Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ нэгдүгээр сард (хоёрдугаар сарынх гараагүй) өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.4 хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, тус индексийг бүрдүүлж буй бэлэн хувцас, гутал, хүнсний бараа, ус, хувцас, архи, согтууруулах ундаа, эм, тариа зэрэг 10 гаруй бүлгийн бүтээгдэхүүнээс 2020 оны 1-2 дугаар сард 1000 төгрөгөөр худалдан авч байсан нь өдгөө 1024 болсон гэсэн үг. Тэгвэл зах зээлд дийлэнх барааны үнэ ханш сүүлийн нэг жилийн хугацаанд нэлээд өндөр дүнгээр нэмэгдээд байна.
Энэ хугацаанд ханш нь хамгийн их өссөн хүнсэнд жимс, жимсгэнэ, нарийн ногоо, өндөг, цагаан идээ багтжээ. Тодруулбал, нэг жилийн өмнөхөөс өргөст хэмх, улаан лооль, чинжүү, алим, жүрж, нимбэг болон бусад нарийн ногооны үнэ нэг кг нь 20-30 хувиар нэмэгдсэн бол өндгийг 470-500 төгрөгөөр борлуулж буй нь бараг 40 хувиар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн 2020 оны хоёрдугаар сарынхаас шар тос, ааруул, өрөм, аарц, цөцгийн тосны өртөг 30 хүртэлх хувиар дээшилжээ. Улмаар нэг кг шар тосны үнэ 28 000, ааруулынх 25 00, өрмийнх 22 000, дотоодод үйлдвэрлэсэн 200 грамм цөцгийнх 5500 төгрөгт хүрсэн байна. Импортоор оруулж ирдэг цагаан, бор, шар будаа, ургамлын тос, зарим төрлийн гоймонгийн кг болон нэг боодлынх нь өртөг сүүлийн зургаан сард 300-500 төгрөгөөр нэмэгдсэнийг борлуулагчид хэлэв.
“Барс” захад хүнсний бүтээгдэхүүн худалдагч Г.Амартайван “Манайх импортын 20 гаруй нэрийн хүнсний бараа зардаг. Нөөшилсөн загас, гоймон, хоол амтлагч, цуу, будаа, элсэн чихэр зэрэг бүх бүтээгдэх үүний үнэ бараг сар, улирал тутам 50-100 төгр өгөөр нэмэгдсээр байна. Үндэсний үйлдвэрлэгч “Batsol”-ын далайн байцайны үнэ ч жилийн дотор 1000 төгрөгөөр өсөн өдгөө 3500-гаар борлуулж буй. Бид импортын бөөний төв үүд, үйлдвэрлэгчээс нь бараагаа татаж, 100-200 төгрөг нэмж зардаг. Яагаад бүтээгдэхүүний үнэ тогтмол өсөж байгаагийн учрыг мэдэхгүй. Бодвол үйлдвэрийн үнэ төдийгүй татвар, тээврийн зардал нь тогтмол нэмэгдэж буй юм болов уу” гэв. Мөн тэрбээр бүх төрлийн будаа, ургамлын тосны нэмэгдсэн өртгийн болон гаалийн татварыг чөлөөлсөн ч үнэ нь хямдрааг үй, улам ахисан гэдгийг дурдав. Үүнээс гадна ундаа, усны үнэ ч нэмэгджээ. Тухайлбал, энэ он гарснаас хойш “Тэрэлж”, “Сэлэнгэ” нэрийн ундаа нэг сав нь 200, “Түмний ундаа”, “Хүслийн ундаа”-ны үнэ 100 төгрөгөөр өссөн аж.
Хоёрдугаар сарын дөрөвдүгээр долоо хоногт нийслэлийн дийлэнх зах, худалдааны төвд хонины, ястай мах нэг кг нь дунджаар 10 248, үхрийнх 12 466 төгрөг байсан нь үхрийн ястай махных өмнөх долоо хоногийнхоос 0.2 хувиар буурсан дүн болсныг Нийслэлийн статистикийн газар мэдээлэв. Мөн үхрийн цул, нэг кг махыг 13 000 төгрөгөөр борлуулсан нь нэг долоо хоногт нэг хувиар хямдарсан үзүүлэлт аж. Харин хонины цул махны үнэ 150 орчим төгрөгөөр нэмэгдэн 11 000 төгрөгт хүрсэн гэв. Махны үнэ тухайн дэлгүүр, худалдааны төвийн байршлаас хамаарч кг тутамдаа 1000-2000 төгрөгийн зөрүүтэй байжээ. Хоёрдугаар сарын 21-28-нд монгол байцайны үнэ өмнөх долоо хоногийнхоосоо 2.8 хувиар өсөж 1900-2000, хүрэн манжингийнх 1.4 хувиар нэмэгдэн 2500-гаар зарагдсан бол бусад ногоо, гурилынх тогтвортой байсныг дээрх газрын тайланд дурдсан бөгөөд нэг жилийнх нь өсөлтийг зургаар үзүүллээ.
Эмийн сангуудаар борлуулж буй халуун бууруулж, үрэвсэл дарах үйлчилгээтэй уусмалуудын үнэ ч жилийн дотор 500 гаруй төгрөгөөр нэмэгдэн үйлчл үүлэгчдийн сайн мэдэх “Терафлю”, “Тайлол хот” нэг уут нь 2800, 1600 төгрөгт хүрчээ. Чингэлтэй дүүргийн I хороон дахь “Гэр бүлийн эмийн сан”-гийн эмзүйч Б.Оюунцэцэг “Коронавирус дэгдсэн жил гаруйн хугацаанд ариутгалын спиртээс эхлүүлэн халуун бууруулах үйлчилгээтэй уусмалууд, чацаргана, аньсны шүүс, үрэл болон аминдэмүүдийн бөөний үнэ 20-30 хувиар нэмэгдсэн. Иргэдийн хамгийн их худалдан авдаг “Терафлю”-г энэ долоо хоногоос 3000 төгрөгөөс дээш үнээр зарахгүй бол ашиггүй болох нь. Үнэ нь бараг 40 хувиар өснө гэсэн үг” хэмээв. Эндээс харахад инфляцыг тодорхойлогч бүтээгдэхүүний сагсан дахь 12 бүлгийн бараа, үйлчилгээнээс өнгөрсөн арваннэгдүгээр сард ус, цахилгаан, түлшний үнийг төрөөс тэглэж, хямдруулсныг эс тооцвол бусдынх нь өртөг жилийн хугацаанд 10-аас дээш хувиар нэмэгджээ.