“Монголын хөрөнгийн бирж” компанийн гүйцэтгэх захирал асан, Монгол Улсын гавьяат эдийн засагч Очирбатын Батбилэгтэй ярилцлаа.
-Монгол Улсын гавьяат эдийн засагч хэмээх эрхэм цол хүртсэнд баяр хүргэе. Монголын хөрөнгийн бирж үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн үеэр манай салбараас анхны гавьяат төрлөө хэмээн хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд их баяртай байна лээ.
-Хөрөнгийн зах зээлд ажиллаж байсан, Монголын хөрөнгийн биржийг удирдсан хүмүүсээс өмнө нь өөр байгууллагаас тодорхойлж, гавьяат эдийн засагч цол хүртээсэн тохиолдол бий. Хөрөнгийн биржийн анхны захирал Н.Золжаргалыг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед 2011 онд Монголбанкнаас тодорхойлсноор гавьяат эдийн засагч болсон. Мөн миний дараа буюу 2000 оноос хойш хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Дорлигсүрэнд хөдөө аж ахуйн чиглэлийн байгууллагаас тодорхойлт гаргаж, гавьяат эдийн засагч цол хүртээсэн байдаг. Харин намайг Монголын хөрөнгийн бирж, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос тодорхойлсон. Тэгэхээр хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудаас тодорхойлуулж, гавьяат эдийн засагч болж буй анхны хүн нь би боллоо.
-Та Монголын хөрөнгийн биржийг анх байгуулахад л ажиллаж эхэлсэн юм билээ. Тухайн үеийн дурсамжаасаа хуваалцаач.
-Монголд хөрөнгийн бирж байгуулах Засгийн газрын тогтоол 1991 оны нэгдүгээр сарын 18-нд гарсан. Тогтоол гаргасныхаа дараа Засгийн газраас гүйцэтгэх захирлаар нь Н.Золжаргалыг томилсон юм. Н.Золжаргал захирлын нэгдүгээр тушаалаар санхүүгийн мэргэжилтэй гурван хүнийг хөрөнгийн биржийн ажилтнаар томилсны нэг нь би. Надаас гадна О.Энхбаяр, Л.Отгонтогос нарыг ажилд томилж байлаа. Бас туслахаа томилж байсан санагдаж байна. Түүнээс хойш 2000 оны есдүгээр сарын 17-ны өдөр хүртэл хөрөнгийн биржид янз бүрийн ажил хийсэн дээ. Янз бүрийн ажил гэдэг нь дөнгөж байгуулагдаад цөөн ажилтантай учир би гэхэд нягтлан, нярав, аж ахуйн албыг ганцаараа хариуцдаг байв. Бид анх Монголбанкны нэг өрөөнд байрладаг байлаа. Гэтэл засвар хийгээд нөгөө өрөөний таазнаас шавар унаад ажил хийлгэдэггүй. Тэгээд Санхүү, эдийн засгийн техникум руу нүүсэн. Тухай үед техникумын захирлаар ажиллаж байсан, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал “Та нарт том өрөө хэрэгтэй байх” гээд өөрийнхийг суллаж өгсөн. Буцаж Монголбанкны нэг том танхимд хэсэг суугаад, одоогийн Монголын хөрөнгийн бирж байгаа байранд нүүж орсон юм. Хуучнаар Элдэв-Очирын нэрэмжит хүүхдийн кино театрын байр шүү дээ. Арилжаа хийхэд хамгийн тохиромжтой танхимтай байсан учраас бид хотын захиргаанд санал гаргаж, энэ байрыг авч байсан. Хотын дарга Л.Энэбиш маш их дэмжсэн. Тухайн үед дарга нь кино театраа өгөхгүй гэж нэлээд үл ойлголцол үүсэж байсан санагдана. Кинотеатрын ажилчдын заримыг хөрөнгийн биржийн ажилчин болгож үлдээсэн. Тухайлбал, нярав, сантехникийн слесарийг ажилд нь үлдээж, тасалбар таслагч нарыг нь үйлчилгээний ажилчин болгож байв. Кино театрын дарга нь сургалтад хамрагдаад хамтын сангийн менежер болсон. Австрийн компаниар дотоод, гадаад засал хийлгэж, тоног, төхөөрөмжийг нь суурилуулсан юм. Би Монголын хөрөнгийн биржид эхлээд нягтлан бодогч, Санхүүгийн албаны даргын алба хашиж, дараа нь Н.Золжаргал захирлын тавьсан санал, өгсөн үүргийн дагуу Хяналтын алба байгуулж, даргаар нь ажилласан. Би өмнө нь Улсын банкны ерөнхий хорооны Шалган байцаах хэлтэст арав гаруй жил байцаагчаар ажилласан туршлагатай байлаа. Н.Золжаргал “Та хяналт шалгалтын ажлыг сайн мэднэ. Бирж шинээр байгуулж байгаа учраас үйл ажиллагаа нь эхнээсээ эмх замбараатай байх ёстой. Тиймээс та хяналт, шалгалтын алба байгуулж, дүрэм журам боловсруулаад, боловсон хүчнээ бүрдүүлээд ажиллаач” гэсэн. Дараа нь хөрөнгийн биржийн дэд захирал, гүйцэтгэх захирлаар ажилласан. Гүйцэтгэх захирлаар 1999 онд томилогдоод, нэг жил гаруй ажилласан юм. УИХ-ын 2000 оны сонгуульд МАХН олонх болж, засгийн эрх аван, нам бус намайг ажлаас чөлөөлсөн дөө. Би хөрөнгийн биржийн бүх шатанд нь ажиллаж үзсэн хүн.
