Мэдээлэл өгсөн ажилтнуудад хариуцлага хүлээлгэдэг жишиг тогтов уу
Цөөнгүй сэтгүүлчээс цар тахлын үед ямар байгууллагаас мэдээлэл авахад хамгийн хүндрэлтэй байгааг тодруулахад УОК, ЭМЯ, БШУЯ, ОБЕГ, ХӨСҮТ, ЦЕГ, нийслэлийн Онцгой комисс зэргийг нэрлэсэн.
Засгийн газар, Улсын онцгой комисс (УОК), ЭМЯ-ныхан коронавирустэй тэмцэхээсээ илүүтэй иргэдийн эрхийг боомилоход түлхүү анхаарч байна. Өөрөөр хэлбэл, олон нийтийн мэдээлэл олж авах эрхийг ноцтой зөрчөөд удлаа. Цар тахлын талаарх мэдээллийг өнгөрсөн жил гаруй хугацаанд ЭМЯ, ХӨСҮТ өдөр бүр хийдэг хэвлэлийн бага хурлаараа өгч ирсэн. Үүнээс бусад үед иргэдэд мэдээллээ ил тод, нээлттэй өгөхөөс зайлсхийж, сэтгүүлчдийг зөвхөн нэг талын эх сурвалжаар нийтлэл, сурвалжилга бэлтгэдэг, тэдний үгийг дамжуулдаг “утсан хүүхэлдэй” болгохыг оролдсоор ирэв. Тэдний энэхүү увайгүй үйлдэл иргэдэд Үндсэн хуулиар олгосон мэдээлэл олж авах, хэвлэн нийтлэх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хязгаарлав. Түүнчлэн уг үйлдэл нь төрийн бусад байгууллагад ч “халдварлаж” эхэллээ. Товчхондоо, төрийн байгууллагынхан цар тахлаар далимдуулан иргэд, олон нийтийн мэдэх эрхэд бүдүүлгээр халдаж байна.
коронавирусийн дархлаажуулалтыг эхлүүлэхээс өмнө хаанаас, хэчнээн тун вакцин оруулж ирэх, эхний ээлжид хэдэн хүн хамруулах гэж буй талаар ЭМЯ, ХӨСҮТ-ийнхнөөс мэдээлэл авахын тулд бараг 14 хоног зарцуулсан. ЭМЯ-ныхан “ХӨСҮТ-өөс дархлаажуулалттай холбоотой мэдээллийг ав” гэнэ. Харин ХӨСҮТ-ийнхөн “Засгийн газраас коронавирустэй холбоотой бүх мэдээллийг нэгдсэн байдлаар өгнө” гээд дуугарахаа больсон.
Засгийн газраас өгсүүлээд яамд, харьяа агентлаг, газар, хэлтсүүд, нийслэл, дүүргийн ЗДТГ-ууд хүртэл үйл ажиллагаагаа иргэдэд мэдээлж, сурталчлахдаа цензур тавих болов. Энэ бүхэн бидэнд ямар хор уршигтай талаар МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн профессор, шинжлэх ухааны доктор М.Зулькафиль “Ардчиллын нэг тулгуур багана бол хэвлэлийн эрх чөлөө. Хэрвээ тухайн орон ардчилсан тогтолцоотой бол чөлөөт хэвлэлтэй байх ёстой. Түүгээр дамжуулан иргэд мэдээлэл олж авах, аливаа асуудалд олон ургалч үзлээр хандах эрхтэй байна. Ингэж гэмээнэ тухайн орныг ардчилсан статустай гэдгийг дэлхий дахин хүлээн зөвшөөрдөг. Гэтэл сүүлийн үед эрх баригчид цар тахлаар далимдуулан хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах болсон. Энэ бол байж болохгүй асуудал. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид нэгдэн, дуу хоолойгоо илэрхийлж, өөрсдийнхөө, олон нийтийн мэдэх эрхийн төлөө тэмцэх хэрэгтэй. Эс бөгөөс төрөөс хэвлэл мэдээллийн байгууллагуудад 1990 оны өмнөх шиг Хэвлэл хянах газрын дэгийг тогтоохыг оролдож байхыг үгүйсгэхгүй. Эрх чөлөөт орны иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан Засгийн газар, удирдах бусад дээд түвшний байгууллагын үйл ажиллагаа, төсөв, санхүүд хяналт тавих эрхтэй. Өөрөөр хэлбэл, хэвлэлийн эрх чөлөөт байдал хяналтын үүргийг давхар гүйцэтгэдгийг нийтээр мэдвэл зохилтой. Гэтэл өдгөө наад захын жишээ дурдахад, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжлийн бус төлөөлөгч ард иргэдэд эрүүл мэнд, боловсрол, үйлчилгээний зэрэг бүх салбарын мэдээллийг өгч байгаа нь утгагүй. Түүнийг нь үнэн гэдэгт итгэхэд ч бэрх. Бүр болоогүй ээ, Засгийн газар, УОК-ын хуралдааны үеэр мэргэжлийн редакцуудыг төлөөлж очсон сэтгүүлчдийн асуултад тэр хэвлэлийн төлөөлөгч гэх хүн ямар эрхтэй гэж дур мэдэн хариулт өгөөд байна вэ. Андуу ташаа мэдээлэл өгсөн бол хариуцлагыг нь хэн хүлээх вэ” гэсэн юм.
