Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)- ын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Нармандахтай ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчийн нэрийн жагсаалтыг хэрхэн үйлдэж, хэзээ цахим хуудсандаа байршуулах вэ. Саналаа өгөх иргэдийн тоо эцсийн байдлаар хэзээ гарах вэ?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчийн нэрийн жагсаалтыг Иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн үйлдэж, түүнийг нягтлан шалгах, давхардлыг нь арилгах ажлыг хийнэ. Мөн сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэх, эдгээртэй холбоотой гомдлыг шийдвэрлэх зэргийг хариуцаж, нэгдсэн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлэх юм. Гэхдээ сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрийн дагуу сонгуулийн хэсгийг байгуулсны дараа үүнийг хийнэ. Тодруулбал, тус хэсгийг энэ сарын 1-нээс өмнө байгуулж, улсын бүртгэлийн байгууллагад тогтоолыг нь ирүүлснээс эхлэн дээрх жагсаалтыг үйлдэх юм. Ингэснээр бүртгүүлсэн иргэний эцэг (эх)-ийн болон өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнгын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо болон сонгуулийн хэсэг бүрээр нь гаргаж, ирэх сарын 1-нээс цахим хуудсандаа байршуулна. Үүний дараа сонгогч өөрийн болон байнга оршин суугаа хаягт нь бүртгэгдсэн иргэдийн мэдээлэлтэй танилцах боломжтой. Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх иргэдийн тоог зургадугаар сарын 5-нд эцсийн байдлаар гаргана.
-Гадаадад байгаа сонгогчийн нэрийн жагсаалтыг танайх хариуцах уу?
-Монгол Улсаас гадаадад суугаа Элчин сайдын яам, Байнгын төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын болон Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар байрладаг улсад оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэн Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх эрхтэй. Тэдний санал авах өдрийг тавдугаар сарын 30, 31-нд товлосон. Гадаадад санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчийн нэрийн жагсаалтыг Төв комисс (гадаадад санал өгөх ажлыг зохион байгуулах комисс)-оос манайх хүлээн авч, Иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн нягтлан шалгана.
-Тухайн иргэний хаягт танихгүй, өөр хүнийг нь бүртгэсэн байвал түүнийг урьдчилан мэдэх боломжтой юу?
-УИХ-ын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу иргэн сонгогчийн нэрийн жагсаалтаас зөвхөн өөрт хамаарах мэдээлэлтэй танилцах боломжтой. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгаснаар иргэн цахим хуудсанд байрлуулсан сонгогчийн нэрийн жагсаалт дахь өөрийн болон байнга оршин суугаа газрын хаягт нь бүртгэгдсэн хүмүүсийн холбогдох мэдээлэлтэй танилцах боломж бүрдсэн. Тухайн иргэний байнга оршин суугаа газрын хаягт өөр хүн бүртгэлтэй байгаа талаарх гомдол сонгуулийн үеэр их гардаг. Үүний дийлэнх нь тухайн хаягт өмнө нь байнга оршин сууж байсан иргэн үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулсан боловч шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгээгүйтэй холбоотой байдаг. Энэ тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагад хандан, шийдвэрлүүлэх боломжтой.
-Нэрийн жагсаалтыг алдаатай гаргасан, нэг хаягт олон хүн бүртгэсэн зэрэг мэдээлэл, маргаан яагаад тасрахгүй байна вэ?
-Хариуцлагатайгаар хэлэхэд, сонгогчийн нэрийн жагсаалтыг Иргэний улсын бүртгэлийн цахим санд үндэслэн зөвхөн тухайн хүнийг илэрхийлэх биеийн давхцахгүй өгөгдлийн буюу гарын хурууны хээний болон бусад бүртгэлд тулгуурлан хуульд заасны дагуу үйлддэг. Тиймээс сонгогчийн нэрийн жагсаалт алдаатай, зөрчилтэй байх, сонгогч давхардах боломжгүй. Тухайн сонгогчийг үнэн зөв бүртгэсэн, эсэхийг шалгах, хянах боломжтой шүү дээ. Мөн холбогдох хууль хяналтын байгууллага үүнд хяналт тавьдгийг хэлэх нь зүйтэй байх.
Харин нэг хаягт олон иргэнийг бүртгэсэн гэх асуудал нь тодорхой шалтгаантай байдаг. Тухайлбал, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар оршин суух хаяггүй иргэнийг хүмүүнлэгийн тусламж, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын хүсэлтийг үндэслэн тухайн байгууллагын хаягт бүртгэн, иргэний үнэмлэх олгодог. Жишээлбэл, Сонгинохайрхан дүүргийн VIII хорооны “Гэрэлт ирээдүй” асрамжийн газарт 36, VI хороонд нь байрлах нийгмийн хамгааллын тусгай төвд 145, Баянзүрх дүүргийн V хорооны “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын хаягт 50, VIII хороонд нь байрлах Хүүхэд сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборт 24, Хөвсгөл аймаг дахь Ахмадын асрамж, үйлчилгээний төвийн хаягт 36 иргэн бүртгэлтэй байна.
