ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судлаач Т.Доржлхагватай ярилцлаа. Монгол орны шувуудын талаар сонирхолтой баримт, мэдээллийг олон нийтийн сүлжээнд идэвхтэй хуваалцдаг түүнийг мэргэжил, хобби нэгтнүүд нь “Ирээдүйтэй судлаач” гэж үнэлдэг юм билээ.
-Шувуу судлаач, сонирхогчийн хувьд 2020 он хэр өгөөжтэй жил байв. Цар тахал хэрхэн нөлөөлсөн бэ?
-2019-2020 он их онцлог жил байлаа. Мэдээж дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас төлөвлөсөн зарим ажил цалгардсан. Ялангуяа гадаад улстай холбоотой, хамтарсан ажлууд тодорхой хэмжээгээр саатлаа. Гэхдээ аливаа зүйлд сайн, саар тал хослон оршдог учир өгөөжтэй зүйлс ч байлаа. Тухайлбал, өмнөхөөсөө ч илүү төвлөрч, сууж ажиллалаа. Тэр хэрээр бүтээмжтэй байсан.
-Одоо ямар төсөл, судалгааны ажилд төвлөрч байна вэ?
-Өнгөрсөн жилийн сүүлчээс ШУА-ийн Биологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж эхэлсэн. Өдгөө байгууллагынхаа шугамаар хэд хэдэн төсөлд зэрэг ажиллаж байна. Бас Монгол орны сээртэн амьтдын цуврал ном бүтээх ажлын хажуугаар олон жил бэлдэж, хүлээсэн идлэг шонхрын филогенетикийн судалгаагаа эхлүүлсэн.
-Олон улсын судлаачдад үнэлэгдэж, amazon.com зэрэг худалдааны сайтын эрэлттэй бүтээлээр шалгарсан “Монгол орны шувууд” номыг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бол та. Энэхүү бүтээлийг уншигчдын гарт хүргэхийн тулд гадаадын судлаачидтай хамтарсан томоохон төсөл хэрэгжүүлсэн гэж дуулсан. Энэ санаа хэрхэн төрсөн талаар ярихгүй юу?
-Маш урт хугацааны аяллын үр дүнд “Монгол орны шувууд” төслөө 2019 онд Англид амжилттай өндөрлүүлж, эл номоо уншигчдын хүртээл болгосон юм. Би их сургуульд элссэн үеэсээ С.Гомбобаатар багшийн удирдлагад судалгаа шинжилгээний ажилд идэвхийлэн оролцдог байлаа. Шувуудыг ялгаж танихын тулд тэмдэглэлийн дэвтэртээ зурж, онцлог шинжийг нь бичдэг байсан. Үүнээс хойш нэлээд хэдэн жил өнгөрчээ.
2013 онд “Handbook of the birds of world” төслийн хээрийн судалгаанд оролцох завшаан надад олдсон юм. Төслийн удирдагчаар МУИС-ийн Шувуу судлалын тэнхимийн эрхлэгч, доктор С.Гомбабаатар, Израилын нэрт эрдэмтэн Хадорам Ширихай нар ажилласан. Тэдэнтэй Монгол орныг хөндлөн гулд туулж, Ховдын хязгаараас Халх, Нөмрөгийн дархан цаазат газар, өмнийн шаргал говиос Хан Хэнтийн балар ширэнгэ хүртэл шувууны судалгаа хийсэн нь мэргэжилдээ дурлаж, тууштай ажиллахад гол нөлөө үзүүлсэн гэж боддог. Шувууны ном бүтээх тухай санаа энэ судалгааны үеэр анх төрсөн юм. Тухайн өдрийнхөө ажлын ард гарчихаад, нэгэн довцог дээр Хадорам Ширихайтай ярилцаж суух зуурт ийм бодол, сэдэл санаа толгойд зурсхийсэн. Бид тэр үед Дорнодын Хөлөнбуйрт байсан шиг санагдана. Нөгөөтээгүүр, нийгэм, цаг үеийн шаардлага ч нөлөөлсөн. Монгол орны шувуудын талаарх бүрэн хэмжээний ном тухайн үед хараахан хэвлэгдээгүй байсан юм. Үүнээс жилийн дараа буюу 2014 оны өвөл хэдэн шувуу зураад, түүнийгээ МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, доктор М.Билэгсайханд үзүүлтэл “Эхний ээлжид ил захидал хэвлүүлж, туршаарай. Дараа нь номынхаа ажлыг эхлүүлээрэй” гэж зөвлөж билээ. Ингээд л санаагаа ажил хэрэг болгохоор зориглож, сэтгэл шулуудсан даа.