-Таныг Монголбанкнаас урилгаар ирж хөрөнгийн биржид ажилласан гэж сонссон.
-Н.Золжаргал 1988-1991 онд Улсын банкны ерөнхий хорооны Гадаад тооцооны газарт нягтлан бодогч, эдийн засагчаар ажиллаж байсан. Би ажлыг нь шалгадаг, нэг байгууллагад ажиллаж байсан учраас танилууд байлгүй яах вэ. Тэрбээр хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал болоод надад хамт ажиллах санал тавьсан. Тухайн үед Улсын банкны ерөнхий хороонд хамт ажиллаж байсан Н.Жаргалсайхан, Д.Сүх-Эрдэнэ нар “Чи Н.Золжаргалтай хамтран ажиллаж, тусал” гэж ятгалаа. Н.Жаргалсайхан бол Н.Золжаргалын ах гэдгийг банкны салбарынхан мэднэ. Тэгээд хөрөнгийн биржид ажиллахаар шийдсэн. Би Улсын банкны ерөнхий хороонд ажиллаж байхдаа олон хэрэг илрүүлсэн. Томоос нь дурдвал, Гадаад тооцооны газрын ерөнхий нягтлан бодогч 25 мянган ам.доллар ашигласныг илрүүлж байлаа. Бас 8000 ам.доллар ашигласан байсныг ч илрүүлсэн. Тухайн үед бол асар их мөнгө. Тиймээс Н.Золжаргал намайг үнэлдэг байсан болов уу.
-Монголд хөрөнгийн зах зээл үүсэж хөгжсөн эхний 10 жилд Монголын хөрөнгийн биржид ажиллаж байжээ. Маш их ажилтай он жилүүд байв уу?
-Мэдээжийн хэрэг их ажил амжуулсан. Боловсон хүчнээ бэлтгэх, дүрэм журам боловсруулах, арилжааны систем бий болгох гэх мэт их ажил амжуулсан. Харвардын их сургуулиас гурван багш урьж, хөрөнгийн зах зээлд ажиллах боловсон хүчнээ бэлтгэх сургалтыг Санхүү, эдийн засгийн техникумыг түшиглэн явуулж байв. Мөн тэднээс өмч хувьчлалыг хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хийх зөвлөгөө авч байсан. Зургадугаар сард эдийн засгийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг бүх их, дээд сургуулийн төгсөлт болох үеэр “Хөрөнгийн зах зээлд ажиллах сонирхолтой хүмүүс гурван сар үнэ төлбөргүй сургалтад хамрагдаарай” гэсэн зар тарааж байлаа. Бас семинарт оролцохоор ирсэн аймгуудын Засаг дарга нартай уулзаж, хоёр хүн сургалтад хамруулах шаардлагатай байгааг хэлсэн. Сургалтад хамрагдсан хүмүүс аймагтаа брокерын пүүс байгуулж, иргэдийг нь хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр өмч хувьчлалд хамруулах ажил хийх ёстой байлаа. Ингээд 18 аймаг, Дархан, Эрдэнэт хотоос тус бүр хоёр хүн ирж, нийслэлийнхэнтэй хамт сургалтад хамрагдсан. Нийслэлээс сургалтад хамрагдсан хүмүүст тооны хязгаар тавиагүй. Эдийн засаг, санхүүгийн чиглэлээр их, дээд сургууль, техникум төгссөн 500 орчим хүн сургалтад хамрагдсан юм. Ингээд сургалтад хамрагдсан хүмүүс аймаг, дүүргийн удирдлагын дэмжлэгтэйгээр брокерын пүүсээ байгуулж байлаа. Цэргийнхнийг өмч хувьчлалд оролцуулахын тулд “Алтан хоромсог” брокерын пүүсийг Батлан хамгаалах яамны дэргэд байгуулж байсан түүхтэй. Брокерын пүүсүүд байгуулагдаад хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг тарааж эхэлсэн. Засгийн газрын өмч хувьчлалын комисс эхний ээлжид хувьчлах үйлдвэр, аж ахуйн газрынхаа жагсаалтыг