Цөөнгүй сэтгүүлчээс цар тахлын үед ямар байгууллагаас мэдээлэл авахад хамгийн хүндрэлтэй байгааг тодруулахад УОК, ЭМЯ, БШУЯ, ОБЕГ, ХӨСҮТ, ЦЕГ, нийслэлийн Онцгой комисс зэргийг нэрлэсэн. Тухайлбал, Тээврийн цагдаагийн албаныхан зам, тээврийн ослын мэдээллийг ч сэтгүүлчдэд өгөхөө больсон гэнэ. Тэр дундаа нийслэлд өнгөрсөн сарын 11-23- нд тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын үед нэг ч албан тушаалтан нь хэвлэлийнхэнд мэдээлэл өгөөгүй. Учрыг тодруулахаар “ЦЕГ-аас осол, гэмтлийн мэдээнүүдийг нэгтгэж дуусахаар албан ёсоор хэвлэлийнхэнд мэдээлнэ” гэдэг. ЦЕГ-ынхнаас нь энэ талаар тодруулахаар хариу өгдөггүй. Гол учир нь мэдээлэл өгсөн албан тушаалтнууд, мэргэжилтнүүдийг буруу зөрүү ярьсан гэх үндэслэлээр арга хэмжээ авдаг болсон гэнэ. Тиймээс ажилтнууд нь даргын зөвшөөрөлгүй ам нээхгүй хэмээн аргаа барахдаа учирлах. Нийслэлийн Онцгой комиссынхон хүртэл Шуурхай штабынхнаа дарамталж, хэвлэлд мэдээлэл өгсөн хүмүүсээ “донгоддог” сурагтай. Авлигатай тэмцэх газрынхан ч адил аж. Хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан иргэдэд ажлаа тайлагнасан албан тушаалтан, мэргэжилтнүүдээ дарамталдаг учраас ажилтнууд нь сэтгүүлчдээс зугтдаг болжээ. Ялангуяа хүчний байгууллагынхан ажилтнуудаа хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөд яриаг нь тагнаж, чагнадаг болсныг сэтгүүлчдэд учирласан байна.
Манай сонин коронавирусийн дархлаажуулалтыг эхлүүлэхээс өмнө хаанаас, хэчнээн тун вакцин оруулж ирэх, эхний ээлжид хэдэн хүн хамруулах гэж буй талаар ЭМЯ, ХӨСҮТ-ийнхнөөс мэдээлэл авахын тулд бараг 14 хоног зарцуулсан. ЭМЯ-ныхан “ХӨСҮТ-өөс дархлаажуулалттай холбоотой мэдээллийг ав” гэнэ. Харин ХӨСҮТ-ийнхөн “Засгийн газраас коронавирустэй холбоотой бүх мэдээллийг нэгдсэн байдлаар өгнө” гээд дуугарахаа больсон. Үүний учрыг тодруулахад, Засгийн газар, УОК-оос зөвшөөрөлгүйгээр, тэр дундаа вакцинтай холбоотой мэдээллийг задруулахыг ЭМЯ, ХӨСҮТ-ийнхөнд хориглосон байв. Халдварт өвчний үеийн зөвлөмж, мэдээлэл, дархлаажуулалттай холбоотой асуудлыг өнгөрсөн хугацаанд ЭМЯ, ХӨСҮТ-ийнхөн хариуцаж, Дархлаажуулалтын тухай хуулийнхаа дагуу зохион байгуулсаар ирсэн. Гэтэл цар тахлын үед коронавирусийн вакцины зөвлөмж, урхаг, хүндрэлийн талаарх мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийнхэнсэтгүүлчдэд өгч буй нь утгагүй. Улстөрчид хэзээнээс эрүүл мэндийн салбарынхны ажлыг энэ мэт хийдэг болчихов.