-“Монгол орны шувууд” ном олон улсад ийнхүү эрэлттэй байгаагийн гол нууц нь юу вэ?
-Сүүлийн 20 гаруй жил байгалийн аялал жуулчлалын төрөл, тэр дундаа шувуу ажиглах аялал Монголд эрчимтэй хөгжиж буй. Мөн салбарын судалгаа шинжилгээний төслүүд улам бүр өргөжсөөр байна. Үүнийг дагаад мэдээллийн болон олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт үүсэх нь ойлгомжтой. Эл эрэлтэд чиглэсэн зөв бүтээгдэхүүнийг олон улсын хэвлэлийн компаниар дамжуулан зах зээлд нийлүүлсэн нь хамгийн оновчтой алхам болсон гэж боддог. Үүнтэй яг ижил номыг Монголд хэвлүүлээд, аmazon.com-д хандан, борлуулах боломж бий ч Английн, эсвэл Америк, Испанийн туршлагатай компани энэ бүхнийг хариуцах нь газар, тэнгэр шиг ялгаатай юм билээ. Түүнчлэн номын чанар ч тодорхой хэмжээнд нөлөөлсөн болов уу. “Монгол орны шувууд”-ыг өнгөрөгч оны намраас хойш гадаадын 20 гаруй сүлжээгээр худалдаалсан. Номын чанартай холбоотой эерэг сэтгэгдэл, урмын үгийг олон уншигч энэ хугацаанд ирүүлсэн. Ялангуяа өнгөт зургуудыг сайшаасан сэтгэгдэл олон бий. Эл бүтээл amazon.com сайтаас таван од хүртэж, нэлээд өндөр үнэлгээ авсан.
-Тус номд хэчнээн шувууны мэдээллийг багтаасан бэ?
-“Монгол орны шувууд” ном 352 хуудастай. Манай орны шувуудын талаарх бүрэн хэмжээний, шинжлэх ухааны бүтээл. Монголд тохиолддог, тохиолдох боломжтой нийт 521 зүйл шувууны танилцуулга, өнгөт зураг, тархац нутгийнх нь үндсэн мэдээллийг агуулсан. Түүнчлэн дэд зүйл, газар зүйн вариацын онцлог, нас, хүйс гэх мэт тухайн нэг зүйл бодгалийн боломжит бүх мэдээллийг багтаасан. Давхардсан тоогоор нийт 3000 гаруй шувууны өнгөт болон хар зурагтай. Тэр болгоныг өөрийн гараар зурах завшаан тохиосонд их олзуурхдаг. Товчхондоо, энэхүү бүтээл нь Монгол орны шувуудын талаарх нэгдсэн мэдээллийн “систем” гэж ойлгож болно.
-Ийм томоохон, гадаадынхантай хамтарсан төсөлд гар бие оролцоно гэдэг залуу судлаачийн хувьд алдаж боломгүй боломж. Нөгөөтээгүүр, үнэтэй туршлага хуримтлуулсан болов уу. Таны хувьд энэ төсөл юу “өгсөн” бэ?
-25 настайдаа Принцтений их сургуулиас (Princeton university press) дэлхийн хэмжээний төсөл батлуулж, ам.доллароор цалинжиж явсан үе надад бий. Дэврүүн сэтгэл, том зорилгоос өөр зүйлгүй, шургаж унатлаа ажилладаг өдрүүд ч байлаа. Энэ бүхнийг туулсны эцэст би олон зүйлийг ойлгосон. Хийж бүтээе гэсэн чин хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлтэй байвал боломжгүй зүйл үгүй гэдгийг баталлаа. Эл төсөлд ажилласны дараа надад олон боломж нээгдсэн. Хэд хэдэн төсөлд амжилттай ажиллаж байна. Мэдээж заримдаа шантарна, бэрхшээл тохиолдоно. Гэхдээ тэр бүхнийг хэрхэн давахаа мэддэг болсон.
