Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны нэгдүгээр сарын А/13 дугаар тушаалаар, Хүнсний эрхийн бичиг олгох тушаал, журамд өөрчлөлт оруулснаар эл үйлчилгээ зорилтот эздэдээ хүрч эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, нийслэлд амьжиргааны баталгаажих түвшин нь 292.5, орон нутагт 310 ба түүнээс доош оноотой буюу нэн ядуу өрхөд хүнсний талон өгдөг болж, шалгуур нь өндөрссөн юм. 2018 он хүртэл уг үйлчилгээнд 52 000 гаруй өрх хамрагдаж байсан бол өдгөө эл тоо 10 мянга орчмоор цөөрчээ. Энэ оны эхний хоёр сарын байдлаар 43 089 өрхийн 235 442 хүн хүнсний талонд хамрагдсаныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Хүнсний эрхийн бичиг олгох тушаал, журамд тун удахгүй дахин өөрчлөлт оруулж, зохицуулалтыг улам нарийн болгох аж. Ингэснээр хүнсний эрхийн бичгээр үйлчилдэг дэлгүүрүүдийг сонгон шалгаруулах шаардлагагүй болж, иргэд хүссэн газраасаа бараа, бүтээгдэхүүнээ авах боломж бүрдэх гэнэ. Ташрамд дурдахад, хүнсний талонд хамрагдаж буй өрхийн нэг хүүхдэд сард 8000, насанд хүрэгчдэд 16 000 төгрөгийн дэмжлэг үзүүлдэг. Цар тахлын үед амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдийн нийгмийн хамгааллыг дэмжих зорилгоор Засгийн газраас 167 дугаар тогтоол баталж, уг мөнгөн дүнг өдгөө хоёр дахин нэмэгдүүлэн олгож байна. Зарим тоон мэдээллийг хүргэе.