-“Түр хасав” гэсэн тэмдэглэгээг ямар тохиолдолд хийдэг юм бол?
-Холбогдох эрх бүхий байгууллага буюу Улсын дээд шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, хил хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн мэдээллийг үндэслэн сонгогчийн нэрийн жагсаалтад “түр хасав” тэмдэглэгээг хийдэг. Тодруулбал, эрх зүйн чадамжгүй нь шүүхээр тогтоогдсон, хорих ял эдэлж байгаа болон эрүүгийн хэрэгт холбогдуулан баривчилсан, захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа сонгуулийн насны иргэд, 60 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаадад зорчсон хүмүүсийн мэдээлэлд дээрх тэмдэглэгээ хийдэг.
-Сонгогчийн жагсаалтыг цаасан хэлбэрээр үйлдэж, орон нутаг дахь улсын бүртгэлийн байгууллагын салбар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороодод хүргүүлэх юм байна. Энэ үеэр мэдээлэл алдагдах эрсдэл бий юү?
-Нэрийн жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр үйлддэг. Цаасан хэлбэртэйг нь санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороодод хүргүүлэх юм. Үүнийг цагдаагийн болон тагнуулын байгууллагын хяналт, хамгаалалтад, нарийн зохион байгуулалттайгаар хийдэг тул мэдээлэл нь алдагдахгүй.
-Сонгуулиас өмнө гадаадаас тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэд саналаа өгөх боломжтой юу?
-Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн, 60 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаадад зорчсон иргэдийн мэдээлэлд “түр хасав” нэмэлт тэмдэглэгээ хийдэг. Энэ тохиолдолд тухайн иргэн сонгуулийн санал авах өдөр биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлээ таниулж, сэргээлгэснээр санал өгөх боломжтой.
-Нам, эвсэл, төрийн бус байгууллагын төлөөлөл сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах эрхтэй юү?
-Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээд хүсэлт гаргасан тохиолдолд сонгогчийн нэрийн жагсаалтын холбогдох хэсгийг цахим хэлбэрээр нэг удаа олгоно. Түүнчлэн нэр дэвшигч болон Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн төрийн бус байгууллага ажиглагч томилж, ажиллуулдаг. Ажиглагч нь хуульд заасан хугацаанд сонгогчийн нэрийн жагсаалт болон үүнд оруулсан өөрчлөлттэй танилцах эрхтэй. Мөн сонгогчийн нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгах, хүргүүлэх үйл ажиллагаатай Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн нам, төрийн бус байгууллагын төлөөлөл танилцах боломж нээлттэй.
-Хэсгийн хороодод ажиллах улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтныг хэрхэн сонгодог юм бол?
-Улсын бүртгэлийн байгууллагын сургалтад хамрагдсан, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийг итгэмжлэгдсэн ажилтнаар томилдог. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсийн дарга тагнуулын байгууллагын саналыг үндэслэн тус ажилтныг томилдог юм.
-Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хэзээнээс зогсоох вэ. Шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийлгэх боломж бүрдсэн үү?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал авах өдрөөс 60 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсооно. Улсын бүртгэлийн байгууллага иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй байх үүднээс цахимаар үзүүлэх үйлчилгээгээ шат дараатай нэмэгдүүлж байгаа. Тухайлбал, “E-mongolia” системээс иргэний үнэмлэх, энгийн гадаад паспортыг дахин захиалж авах үйлчилгээ үзүүлж байна. Мөн зарим төрлийн улсын бүртгэлийн лавлагаа авах боломжтой. Цаашид ч үүнийг нэмэгдүүлэх бодлого баримтална. Энэ жилийн хувьд цахимаар үзүүлэхээр төлөвлөсөн, улсын бүртгэлийн үйлчилгээнүүдийн нэг нь шилжилт хөдөлгөөний бүртгэл юм.
-Оршин суух хаягийн бүртгэлгүй иргэнийг сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэдэг үү?
-Тухайн сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэдэг.
-Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд хэчнээн иргэн саналаа өгөх бол?
-УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт явуулах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад 2021 оны хоёрдугаар сарын 25-ны байдлаар 122 600 орчим сонгогч бүртгэгдсэн.