гаргасан. Брокерын пүүсүүд байгуулагдахтай зэрэгцээд бид үнэт цаас бүртгэх, арилжих дүрэм журмаа боловсруулж байлаа. “Эврика” гэж компани байгуулсан монгол залуус биржийн үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоо, хадгаламжийн программыг анх бичсэн юм. Бидний боловсруулсан дүрэм, журмыг дагуулаад программистууд нь программаа бичсэн. Тэгээд 1992 оны хоёрдугаар сарын 7-нд анхны арилжаагаа хийж билээ. АПУ, гутал, мах, сүүний гэх мэт томоохон үйлдвэрийн газар ажиллагсдадаа 100 төгрөгийн нэрлэсэн хүнтэй 70 ширхэг давуу эрхийн хувьцаа шууд бичилт хийн олгож байсан. Шууд бичилт хийж олгосон давуу эрхийн хувьцаанаас бусдыг нь биржээр арилжсан. Өөрөөр хэлбэл, хүмүүс хөрөнгө оруулалтын эрхийн бичгээрээ улсын үйлдвэр, аж ахуйн газруудын хувьцааг сольж авсан гэсэн үг. Энэ үйл явц шувтарснаар 1995 оны наймдугаар сарын 28-нд бэлэн мөнгөний арилжаа эхлүүлж байлаа. Хувьцааг хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр биш, бэлэн мөнгөөр арилжиж эхэлсэн гэж ойлгох хэрэгтэй.
-Тухайн үед хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг олгоход өнөөгийнхөөс илүү ажиллаж байсан гэдэг юм билээ.
-Бид хөрөнгийн зах зээлийг сурталчлах ажил сайн хийсэн гэж боддог. Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг тараахтай зэрэгцүүлээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд мэдээлэл тогтмол өгдөг байлаа. Засгийн газраас иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор телевизийн цаг гаргаж өгсөн. Манай Хэвлэл мэдээллийн албаны Майцэцэг гэж бүсгүй “Цагийн хүрд”-ийн өмнө болон дараа хувьцааны ханшийн талаар мэдээлэл өгнө. Хүмүүс биднээс илүү Майцэцэгийг таньдаг байлаа шүү дээ. Аймгууд руу хүмүүсээ явуулж, хөрөнгийн зах зээлийн талаар сурталчилгаа хийх зэргээр идэвхтэй ажилласан. Хөрөнгийн биржийн арилжаа хэсэг хугацаанд идэвхтэй байснаа 1999 оны эхэн үеэс суларсан. Энэ нь Төрийн өмчийн хороо хувьчлагдах аж ахуйн нэгжийн хувьцааг биржээр оруулахгүйгээр багцалж арилжсантай холбоотой. Ийм арга хэмжээ авснаар биржээр дамжих бүтээгдэхүүн хомсдож, арилжаа багассан. Уг нь хуульд нэг хүн тухайн компанийн хувьцааны 20-иос дээш хувийг эзэмшихийг хориглосон заалт байсан юм. Гэтэл хүмүүс эхнэр, хүүхэд, ах, дүүгийнхээ нэр дээр хувьцааг нь авчихсан. Ингээд дийлэнх хувьцаа нь нэг хүний гарт төвлөрсөн. Цаашлаад хөрөнгө оруулагчид хувьцаат компани хэлбэрээр байх нь ашигтай, хувьцаагаа зараад мөнгө босгож болно, нэмж хувьцаа гаргаж болно гэдгийг ойлгоогүй. Өөрийн бүрэн эзэмшлийнх болгож авах гээд олон компанийг хэлбэрийг нь хязгаарлагдмал хариуцлагатай болгож өөрчилсөн. Хөрөнгө оруулагчдын ийм хандлага биржийн арилжааны хэмжээг ихээхэн бууруулсан юм. Нөгөөтээгүүр, зах зээлийн хөгжлийг уясан тал бий.
-Ийм хандлага газар авснаас болоод өнөөдөр Монголын хөрөнгийн зах зээл хувьцааны төвлөрөл ихтэй, хөрвөх чадвар муутай болсон биз дээ.