Коронавирусийн вакцинд өдгөө хүн амаа хамруулж буй улс орнууд дархлаажуулалтыг эхлүүлэхээс бараг сарын өмнөөс иргэддээ энэ талаарх зөвлөмж, мэдээллийг нээлттэй өгч байна. Цаашлаад хэчнээн төгрөгөөр, хаанаас, ямар шугамаар вакцин оруулж ирж буйгаа дэлгэрэнгүй тайлагнах. Харин манайд энэ бүхэн хаалттай. Хүн амынхаа 60 хувийг вакцинжуулна гэж мэдээлсэн болохоос биш, хэдэн төгрөг үүнд зарцуулах, хэдий хугацаанд иргэдээ дархлаажуулах төлөвлөгөөгөө нарийвчлан мэдээлээгүй. Эдгээр мэдээлэл хэт хаалттай байгаагаас иргэд дархлаажуулалтад хамрагдахаас эмээж, цаашлаад вакцин тариулах нь маш аюултай гэх мэдээлэл хүртэл олон нийтийн дунд тархах болов. Бас ямар хариу урвал үзүүлж буйг вакцин тариулсныхаа дараа сая л мэдэж байх жишээтэй.
Түүгээр ч зогсохгүй өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын сангуудаас хандивласан мөнгийг юунд зарцуулсныг холбогдох байгууллагынхан өдий хүртэл тайлагнаагүй. Коронавирусийн оношлуур, эм, тариа, тоног төхөөрөмж хэчнээн төгрөгөөр худалдан авав. Хэдийг нь гадаадынхны хандиваар нийлүүлэв, бүү мэд.
Эрүүл мэндийн салбарынхан халдварт өвчний үед хамгийн нээлттэй, өмнөхөөсөө ч илүү мэдээлэл, зөвлөмжөөр иргэдийг “бөмбөгдөх” ёстой атал яагаад ийн дуугаа хураачихав. Энэ нь Засгийн газраас өнгөрсөн сард Эрсдэлийн үеийн мэдээлэл, харилцааны түр хороог дэргэдээ байгуулж, үйл ажиллагааг нь тусгай сангаас санхүүжүүлэх болсонтой холбоотой. Өөрөөр хэлбэл, цар тахалтай холбоотой мэдээлэл, зөвлөмж, шийдвэрүүдийг тус хороогоор дамжуулан иргэдэд мэдээлэх болсон. Харин үүнийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Удирдах зөвлөлийнхөн эсэргүүцэж, мэдэгдэл гаргав. Тэд “Эрсдэлийн үеийн мэдээлэл, харилцааны түр хороо байгуулснаар төрийн мэдээллийг иргэдээс нуух, хэвлэл мэдээллийн байгууллагад цензур тогтоох, эх сурвалжийг хуулийн хариуцлагаар айлган сүрдүүлэх боллоо. Тодруулбал, цар тахлын үеийн нийгэм, эдийн засагтай холбоотой мэдээллийг цаанаас өгсөн чиглэлийн дагуу зөвхөн нэг сувгаар дамжуулж буй бөгөөд уг бүтцэд төрийн яамд, агентлагийн дарга нар багтжээ.
Энэ нь Хэвлэл мэдээллийн эрх, чөлөөний тухай хуулийн 3.2 дахь хэсэг буюу “Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх, мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй” гэж заасныг илтэд зөрчсөн. Түүнчлэн Үндсэн хуулиар иргэнд олгосон төрийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг хайх, хүлээн авах, хэвлэн нийтлэх эрх чөлөөг боогдуулж буйг цаашид хүлээн зөвшөөрөхгүй. Иргэдийг халдварт өвчнөөс сэргийлэх, ташаа мэдээллээс хамгаалах нэрийн доор зөвхөн төр, засгийнхны тогтоосон үнэнийг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдэд тулган, хүлээлгэж буй нь дарангуйллын нэг хэлбэр юм. Цаашид эл үзэл, хандлага тогтох аюултай. Хүний эрх, эрх чөлөөг зөвхөн дайн байлдаан, гамшиг, онц байдлын үед тодорхой хэмжээгээр хязгаарлахыг хуульчилсан атал халдварт өвчний жам ёсны үр дагавраар халхавчлан үүнээс давсан дүрэм, журам гаргасныг эсэргүүцэж байна. Тиймээс Засгийн газраас энэхүү зохисгүй үйлдлээ зогсоохгүй бол Үндсэн хуулиар олгосон хүний язгуур эрх ашиг, хараат бус сэтгүүл зүй, чөлөөт хэвлэлийн төлөө Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийнхэн тэмцэж, дараагийн шатны арга хэмжээг авна” гэв.