Үндэсний сэтгүүл зүйн 108 жил, МСНЭ-ийн 70 жилийн ойг тохиолдуулан МСНЭ-ээс ахмад сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүлж, шагнал гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.
Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн мэргэжлийн төв байгууллага болон МСНЭ нь үндэсний сэтгүүл зүйн 108 жилийн ойг тохиолдуулан сэтгүүл зүйн ахмад зүтгэлтнүүд болох болох МУСГЗ Б.Монголхүү, МУСГЗ Н.Дариймаа, сэтгүүлч Л.Сүхбаатар нарт хүндэтгэл үзүүлж “Алтан өргөмжлөл” өргөн барив.
Ойн арга хэмжээний үеэр МСНЭ-ийн “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдэгээр “Монголын үнэн” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, сэтгүүлч Б.Сэлэнгэ, “Ган үзэгтэн шагналаар “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Б.Номин-Эрдэнэ нарыг тус тус шагнав.
Мөн энэ үеэр МСНЭ-ээс “Шинэ цаг үе ба сэтгүүл зүй” тунхгийг гаргаж, мэдээллийн технологийн хурдацтай хөгжлийн эрин үед мэргэжлийн сэтгүүл зүйн чиг хандлагыг тодотгох, хэвлэлийн эрх, эрх чөлөөний суурь зарчмыг цар тахал болон цаг үеийн ямарваа нөхцөл байдлаас үл хамааран үл хөндөх, тууштай хамгаалах зарчмыг уриаллаа.
1913 оны гуравдугаар сарын 06-нд монгол сэхээтнүүд “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаарыг гаргасан бөгөөд энэ өдрийг Монголын үндэсний сэтгүүлзүй үүссэн өдөр гэж тэмдэглэх саналыг 1992 онд Монголын сэтгүүлчдийн холбооны YII их хурлаас гаргаж, 2009 оноос хойш тогтмол тэмдэглэж байна.