-Шувуудыг нэрийг монгол, англи буюу хос хэлээр бичих, монголчуудын үндэсний бахархал болсон идлэг шонхрын зургийг хавтсанд нь хэвлэх зэрэг санал гаргаж, төслийн багийнхантайгаа нэлээд ширүүн “үзэлцсэний” дүнд өөрийнхөө талд шийдвэрлүүлсэн юм билээ.
-Миний хувьд энэ төрлийн ажлын туршлага байгаагүй ч гадаадын томоохон хэвлэлийн компанитай хамтрах маш ховор завшаан олдсон. Гэхдээ би ингэж бодож, сүрдэхээс илүү тусгаар улсын иргэн, төслийн нэгдүгээр автор (зохиогч)-ын байр сууриас асуудалд хандахыг хичээсэн. “Бид энэ номыг эх хэлнээ мөддөө орчуулж, хэвлүүлж хүчрэхгүй болов уу” гэсэн болгоомжлол, айдас байсан учир шувуу болгоны нэрийг кириллээр давхар бичих саналыг гаргасан. Хүн болгон англиар уншиж, ойлгож чадахгүй. Тиймээс жирийн нэг малчнаас эхлээд оюутан залуус, байгаль хамгаалагчид тус номыг ойлгож уншаасай, тэдэнд хүртээмжтэй байгаасай гэж бодсон. Төслийн багийнхан саналыг минь дэмжсэн. Үүний дараа номын хавтасны зургийг сонгоход санал зөрсөн. Угтаа бол номын нүүрэнд хүний нүд хужирлахуйц өнгөлөг, тухайн орны онцлогийг илтгэсэн ховор шувууны зургийг сонгодог юм билээ. Гэтэл идлэг шонхор энэ шалгуурыг ер хангахгүй байв. Тиймээс компанийн зүгээс миний саналыг дэмжээгүй. Ингээд хагас сар орчмын хугацаанд зөрчилдсөний эцэст арайхийн өөрийнхөө талд шийдүүлсэн.
Идлэг шонхор бол Монголын үндэсний бахархалт шувуу. Тэгсэн атлаа хүний нөлөөнд хамгийн их өртөж, хохирч, хэлмэгдэж буй хөөрхийлөлтэй жигүүртэн. Тоо толгой нь улам хорогдсоор байгаа. Тиймээс идлэг шонхрын асуудлыг олны анхааралд аваачихыг хүссэн юм. Ер нь олон удаа улиглах бус, бодитоор хэрэгжүүлэх нь чухал гэж үздэг. Энэ зорилго минь тодорхой үр дүнд хүрнэ гэж итгэж байгаа.
-Т.Доржлхагва судлаачийнхаа хувиар юуг зорьж, мөрөөддөг вэ?
-Зорилго, мөрөөдөл гэхээс илүү бидэнд өнөөдөр хамгийн их тулгамдаж байгаа асуудлуудыг хэлье гэж бодлоо. Манай орон асар их байгалийн баялагтай, бахархам түүх соёлтой. Бид холыг харж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн ажиллахыг цаг үргэлж эрмэлзэх хэрэгтэй. Улс орны хөгжлийг нам, бүлгийн шийдвэр, уул уурхайн баялгийн нөөцөөр хэмждэггүйг, иргэн бүрт хязгааргүй боломж бийг ойлгох нь чухал.
Өдрөөс өдөрт ховордож, устах дөхсөн амьтдын зүйлийг хамгаалах, өсгөн үржүүлэх, орчин үеийн судалгааны лаборатори, тоног төхөөрөмж бидэнд нэн түрүүнд хэрэгтэй байна. Дэлхийн хэмжээнд бэлтгэгдсэн судлаач, туршлагатай, чадварлаг боловсон хүчин Монголд байна. Судлагдахуун нь ч хангалттай бий. Гагцхүү хөрөнгө оруулалт, ажиллах орчныг нь сайжруулах хэрэгтэй. Ингэж чадвал дэлхийн шинжлэх ухааны шилдэг байгууллагуудад ажиллаж байгаа чадварлаг залуусаа Монголдоо “төвлөрүүлэх” боломж бүрдэнэ. Энэ нь эцсийн дүндээ уул уурхайгаас ч илүү үр өгөөжийг бидэнд өгнө гэж боддог.