Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг PCR шинжилгээний иж бүрэн лабораторитой боллоо. “Оношилгоо, зайн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд эл цогц лабораторийн 19 төрлийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдийг хүлээлгэн өгчээ. Түүнчлэн ажиллах эмч, мэргэжилтнүүдийг ч сургаж бэлтгэсэн байна. Уг төслийг “Рио тинто” компанийн 1.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар НҮБ-ын Хүн амын сан, “Оюутолгой” компани хамтран хэрэгжүүлж буй аж. Монгол Улсын худалдаа, эдийн засгийн гол зангилаа болсон хил орчмын бүс нутаг олон улсын жишигт нийцсэн лабораторитой болсон нь ачаа тээврийг тасралтгүй нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтойг албаныхан онцлов. Ялангуяа цар тахлын үед ачаа тээврийг хэвийн үргэлжлүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа 1000 гаруй жолоочийг шинжилгээнд тогтмол хамруулахад уг лабораторийг ашиглах нь. Энэ лабораторид коронавирусээс гадна үүсгэгч нь тодорхойгүй бүх төрлийн вирусийг оношлох боломжтой гэнэ. Тэр дундаа томуу, томуу төст өвчин, антибиотикт тэсвэртэй сүрьеэ, бэлгийн замын халдвар, элэгний В, С вирусийг эрт илрүүлэхэд чухал үүрэгтэй аж. “Үүнээс өмнө Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт лабораторийн цогц тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн. Улаанбаатарт зохион байгуулсан “Нэг хаалга, нэг шинжилгээ” аяны үеэр Улсын хоёрдугаар төв эмнэлгийнхэн “Рио тинто”- гийн буцалтгүй тусламжаар оруулж ирсэн PCR шинжилгээний тоног төхөөрөмжүүдийг ашиглалаа. Түүнчлэн удахгүй Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд дөрөв дэх лабораторийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгнө” гэж “Рио тинто”-гийн Монгол дахь салбарын харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн менежер Б.Даваасүрэн мэдээллээ.
Бэлтгэсэн: М.Оч