-Тийм. Гэхдээ одоо Санхүүгийн зохицуулах хороо, биржийнхэн, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран нэлээд сайн ажиллаж байна. Давхар бүртгэлтэй хувьцаат компаниуд хувьцааг аль ч бирж рүү хөрвүүлж арилждаг болгож байх жишээтэй. Шинээр гарч буй хувьцааг хөрвөх чадвартай байхыг шаардаж байна. Хөрөнгийн бирж арилжаа, төлбөр тооцоо, үнэт цаасны хадгаламжийн үйлчилгээг өөрөө л хийдэг байлаа. Одоо бол арилжааны төлбөр тооцоо, үнэт цаасны хадгаламжийн төв нь тус тусдаа ажилладаг. Орчин үеийн олон шинэ бүтээгдэхүүн гарсан том зах зээл болсон. Өнгөрсөн 30 жилд хөрөнгийн зах зээлд оролцоод алдсан ч, ашиг олсон ч хүн бий. Хүмүүс үнэт цаас гэж юу болох, яаж арилжаанд оролцох ёстойг ойлгодог, зах зээлийг анхааралтай ажигладаг болжээ. Өнгөрсөн хугацаанд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд алдсан ч, оносон ч зүйл олох байгаа байх. Яагаад гэдгийг нь мэдэхгүй юм. Зарим хүн харлуулж их ярьдаг. Шууд хувьчлал хийе гэвэл улсын үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж авах хүн ганзагын наймаачнаас өөр байгаагүй. Тухайн үед хүмүүс мөнгөгүй байсан. Тиймээс нийт иргэдээ нэг гараанаас эхлүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын эрхийн бичиг тараасан юм. Зарим хүн хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг зах дээр зарж байсан гэж ярьдаг. Зарим нь зараад, нэг хэсэг нь худалдаж аваад баяжчихсан гэж ойлгодог. Гэтэл өөр хүний эрхийн бичгээр хувьцаа авах захиалга өгөх боломжгүй, хориглосон байсан. Тухайн хүний иргэний үнэмлэхтэй эрхийн бичгийг нь тулгаж байж захиалга авдаг байсан юм.
-1996-2000 онд өрнөсөн их хувьчлалтай андуурдаг юм биш үү?
-Тийм. Их хувьчлалаар төрийн үйлдвэр, аж ахуйн газруудынхаа хувьцааг дуудлагаар худалдсан. Тэгэхэд ганзагын наймаанд явж хуримтлал үүсгэсэн хүмүүс худалдаж авсан байдаг юм.
-Та Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тухайн үед энэ холбооны үйл ажиллагаа ямар байсан бэ?
-Хөрөнгийн зах зээлийн бэлэн мөнгөний арилжаа эхлэхийн өмнө брокерын пүүсүүд эрх ашгаа хамгаалах төрийн бус байгууллагатай болох хэрэгтэй гэсэн санаачилгыг Н.Золжаргал гаргасан. Ингээд 1995 онд Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоог байгуулж, анхны ерөнхийлөгчөөр нь Л.Төмөртогоо, дараа нь Н.Золжаргал, О.Энхбаяр, Л.Цэвээнравдан, тэгээд би 1999-2004 онд ажилласан. Гишүүн брокерын пүүсүүдийн эрх ашгийг хамгаалж, эрх нь зөрчигдвөл дуугарч байлаа. Одоо бол үнэт цаасны компаниудын тоо нэмэгдсэн. Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо өөрийгөө зохицуулах байгууллага болж, үйл ажиллагаа нь илүү чамбайруулсан. Тус холбооныхон энэ жилээс биржийн бус зах зээлийг Монголд хөгжүүлэхээр ажиллаж байна.
-Таны намтраас харахад Н.Золжаргал ерөнхийлөгчийн үед буцаад Монголбанканд ажилласан юм билээ.
-Н.Золжаргалыг 2012 онд Монголбанкны ерөнхийлөгчөөр томилсон. Тэрбээр томилогдсоныхоо дараахан намайг дуудаж, Монголбанкны Дотоод хяналт, үйл ажиллагааны газрын дор Үйл ажиллагаа эрсдэлийн хяналтын хэлтэс шинээр байгуулж, ахлах хянан шалгагчаар намайг ажиллуулсан юм. Удалгүй тус хэлтсийн захирлаар томилсон. Н.Золжаргал бид хоёр олон насны зөрүүтэй учраас найз нөхөд биш. Тэр итгэлийг даана гэж бодож, надад ажил хариуцуулдаг гэж ойлгодог. Хөрөнгийн биржээс гаргасны дараа “Батс инвест” брокер дилерийн компанид зөвлөх хийсэн. “Капитрон” банкны нэг төслийг хэрэгжүүлэхэд оролцсон. Хэсэг хугацаанд Онцгой байдлын газрын аж ахуйн тооцоо, тайлан балансыг цэгцэлсэн. Өөрийн болон садангийнхаа хүмүүсийн компанийг у дирдсан гээд олон ажил хийжээ. Санхүү, эдийн засгийн техникумыг 1980 онд төгссөнөөсөө хойш банк санхүү, хөрөнгийн зах зээлийн салбарт 30 гаруй жил ажилласан байна.