бодлого боловсруулах боломж бидэнд олгож байж дээ. Бороогийн алтны ордыг ашиглаад дуусах, Оюутолгойг ашиглаж эхлэх гэж байсан түүхэн завсар үеийн нийгмийн сэтгэлгээний маань л тусгал юм даа. Өнгөрсөн жил Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгад стратегийн орд гэх нэр томьёо туссан бөгөөд тайлбар нь Ашигт малтмалын тухай хуульд байдаг. Энэ жил Ашигт малтмалын салбарт эрх зүйн шинэчлэл хийхдээ критикал минералтай холбож шинээр тайлбарлах, эсвэл Оюутолгой зэрэг одоо байгаа цөөн хэдэн ордоо стратегийн ордоор нь үлдээгээд, зэрэгцүүлэн критикал минералын концепцоо давхар оруулж ирэх хувилбар харагдаж байгаа.
-Түрүүнд таван реформ ярьж байгаад стратегийн орд руу хазайчихлаа.
-Уурхайн хаалтын санхүүгийн баталгаа бий болгож, байгаль орчин, нийгмийн асуудлыг цогцоор шийдвэрлэх нь эхний реформ. Удаах нь стратегийн орд хэмээх концепцод уягдан нэг орд тойрсон хэрүүл хийдэг түвшнээс ахиж, критикал минералын бүхэл бүтэн салбар босгож ирэх амбицад суурилсан реформ. Гурав дахь нь критикал минералаа эдийн засгийн гадаад харилцаатайгаа уях. Дөрөв дэх нь хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгохтой холбоотой. Манай улсын хувьд критикал минерал, металлын боломжоо богино хугацаанд тодорхойлж, олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлэхэд тусгай зөвшөөрлийн боловсронгуй тогтолцоо маш чухал. Өнгөрсөн туршлага, сургамж, хөгжлийн хэрэгцээ шаардлагаа харгалзан шийдвэрлэх ёстой. Тав дахь нь уул уурхайн орлогыг хөгжил, хөрөнгө оруулалт, ирээдүйн санхүүгийн баталгаанд системтэй бөгөөд хариуцлагатайгаар ашиглах баялгийн сангийн цогц тогтолцоо байгаа.
Энэхүү таван реформыг зөвхөн уул уурхайн салбарын хүрээнд бус, экосистемийнх нь хэмжээнд, хөгжлийн зорилтуудтай уялдуулан хийж, дор хаяж дараагийн 15 жил тогтвортой мөрдөхөө олон улсад зарлах цаг болсон. Эдгээрийг хийхдээ зэрэгцүүлэн Оюутолгой, Тавантолгойн зэрэг орд тойрсон маргаантай, эргэлзээтэй, иргэдийг талцуулсан, хөрөнгө оруулагчдад болгоомжлол төрүүлсэн асуудлуудаа ойрын хугацаанд, ул суурьтай шийдвэрлэж чадвал реформ цаасан дээр үлдэх биш, бодитоор хэрэгжинэ.