Арменийн Ерөнхий сайд Никол Пашиняныг огцрохыг шаардсан сөрөг хүчнийхний эсэргүүцлийн жагсаал нийслэл Ереван хотод эхэлжээ. Энэ талаар РИА Новости агентлаг мэдээлэв. Жагсагчид "Бүгд Найрамдах Талбай" метроны буудлаас гараагаа эхэлж, Цагдаагийн ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлын байруудыг чиглэн жагсжээ. Замдаа жагсагчид: "Николагүй Армен" гэж хашхирч байв.
Агентлагийн мэдээлж буйгаар уг жагсаалыг зохион байгуулагчдын нэг сөрөг хүчний “Дашнакцутюн” намын төлөөлөгч Ишхан Сагателян "улс оронд дарангуйлал тогтоохоос" урьдчилан сэргийлэх үүднээс Пашинянгийн тушаалыг дагахгүй байхыг цагдаагийн байгууллагад уриалжээ.
Уулын Карабахад гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурсантай холбогдуулан Арменид Ерөнхий сайд Никол Пашиняныг огцрохыг шаардсан сөрөг хүчний нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал явах болсон. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 10-нд Армен, Азербайжан, ОХУ-ын удирдагчид Уулын Карабахад гал зогсоох болсон тухай хамтарсан мэдэгдэл хийсэн юм. Азербайжан, Армени хоёр байлдааны ажиллагааг зогсоож, эзэлсэн байрлалдаа үлдэн, олзлогдогсдыг солилцохоор болсон билээ. Тохиролцооны дагуу Арменийн тал Келбажар, Лачин, Агдам дүүргүүдийг Баку руу буцааж өгөх ёстой болсон юм. Үүнээс гадна Оросын 1960 цэрэг, 90 хуягт тээвэрлэгч, 380 техник хэрэгсэл Карабахын Лачинский хоолойд энхийг сахиулахаар орсон. 2021 оны нэгдүгээр сарын 11-нд Москвад Путин, Алиев, Пашинян нарын оролцоотой гурван талт хэлэлцээр болсон бөгөөд дөрвөн цөг үргэлжилсэн уг хэлэлцээрийн үр дүнд Уулын Карабах хотыг хөгжүүлэх талаар хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зуржээ.